
• Хүүхэд 18-24 сартайдаа 200 орчим голлон хэрэглэгддэг үгээ мэддэг болно. 18-20 сартайдаа хүүхэд өдөрт 10 орчим үг шинээр сурч байдаг, магадгүй зарим нь цаг тутам шинэ үг сурч байгаа. Тийм болохоор яриаг нь сайн ажигла!
• Хоёр насныхаа төгсгөл хэсэг рүү үгийн баялаг нь гэнэт эрс ихсэж бүр 2-3 үгтэй өгүүлбэр хэлж эхэлнэ. Дуу дуулах гэж оролдоно. Хувь хүний хувьд өөрийгөө ойлгох процесс явагдаж, юунд дуртай, юунд дургүй, юу хүсч, юу бодож буйгаа ярьж эхэлнэ. Эзэн бие заасан үг хэрэглэхдээ будилж эзэнгүйдүүлэн “бөмбөг тоглоно” гэх зэргээр ярина.
• 25- 36 сартайдаа хүүхэд ярих аргаа олох гэж их юм болноо. Гэхдээ их удалгүй учраа олчихно. Би, миний, чиний зэрэг биеийн төлөөний үгийн ялгааг гаргаж ярьдаг болж, үгийн баялаг нь 300 хүрнэ. Нэр үг, үйл үг хоршуулан ашиглаж “би бөмбөгөөр тогложийно” гэх мэтийн бүтэн өгүүлбэрээр ярьдаг болно.
• Гурван нас хүрэх үеэс эхлэн хүүхэд хүнтэй хэсэг хугацаанд ярилцах чадвартай болж, дууны өнгө, үгээ сонгож ашиглаж чаддаг болдог. Энэ насны хүүхдүүд хоорондоо маш энгийн үгээр ойлголцоод байдаг. Харин томчуудтай ярилцахдаа нилээд эмх цэгцтэй томьёолон ярьж эхэлнэ. Ярьж хэлэх нь илүү тод ойлгомжтой болж, нас, нэрээ хэлдэг болно.
„Хэл сурах“ процесс “хэлийг бодитой мэдэрч” байж л явагддаг зүйл юм. Тиймээс бүр багаас нь нялх хүүхэдтэй ярилцаж, тэднийг хооллох, хуурайлах, хувцаслах зэрэгтээ яг одоо юу хийж байгаагаа тайлбарлан ярьдаг байх хэрэгтэй. Хүүхэд тань ямар нэг дуу авиа гаргаж, эсвэл зүгээр үйл хөдлөлөөрөө хариулж байвал та инээмсэглэн хариулж байгаарай. Хүүхдийнхээ алдаатай хэлсэн үгийг сайжруулах гэж засаж хэлж өгөн түүнд саад хийж хэрхэвч болохгүй шүү. Ийм үйлдэл нь тэднийг дооглох мэт сэтгэгдэл төрүүлж, ярих эрмэлзлийг нь мохоодог. Хэлснийг нь зүгээр жаахан сайжруулаад давтахад л болоо. Яриаг нь ойлгоогүй бол ойлгосон дүр эсгээд байх хэрэггүй. Асуултанд нь хариулж, та өөрөө санаачлан яриаг хөгжөөх байдлаар шинэ зүйлс, үгэнд анхаарлыг нь хандуулж байвал сайн.
Хүүхдэд юм уншиж өгөх нь хэлийг нь хөгжүүлэх хамгийн шилдэг арга байдаг. Дуу болон хурдан хэллэгүүд хэл сурахад тун их хэрэг болдог. Маш энгийн нэг жигдхэн хэмнэлээрээ хөгжөөнтэй бадгууд нь хүүхдийн анхаарлыг татаж, санах чадварыг дээшлүүлдэг. Дуу дуулах үедээ хүүхдүүд шинэ үг, түүний зөв дуудлагыг хялбарханаар тогтоогоод авдаг.