Калифорнийн их сургуулийн эрдэмтэд түргэн хоол, хэт их ачаалалтай ажил, зогсоо чөлөөгүй урсах мэдээллийн их урсгал, мэдээллийн хэрэгсэл орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндийг муутгадаг гол хүчин зүйлс хэмээн мэдэгдэв. Эдгээрээс үүдэлтэй хүмүүсийн сэтгэл санаа хямарч, биеийн ерөнхий эрүүл мэнд мууддаг гэнэ. Энэ гурван хүчин зүйлд аль болох бага л орон зай зарцуулах юм бол арай өөдрөг, эрч хүчтэй амьдарч болно гэж зөвлөв.
“Бид хангалттай олон янзын хувцастай. Гэтэл хангалттай хоол ундгүй” хэмээн санууллаа. Байнга шунан дурлах, баясах, таашаал авах мөн чанараасаа болоод хүн илүү ихийг үргэлж хүсэж байдаг. Тэр хэрээрээ аливаа зүйлийн тунг хэтрүүлдэг талтай. Хямд, түргэн хоол хүний өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээг даруй 1000-аар нэмдэг.
Харин илүү сайхан амьдрах хүсэлдээ хөтлөгдөөд, сайн цалин авахын тулд илүү цагаар ажилладаг. Энэ нь сэтгэл зүй, оюун ухааны хувьд таныг сульдааж, эрүүл мэндийг балладаг. Амьдралд урсан өнгөрч байгаа агшин хором бүхнийг алдчих гэж байгаа юм шиг, ямар нэг уралдаанд орж байгаа мэт цаг наргүй ажиллах нь эрүүл саруул, эрч хүчтэй амьдралын дайсан гэдгийг санах хэрэгтэй. Ажил, амралт хоёрыг эн тэнцүү зохицуулах нь өнөө маргаашийн олж байгаа цалин мөнгөнөөс хамаагүй үнэ цэнтэй.
Өнөөгийн нийгэмд мэдээлэл хаанчлалаа тогтоожээ. Хүнд лантуугаар нүдэх мэт зүсэн зүйлийн мэдээлэл бидний тархи руу балбан урсдаг болсон. Гэтэл эрдэмтэд идэх хоол болоод сонсох, хүлээж авах мэдээллийг багасгаснаар хүний мэдрэлийн систем, биеийн ерөнхий дархлаа сайжирч байгааг нотолсон байна.
Сүүлийн 30 жилд хүн төрөлхтний амьдралын хэв маягт гарсан тоо томшгүй өөрчлөлт, өөрсдийн гараараа бүтээсэн хөгжлийн их давалгаа тэдний эрүүл мэндийг сүйтгэх болжээ гэдгийг дээрх эрдэмтэд сануулсан юм. Зав чөлөөгүй нийгмийн амьтан болсон хүмүүс стресс, ядагаатайгаа яаж зөв тэмцэхээ ч мэддэггүй. Мэргэжилтнүүд дараах зөвлөгөөнүүдийг өгч байна.
-Гэр бүлдээ илүү цаг гаргаж, амьдралын чинь хамгийн үнэт зүйл энэ гэдгийг ойлго. Үр хүүхэд ажлаас илүү чухал гэдгийг ухаарч, хэтэрхий олон цагийг ажил дээрээ, эсвэл гадуур явж өнгөрөөлгүй халуун бүлээрээ ширээ тойрон суугаад хоолло.
-Аливаа зүйлийг худалдаж авахын өмнө сайн бод. Энэ үнэхээр надад хэрэгтэй зүйл мөн үү гэдгийг тунгаа.
-Хэт их хоол бүү ид. Аль болох эрүүл, хөнгөн хоолло.
-Өдрийн тодорхой нэг хугацаанд гар утсаа унтраагаад, орчноос түр тусгаарлагдан, элдвийн мэдээллээс түр ангижран өөртөө цаг гарга. Урсан өнгөрч байгаа амьдрал, цаг хугацаа чамайг хүлээхгүй. Харин хэн нэгний дуудлага, мессеж таныг хүлээж л байна.
-Бэлэг зөвхөн материаллаг зүйл байдаггүй. Амьдралын баяр баясгалан, аз жаргал, хөөр баяр, дотно дулаахан инээмсэглэл гээд таны сэтгэлд солонго татуулах өч төчнөөн сайхан бэлэг бий. Эргэн тойронд чинь дүүрэн бий.