Монгол Улсын ууган сургуулиудын нэг Сүхбаатар дүүргийн III сургуулийн хичээлийн шинэ байр өнөөдөр ашиглалтад орлоо. Ингэснээр Монгол Улс анх удаа европ стандартын дагуу баригдсан ерөнхий боловсролын төрийн өмчийн сургуультай болж байгаа юм. Сургуулийн шинэ байр 960 хүүхдийн суудалтай. Энэ нь хоёр ээлжээр 2000 гаруй хүүхэд хичээллэх боломжтой аж. Гэхдээ энэ онд тус сургуульд сурах сурагчдын тоо 1500 орчим. Өмнө нь 1800 гаруй сурагчтай байсан ч гурван жилийн хугацаанд хичээллэх байргүйгээс хоёр сургууль дамжин суралцдаг байх үед 300 гаруй хүүхэд шилжин, сургуулиа сольжээ. Харин сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо гэх сургаар энэ сургуульд суралцах хүүхдийн тоо дахин нэмэгджээ.
Байгуулагдсан цагаасаа буюу 1921 оноос хойш III сургууль ийнхүү хичээлийн дөрөв дэх байрандаа үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ удаагийн шинэ барилга нь европ стандартын сургууль гэдгээрээ онцлог. Товчхондоо барилгын зохион байгуулалт нь загварлаг, тохь тухтай аж. Урлаг, спорт заал тус бүрдээ шүршүүртэй. Спорт заалны хувьд модон шалтай бөгөөд үүн дээрээ тусгай зөөлөвч дэвсэж өгчээ. Ингэснээр хүүхэд спортын тэмцээнээр өрсөлдөж байхдаа унасан ч гэмтэхгүй гэдгийг багш нар ярьлаа. Мөн давхар бүртээ ариун цэврийн газартай. Мөн цайны газар нь ч сургуулиар дамжихгүй шууд гаднаасаа ордог хаалгатай юм байна. Тэндээ ахлах тогоочийн болоод хувцас солих өрөөнүүдтэй аж. Сургуулийнхаа голд тохижуулсан задгай талбайтай. Уг талбайд сурагчид хичээлийн завсарлагаанаар амрах, анги хамт олноороо янз бүрийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой гэнэ. Мөн хоёр, гуравдугаар давхартаа голдоо байх задгай талбайн дээгүүр корпус хооронд дамжих тунелтэй юм байна. Ерөнхийдөө барилгын хувьд коридор, амралтын талбай ихтэй, хүүхдийг гүйж тоглох зайг сайтар гаргаж өгсөн тухай сурагчид сэтгэл хангалуун байв.
Ерөнхий боловсролын III дунд сургуулийн шинэ барилгыг барихад нийтдээ 7.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Ингэхдээ 6.5 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, үлдсэн нэг тэрбумыг нь нийслэлийн төсвөөс гаргасан байна. Ямартай ч гурван жилийн өмнө сургуульгүй бусдын сургуулийг хуваалцан, хүнд нөхцөлд хичээллэж байсан сурагчид өнөөдөр саруулхан, тохь тухтай шинэ анги танхим, ая тухтай орчинд хичээллэх болсондоо баяртай байлаа. Төсөв хөрөнгө нь шийдэгдэхгүй хугацаа алдсан ч, гүйцэтгэгч компани маш богино хугацаанд ажиллаж, барилгыг өнөөдөр ашиглалтад оруулсанд сургуулийн захиргаа талархалж буйгаа илэрхийллээ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД