“Давхар дээл”-ээр судлаачид юу гэв?

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

“Давхар дээл”-ээр судлаачид юу гэв?

Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр ирүүлсэн Засгийн газрын зургаан гишүүний томилох тухай Ерөнхий сайдын албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирүүлсэн хариуны талаар зарим улс төр судлаач, доктор, профессоруудаас тодруулга авлаа.


Удирдлагын академийн дэд профессор, Хууль зүйн ухааны доктор (Dr.jur) Д.Сүнжид

-Засгийн газрын гишүүдийг томилох тогтоолын төсөлтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн зүгээс өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр УИХ-ын гишүүн ямар учраас Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэх нь зохисгүй вэ?

-Төрийн эрх мэдлийг яагаад хуваарилах хэрэгцээ шаардлага үүссэн тухай болон түүний үр нөлөө, ач холбогдлыг дурьдах нь зөв байх. Нэгэнт хүн болгон бурхан биш байдагтай адил төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч институт ч төгс биш. Тиймээс төрийн эрх мэдлийг нэг субьект буюу нэг институтэд төвлөрүүлэх нь эрх мэдлийн хязгааргүйд тэмүүлж, ямар нэг байдлаар дарангуйлалд хүргэдгийг улс орнуудын түүх харуулдаг.

-Та дарангуйллын талаар ярилаа. Уншигчдад илүү ойлгомжтой талбар өгөөч?

-Төрийн эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилагддаг. Эдгээр нь хоорондоо уялдаа холбоотой, тэнцвэртэйгээр үйл ажиллагаа явуулж, харилцан хяналтыг хэрэгжүүлж, хариуцлагыг бие даан хүлээх нь хүний эрх, эрх чөлөөний баталгаа, эрх зүйт төрийн оршин тогтнох суурь болдог. Төрийн эрх мэдэл хуваарилах онолыг сонгодог байдлаар цэгцтэй боловсруулсан Францын хуульч, сэтгэгч Ш.Л.Монтескье 1748 онд "Хуулийн амин сүнс" бүтээлдээ төрийн эрх мэдлийг төвлөрүүлсэнээс үүсэх үр дагаврыг маш оновчтой илэрхийлсэн байдаг.

-Харин Монгол Улсын одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд төрийн эрх мэдэл уялдаа холбоогүй, тэнцвэргүй байна гэж үзэж болох уу?

-Монгол Улс ч энэ онолд суурилан 1992 оны Үндсэн хуульдаа УИХ, Засгийн газар, Шүүх институтын эрхлэх асуудал, хариуцах чиг үүргийг зааглан тогтоосон ч 2000 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, … хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах Үндсэн хуулийн үзэл санаатай нийцэхгүй зохицуулалт болсон. Дэлхийн зарим улсад хууль тогтоох байгууллагын гишүүн давхар гүйцэтгэх байгууллагын гишүүн байдаг зохицуулалт байдаг ч тоо, эзлэх хувийн жингийн ялгааг зайлшгүй харгалзах ёстой. Жишээ нь, Герман 2013 оноос 631 Бундестагийн гишүүнтэй, харин Бундесканцлертай нийлээд 16 сайдаас бүрдсэн Засгийн газартай үйл ажиллагаа явуулж байна. Иймээс тэнд цөөн тооны сайд парламентын маш бага хувийг эзэлдэг. Үүнээс гадна Холбооны улс. Нэг муж улс болох Хамбургт муж улсын хууль тогтоох байгууллагын гишүүн нэгэн зэрэг муж улсын Засгийн газрын гишүүн байхыг хатуу хориглодог заалттай байдаг. Гэтэл Монголд Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 6-д зааснаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэхээр заасан нь 39 хүн гишүүн хуралд оролцож, түүний олонхи нь болох 20 гишүүн нэг саналтай бол УИХ-ын шийдвэр гарахаар байна.Өнөөдөр Монгол улсын Засгийн газар нь өнөөдрийн байдлаар 16 сайдын бүрэлдэхүүнтэй байгаа нь УИХ-ын шийдвэрийг Засгийн газрын гишүүд бараг дангаараа гаргачих хэмжээнд байгааг харуулж байна. Төрийн бүх л институт нь нийт иргэдийн төлөө хуулиар хариуцуулсан чиг үүргийг хуулиар олгосон орон зайн хүрээнд биелүүлэх үүрэгтэй болохоос сайн дураараа өөртөө эрх олж авах, явцуу ашиг сонирхлын үүднээс давуу тал болгон ашиглах ёсгүй.

-Үүнийг хэрхэн зөв замд оруулах вэ?

-Энд тухайлан хэн гэдэг хүн, ямар институтдээ учир нь байгаа биш, харин үйл ажиллагаа явуулах зарчим, тогтолцоог төлөвшүүлэхдээ асуудал нь оршиж байгаа юм. Ийм ч учраас төрийн эрх мэдлийг төвлөрүүлэхгүйгээр харилцан хяналттай байлгасан тохиолдолд аливаа нэг институтээс, аливаа нэг бүлгээс дур зоргоор үйлдэл хийхийг хязгаарлах, хариуцлага тооцох боломжтой тул УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр нэгэн зэрэг ажиллах нь зохисгүй юм.


Судлаач Ж.Ганбаатар МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн Докторант, АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Хуулийн Магистр

-Засгийн газрын гишүүнийг “давхар дээлтэй” байхаар УИХ-ын гишүүдийн нэрсийг Ерөнхий сайд өргөн мэдүүлснийг та хуульч, судлаач хүний хувьд юу гэж ойлгож байна вэ?

-Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүдээс томилохгүй байх талаар өнгөрсөн хугацаанд багагүй яриа болсныг олон хүн мэдэж байгаа байх. Энэ нь дан дээл, давхар дээл нэрээр егөөдөж нэрлэгдсээр бараг иргэн бүрийн мэддэг сэдэв болсон биз. Үнэн хэрэгтээ хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдэл, хяналт, хариуцлагын тогтолцооны тухай чухал асуудал. Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх мэдэл, засаглалыг тодорхой заасан. Улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хуралд хадгална гэж заасан. Үндсэн хуульд Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн гэж заасан. Төрийн эрх мэдлийг Улсын Их Хуралд хадгалж, төрийн бодлого, хуулийг хэрэгжүүлэн гүйцэтгэх дээд байгууллага нь Засгийн газар. Тэгэхээр Засгийн газрын гишүүд нь Улсын Их хурлын гишүүдээс бүрдээд ирэхээр Улсын Их хурлаас төрийн бодлого хууль тогтоомжийн гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцох механизм сулрах л нөхцөл бүрдэнэ. Угаасаа хяналт хариуцлага сулрах нь тодорой төдийгүй засаглалын хувьд манайд байж болохооргүй юм. Б.Чимэд багшийн “Улс төр-хуульчийн нүдээр” гэж номонд Төр-засаг, Засаг төр гэх ойлголтын талаар хэн ч уншаад ойлгохоор энэ тухай бичсэн байдаг юм. Товчхон хэлбэл, манайхан төрийн эрх барих эрх байгууллага хаана байдгаа ялгахаа больсон, төр гэхээр Улсын Их хурал, засаг гэхээр Засгийн газар гэж ташаа ойлгож байгаа гэдгийг Үндсэн хуульд зааснаар нь энгийн тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл, засаг төр гэдэг хэллэг байдаг бөгөөд Засаг-төрийн Засаг нь Улсын Их хурал юмаа гэж. Тэгэхээр Улсын Их хурал нь засаг- төрийн эрх барих дээд байгууллага юм бол төрийн эрх барих дээд байгууллагаас баталж байгаа төрийн бодлого, хуулийг гүйцэтгэх дээд байгууллага засгийн газрыг бүрдүүлж байгаа сайд нар нь Улсын Их хурлын гишүүд болчихоор болохгүй л дээ.

-Урьд нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн сайд хийгээд болоод ирсэн шүү дээ?

-Энд би хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Нэгдүгээрт, тухайлбал би судлаач хүнийхээ хувьд УИХ-ын чуулганы үйл ажиллагааг үзэж ажиглаж байна. УИХ-ын гишүүдээс асуудал хэлэлцэж байхдаа “Засгийн газар Их Хурлаас дээгүүр гарлаа, хариуцлагагүй байна, захирагдахгүй боллоо” гэх утгатай олон санал, шүүмжлэл гардаг. Та тийм үг, өгүүлбэрийг судлаад үзээрэй. Энэ юу хэлээд байгаа юм бол? Мөн Улсын Их хурал хэлэлцэж буй асуудлаа, хуулийн төслөө олонхийн саналаар шийддэг ийм механизмтай байж сайд-их хурлын гишүүдтэй Улсын Хурал засаглалын эрх мэдэл хуваарилалт, хяналт, хариуцлагыг сайжруулж чадахгүй нь ойлгомжтой.

Хоёрдугаарт, сайд-Засгийн газрын гишүүд нь тухайн салбарын хувьд мэргэшсэн өндөр чадвартай хүн байж тухайн салбарын бодлогыг авч явдаг, төрийн эрх дээд байгууллагаас гаргаж буй бодлого шийдвэрийг, хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын гишүүн шиг байж л бодит байдалдаа ойртоно шүүдээ. Манайд Merit System Principles буюу Чадахуйн тогтолцооны зарчмыг үнэхээр үл ойшоох юм даа. Хүн бүр мэддэг чаддагаараа ажиллаж амьдрах, бас засаг төр нь мэддэг чаддагаар нь төрийн үйл хэргийг удирдуулах, төрийн албан хаагчдаар албыг нь хашуулах, мөн тийм тогтолцоог бүрдүүлэх асуудал чухал. Түүнээс биш тийм тогтолцоог, тийм зарчмыг нийгмийн үнэт зүйл болгож, хууль болгож хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс нь хүртэл эсрэгээр нь яваад байвал амжилт дэвшил хол л байх болно доо. Товчхондоо, УИХ-ын гишүүн гэхээр бүгдийг чаддаг чадахуйн зарчмыг хаана ч хангана гэсэн үг биш биз дээ.

-Гадаадын улс орнуудад ямар байдаг юм бол? Парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх тохиолдол?

-Хүн ам ихтэй, нийгмийн харилцаа их өргөн улс орнуудын Парламент өөрөө бүтцийн хувьд том байдаг. Товчхондоо парламентын олон гишүүнтэй гэсэн үг, ийм тохиолдолд хууль тогтоох эрх мэдлийн санал хураалтад болон бусад парламентын хяналтад нөлөөлөх нь бага үед Засгийн газрын гишүүний үүргийг давхар гүйцэтгэх нь бий. Энд нэг зүйл хэлэхэд парламент ёсны хөгжил, нөгөө л чадахуйн зарчмыг нийгмийн үнэт зүйл болгосон зэрэг нь нөлөөлж байдаг тул давхар дээлтэй байх нь цөөхөн. Түүнээс гадна хяналт-эрх мэдлийн checks and balancing зарчмын хувьд төрийн эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдлийн институт, түүний шийдвэрийг хэрэгжүүлэн гүйцэтгэх эрх мэдэл бүхий Засгийн газар хоёр тусдаа байдаг юм даа.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн ахлах багш, докторант Л.Өлзийсайхан

-Засгийн газрын гишүүдийг хэн томилох нь зөв юм бэ?

-Ерөнхий сайд улс төрийн хувьд Засгийн газрын гишүүнийг УИХ-ын гишүүнтэй давхардуулахгүйгээр оруулж ирэх бүрэн боломжтой. Хуулиар хориглосон зүйл байхгүй. Үндсэн хуулиар Засгийн газар бол хамтын хариуцлага хүлээдэг кабинетын Засгийн газар. Үүний цаана Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн хууль зүйн логик оршиж байгаа юм.

-УИХ болон улс төрийн намууд Засгийн газрыг бүрэлдүүлэх нь ямар үр дагавартай вэ?

-Хэрэв намууд Засгийн газрын гишүүдийг нэрээр зөвшилцөж, түүнийгээ Ерөнхий сайдад тулгавал Үндсэн хуульд заасан Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай заалт хэрэг дээрээ агуулгагүй болно. Нөгөө талаас, хэнтэй зөвшилцөх нь Үндсэн хуулиар хуульчилсан байгааг Ерөнхий сайд санах ёстой. Ер нь парламентын засагтай улсад төр засгийн ажилд улс төрийн намын оролцоо хамгийн өндөр байдаг нэг сөрөг талтай. Энэхүү сөрөг талыг Үндсэн хуулиараа зохицуулдаг.

-Яг ямар сөрөг талтай вэ?

-Засгийн газрыг байгуулахад парламентаас итгэл авсан Ерөнхийлөгч, ерөнхий сайдын оролцоог нэмэгдүүлдэг. Мөн Засгийн газрын гишүүд, сайд нарыг томилоход парламентын оролцоо байхгүйгээр хуульчилсан байдаг. Парламентын гишүүн нь давхар сайд болохыг хуулиар хориглосон байдаг. Гэхдээ зарим оронд парламентын гишүүдийн тооноос хамаараад цөөн тооны сайд парламентад цөөн хувь эзлэх тохиолдол бий. Ер нь нийтлэг аль нэг албан тушаалаа сонгох эрхийг нь нээлттэйгээр зохицуулсан байдаг. Үүний нэг үндэслэл нь ажил хийдэг парламент байх, Засгийн газар улс төрийн бус цэвэр мэргэжлийн Засгийн газар байхыг шаардаж байгаа гэсэн үг. Сайд болох хүн намын гишүүн байх ч шаардлага байхгүй гэсэн үг л дээ. Гол шалгуур нь тухайн салбарын бодлогоо мэддэг, мэргэшсэн, нэр хүндтэй байх нь л чухал.

-Ерөнхий сайд цаашид УИХ-ын гишүүдийн нэрсийг сайдаар томилуулахаар өргөн мэдүүлээд байх хэрэг үү. Энэ байдлыг өөрчлөхийн тулд юу хийх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг давхар хашихгүй гэдэг хуулийг УИХ батлах шаардлагатай гэдгийг энэ улс төрийн үйл явц дахин харуулж байна. 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт, хариуцлагын тогтолцоог алдагдуулах гол үндэслэл болсон юм. Мөн УИХ-ын гишүүдийн олонхи ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж өөрчилсөн. Тэгэхлээр хуралдаанд ирсэн 39 гишүүний 20 гишүүнээр хууль батлагдах боломжтой болсон нь 20 гишүүний олонхи нь Засгийн газар гишүүн байж болох учраас хууль тогтоох эрх мэдэлд гүйцэтгэх эрх мэдэл нөлөөлөх, парламентын автономи байдал алдагдах аюулд хүрнэ.

О.САР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж