
Их Британийн автомашины салбар энэ долоо хоногт хөрөнгө оруулалтын төслүүдийг ар араас нь даллан дуудаж байна. Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани өчигдөр Их Британийн автомашин үйлдвэрлэлийн салбарт 500 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалтын төслийг ирэх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх тухай зарлалаа. Их Британийн “Rolls Royce”, “Mini” зэрэг автомашин үйлдвэрлэгчид дотоодын эдийн засгийг тогтворжуулахад багагүй нөлөө үзүүлдэг бөгөөд сүүлийн үед эдгээр үйлдвэрлэгчдийн борлуулалт улам нэмэгдэх хандлагатай байна. Энэ хүрээнд “BMW” компани“Mini”-ийн шинэ загварын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санхүүжилтийн төслийг зарлажээ. Хөрөнгө оруулалтыг дагаад Их Британид 5000 ажлын байр шинээр бий болох юм.
“BMW”-ийн хөрөнгө оруулалтын төсөл зарлагдахын өмнөх өдөр Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan” компани Их Британийн автомашины салбарт 192 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээ зарлаж, 6,000 иргэдийг ажлын байраар хангах тухай мэдэгдсэн байна. Их Британи дахь “BMW”-ийн эд ангийн гол үйлдвэр Оксфордод, угсрах үйлдвэр Свиндонд, харин хөдөлгүүрийн үйлдвэр нь Бирмингхэмийн ойролцоох Хармс Холлд байрладаг аж. Их Британийн “BMW”-ийн салбар өнгөрсөн 2010 онд 27 сая фунт стерлингтэй дүйцэх хэмжээний автомашин болон автомашины эд ангиудыг хилийн чанадад нийлүүлсэн байна.
Б.Энх