AIBA буюу Олон улсын сонирхогчдын боксын холбооны шинэчлэгдсэн дүрэм боксчдод тун хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд ирэх аравдугаар сард болох ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг тавьсан. Харин энэхүү болзлын дагуу Тайландын нийслэл Бангкок хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 66 тамирчин ДАШТ-д оролцох эрхээ авчээ. Тэдэн дунд Монголоос дөрвөн тамирчин буюу Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар ДАШТ-ийг зорих болсон. Энэхүү тэмцээнээс Азийн наадам, Тайландын эзэн хааны цомын аварга, ОУХМ Д.Отгондалай алтан медаль, Г.Ган-Эрдэнэ, Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртсэн юм.
2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотноо наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны хооронд болсон. 32 орны 231 тамирчин өрсөлдсөн тивийн аваргад манай улсаас есөн ширэн бээлийтэн өрсөлдөж, нэг алт, хоёр хүрэл медаль авсан амжилтаар шагналт IV байрт шалгарлаа. Мөн 66 тамирчин ДАШТ-ийг зорих эрхээ авсан бөгөөд тэдэн дунд манай дөрвөн тамирчин багтсан юм. Энэ удаагийн тэмцээнээс 15 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Казахстан улс тав, Узбекстан, Тайланд тус бүр хоёр, Монгол нэг алтан медаль хүртжээ.
Мөн манай улсаас Азийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгчээр Х.Хас-Эрдэнэ ажилласан байна.
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын Доха хотноо аравдугаар сарын 5-18-нд болох билээ.
Ч.БОЛОР