Сайд нараа томилж амжих уу?

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

Сайд нараа томилж амжих уу?

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 9-11-нд Хятадад болох уул уурхайн чуулга уулзалтад оролцох юм. Энэхүү уулзалтанд зориуд ач холбогдол өгч, гацаанд ороод буй Тавантолгойн төсөл болон уул уурхайн бусад томоохон төслүүддээ хөрөнгө оруулагчдыг татах томоохон алхмуудыг хийнэ гэж төлөвлөж байгаа юм. Гэхдээ энэхүү уулзалтын үеэр ямар нэгэн хэлэлцээрт гарын үсэг зурахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Ерөнхий сайдад явахаасаа өмнө УИХ-аар шийдүүлэх ёстой маш чухал асуудал буй нь орон гарсан зургаан сайд нарын асуудал. УИХ-ын дарга АНУ-ыг зорихоосоо өмнө албан тоот өгч энэ сарын 6-наар хуулийн хугацаа дуусгавар болж буй учраас түүнээс урьдаж зургаан сайд нарынхаа нэрсийг өргөн барихыг анхааруулаад явсны дагуу өнгөрөгч баасан гаригт Засгийн газрын сайдуудынхаа нэрсийг Ч.Сайханбилэг УИХ-ын дэд даргад өргөн барьсан билээ. Үүнээс үүдэн УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдрөөс эхлэн зарлан хуралдуулахаар болоод байна.

Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлыг маргааш /2015.09.08-ны мягмар гариг/ Төсвийн болон бусад байнгын хороогоор үдээс өмнө хэлэлцэж эхлэх бөгөөд 14.00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товложээ.

Тиймээс УИХ-ын чуулганаар дэмжлэг хүлээж чадахгүй бол Ерөнхий сайд явахаасаа өмнө Засгийн газрын зургаан гишүүнээ томилуулж чадахгүйд хүрээд байна. Хэрэв тийм тохиолдолд БНХАУ руу явах айлчлалаа ч цуцалж магадгүй байна.

Л.ХАЛИУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж