Асуултаар дүүрэн намрын улс төр

Хуучирсан мэдээ: 2015.09.07-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Асуултаар дүүрэн намрын улс төр

Асуултаар дүүрэн намрын улс төр

-Түрүүчийн асуултын хариу олдоогүй байхад дараа дараагийн асуултыг тэмдэг нэмэгдсээр байгаа “зугаатай математик” гэхээсээ илүүтэй Монгол төрийн мөн чанарыг бүдгэрүүлж байгаа нь эмгэнэл болоод байна-

Асуултын тэмдэг дагуулсан намрын улс төр үргэлжилсээр. Он гарсаар асуултын тэмдэг дагуулсан олон асуудлын дунд монголчууд амьдарч байна. Тавантолгойн гэрээ зурагдах уу, үгүй юу, эдийн засгийн өршөөл үзүүлэх үү, үгүй юу, МАН засгаас гарах уу, үгүй юу, гэмт хэргийн өршөөл үзүүлэх үү, үгүй юу, Ч.Сайханбилэгийн Засгийн газар элэг бүтэн болох уу, үгүй юу… гээд. Наймдугаар сарын 3-наас 14 хоног чуулсан УИХ-ын ээлжит бус чуулган бас л асуултын тэмдэг үлдээн өндөрлөсөн. Энэ чуулганаар хэлэлцэн баталсан Өршөөлийн хууль хэрэгжих эсэх, орон гарсан зургаан сайдын суудал эзэнтэй болох эсэх гэсэн хоёр том асуулт хариулт нэхсээр намрын сартай золгосон. Тодорхойгүй, эргэлзээтэй байдал хүнийг хамгийн их бухимдуулж, дараа дараагийн шийдвэр гаргах, эмх цэгцэнд оруулах цаг хугацааг уяж орхидог.

Анхны ардчилсан сонгууль явуулж, ардчилсан парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-аас гаргасан Өршөөлийн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан учраас уг хууль хэрэгжих боломжгүй болчоод байгаа. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж захирамж гаргаж өнөөдрөөс УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү чуулганаар томоос том асуултын тэмдэг дагуулаад байгаа Ерөнхийлөгчийн хориг болоод шинэ сайдуудыг томилох асуудлыг хэлэлцэнэ гэдгийг захирамжинд өгүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс өөрийн кабинетийн эзэнгүй болоод байгаа зургаан сайдын суудалд томилох хүмүүсийн нэрсийг өргөн барингуут ээлжит бус чуулган зарлах захирамж гарсан.

Засгийн газрын Шадар сайдад УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар/”Шударга ёс” эвсэл /, Сангийн сайдад УИХ-ын гишүүн Б.Болор/Ардчилсан нам/, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батцэрэг/”Шударга ёс” эвсэл/, Барилга, хот байгуулалтын сайдад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ/”Шударга ёс” эвсэл/, Зам, тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригт/Ардчилсан нам/, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайхан/Ардчилсан нам/ нарын нэрийг Ерөнхий сайд өргөн барьсан юм. Харин эдгээр хүнийг томилохыг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч мэдэгдлээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэмжихгүй байгаа шалтгаанаа УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдыг давхар хаших болж байгаа нь өөрийнх баримталж байгаа зарчимтай харшилж байгаагаар тайлбарласан. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын албыг давхарлуулан хаших нь УИХ Засгийн газраа хянах боломжийг хааж байгаа учраас энэ үзэгдлийг зогсоох хуулийн төсөл өргөн барьсан билээ. Байнгын хороодын түвшинд дэмжлэг аваад байсан энэ хуулийн төсөл нэгдсэн хуралдаанаар олонхийн дэмжлэг авч чадалгүй унасан юм. “Давхар дээл”-ийн хууль хэмээн нэрийдсэн энэ хуулийн төсөл унасан ч Монголын төрийг төгөлдөржүүлэх нэг үндсэн нөхцөл давхар дээлийг тайлах явдал гэж үзэж байгаа байр сууриасаа ухраагүй байгаа гэдгээ Ерөнхийлөгч ийнхүү нотоллоо.

Өнөөдөр эхлэхээр зарлагдсан ээлжит бус чуулганаар хэлэлцэх нөгөө нэг асуудал болох Өршөөлийн хуулийн хоригийн асуудал ч мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн баримталж ирсэн авлигатай хийх тэмцлийг дэмжих байр суурьтай зөрчилдөж байгаа учраас мөн хориг тавиад байгаа билээ. Энэ хуулиар албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан авлигачдыг өршөөлд хамруулахаар багтаасан юм.

Шинээр томилогдох сайдуудын нэрсийг дэмжихгүй гэдгээ Ерөнхийлөгч илэрхийлсэнийг Ерөнхий сайд мөн дэмжихгүй гэдгээ хариу албан бичгээр илэрхийллээ. Шинэ сайдуудын нэрсийг албан бичгээр Ерөнхийлөгчид хүргүүлж, мөн албан бичгээр хариу авсан учраас хуулинд заасан “зөвшилцөх процесс дууссан” гэж үзэж байгаагаа хариу мэдэгдлээ. Ингэснээр өнгөрсөн Баасан гаригаас хойш төрийн ордны нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү шидэлцсэн албан бичгүүд иргэдийн хариултыг нь олж чадахгүй мунгинаж яваа асуултын тэмдгийг нэмлээ.

Түрүүчийн асуултын хариу олдоогүй байхад дараа дараагийн асуултыг тэмдэг нэмэгдсээр байгаа “зугаатай математик” гэхээсээ илүүтэй Монгол төрийн мөн чанарыг бүдгэрүүлж байгаа нь эмгэнэл болоод байна.

Д.НАРАНТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж