Бодлогогүй төрийн сугалаа хэмээх тохуурхал

Хуучирсан мэдээ: 2015.09.06-нд нийтлэгдсэн

Бодлогогүй төрийн сугалаа хэмээх тохуурхал

Бодлогогүй төрийн сугалаа хэмээх тохуурхал

-Энэ жил 30 гаруй мянган хүүхэд “азгүй”-д тооцогдлоо-

Энэ оны эхээр монголчууд бид гурван сая дахь иргэнээ өлгийдөн авлаа хэмээн хөөрцөглөсөн. Удахгүй дөрвөн сая дахь иргэнээ хүлээн авна хэмээн ерөөл талбисан. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоогоор Монголын хүн ам 2017 онд гурван саяд хүрнэ хэмээн тооцож байжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн 2014 онд хүн амын өсөлт 2.2 хувьтай гарсан байна. Энэ нь Монголын хамгийн хурдацтай буюу 3.25 хувиар өссөн 1969-1979 оны үеийг гүйцэхгүй ч хүн амын өсөлт нь зогссон өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Социализмын үеийн хүн амд чиглэсэн цогц бодлогын дүнд монгол айл бүр дунджаар 3-5 хүүхэд төрүүлж байсан. Төрүүлсэн хүүхдийг хүмүүжүүлэх ясли, цэцэрлэг, сургууль үнэ төлбөргүй, хангалттай байсан. Мөн төрөөс олон хүүхэдтэй байх бодлогыг дэмжиж, жил бүр өрхөд хүүхдийн тоогоор урамшууллын мөнгө олгож, таван хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх I”, найман хүүхэд төрүүлсэн эхэд “Алдарт эх II” одонг олгож байлаа.

1990 онд социалист систем нуран унаж, төрүүлсэн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг цэвэр эцэг эхийн нуруун дээр бууснаар төрөлт буурсан. 1990-ээд оны эхээр төрөлт нэг хувь орчим руу унасан байдаг. Харин Монголын нийгэм зах зээлийн орчинд дасан зохицож, хувийн хэвшлийн эдийн засагт эзлэх жин нэмэгдэх хэрээр хүн амын өсөлт нэмэгдэж эхэлсэн. Сүүлийн арван жил Монголын хүн амын өсөлт тасралтгүй нэмэгдэж ирсэн бөгөөд өнгөрсөн онд 81715 хүүхэд мэндэлсэн нь сүүлийн хорин жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Жил болгон шинэ цэцэрлэг барьж байгаа ч төрөлт нь барилга байгууламжийн хүчин чадлаас даваад байгаа хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр учирласан. Барилга байгууламжийн үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэн төсөвлөснөөс царцаасан хэдэн арван барилгын ихэнх нь цэцэрлэг, сургуулийн барилга байсан гэх. Цэцэрлэг, сургууль нэрээр төсвийн мөнгийг халаасалдаг жишгийг таслан зогсоосон нь зөв ч энэ зөв шийдвэрийн золиос нь дахиад ч жирийн иргэд, бяцхан үрс болж байна.

Энэ нь төр засгаас гэр бүл, төрөлтийг дэмжих бодлого барьсантай холбоотой хэмээн хүн амын өсөлтийг тайлбарладаг ч энэ бодлого биш зөвхөн улстөрчдийн хоосон амлалт байсан гэдэг нь жил бүрийн намар харагддаг болоод удаж байна. 2008 оноос улстөрчдийн амалсан Хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгө мэдээж төрөлтийг нэмэгдүүлсэн. Гэвч энэ үнэхээр бодлого байсан бол төрсөн хүүхдийн хүмүүжих орчныг давхар бодолцсон байх учиртай. Жил жилийн намар цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлах иргэд, шөнөжин дугаарлаад ч цэцэрлэгт хамрагдах боломжгүйгээс гэртээ цоожлогдон хоцорч буй хэдэн мянган бяцхан үрс осолдож эндэж байгаа нь, эсвэл хүүхэд харах хүнгүйгээс эцэг эхийн нэг нь, гол төлөв ээжүүд нь ажил эрхлэх боломжгүй болон хоцорч байгаа чухамдаа төрийн бодлогогүй бодлогын золиос болж байна. Энэ жил бүүр аргаа бараад сугалаа сугалж, азтайд нь цэцэрлэгт хүмүүжих боломж олгож байгаа нь ямар гээчийн тохуурхал вэ? Гурван сая дахь иргэн төрлөө хэмээн нялх амьтадтай патиараа татуулж шоудсан улстөрчид, дараа нь азгүйд тооцогдох үрс гээд бодохоор эмгэнэлт жүжиг үзсэн юм шиг санагдаж байна.

Жил болгон шинэ цэцэрлэг барьж байгаа ч төрөлт нь барилга байгууламжийн хүчин чадлаас даваад байгаа хэмээн БСШУ-ны сайд Л.Гантөмөр учирласан. Барилга байгууламжийн үнийг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэн төсөвлөснөөс царцаасан хэдэн арван барилгын ихэнх нь цэцэрлэг, сургуулийн барилга байсан гэх. Цэцэрлэг, сургууль нэрээр төсвийн мөнгийг халаасалдаг жишгийг таслан зогсоосон нь зөв ч энэ зөв шийдвэрийн золиос нь дахиад ч жирийн иргэд, бяцхан үрс болж байна.

БСШУЯ-ны энэ жилийн мэдээгээр энэ цэцэрлэгийн насны 257 мянган хүүхэд байгаагаас 218 мянгыг нь л хүлээн авах хүчин чадал байгаа аж. Үлдсэн 30 гаруй мянган хүүхэд азгүйд тооцогдож байгаа юм. “Манай хүүхэд цэцэрлэгт бүртгүүлэх сугалаа сугалсан тул азтай сугалааны найранд ирэхийг урьж байна”, “Орон дээрээ хүүхэд хийх амархан, харин орноосоо буугаад хүүхэд цэцэрлэгт оруулах хэцүү”, “Азтай сугалаа сугалт чаддаггүй хог хэмээн хоёр настай хүүгээ зоджээ” гэх зэрэг пост сүүлийн хэдэн нийгмийн сүлжээгээр хамгийн их уншигдаж байна. Төсөв боловсруулагчид өөрсдийн хүүхдээ азгүйд тооцуулах байсан гэж үү. Жил жилийн өдийд цэцэрлэгтэй холбоотой бүх шатны дарга нар хамгийн үнэд ордог болсон нь нууц биш.

Ердөө 30 мянган хүүхэд ингэж цэцэрлэггүй үлдэж байгаад төр засгийнхан баярлах ёстой. Хэрвээ үр хөндөлтийг чөлөөтэй тавьж жил бүр ойролцоогоор 40 гаруй мянган хүүхдийн заяаг гомдоогоод буцаадаггүйсэн бол энэ тоо 70 мянга хүрэх байж.

Энэ парламент үйл ажиллагаагаа эхэлсэний дараахан яригдаж эхэлсэн Хүүхэд харах үйлчилгээний хуулийг УИХ баталсан хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх ч үүнд зарцуулагдах хөрөнгө улсын төсөвт хэрхэн суухаас бас хамаарна. Зах зээлийн эрэлт хэрэгцээг харсан хувийн хэвшлийн цэцэрлэгүүд ялангуяа нийслэл хотод чамгүй тоогоор ажиллаж байгаа ч сар бүр 250-350 мянган төгрөг төлөх чадвартай өрхийн тоо хязгаарлагдмал байгаа.

Зөвхөн сургуулийн өмнөх боловсрол ч биш ерөнхий боловролд энэ асуудал байгаа. Нэн ялангуяа хөдөөний орон нутгийн иргэд олноор ирж суурьшсан Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд гурван ээлжээр хичээллэсээр байгаа. Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн сүүлийн ээлж орой 20.00-21.00 цаг хүргэж тарж байгаа. Гурван ээлжээр хичээллээд ч анги дүүргэлт стандартаас хальж, нэг ширээнд гурваар суух нь ерийн үзэгдэл болсон байхад хүүхэд эрүүл байх, анхаарал төвлөрөлт сайн байх талаар яриад ч хэрэггүй.

Ийм байхад Монголын үрс маш олон болох хэрэг байна уу?

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж