Буудлага спортын ОУХМ Т.Цогбадрах агсны нэрэмжит буудлага спортын тэмцээн өчигдөр эхэллээ. Буудлагын спортын клубт болж буй тэмцээний эхний өдөр болсон 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Даваахүү 180 оноогоор түрүүлж, “Аварга” спорт хорооны тамирчин, спортын мастер О.Төгөлдөр 175 оноо, спортын мастер А.Алтанхуяг 156 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ч.Нарантуяа 209,9 оноогоор түрүүлсэн бол “Снайпер” клубын тамирчин, ОУХМ Г.Нандинзаяа 209,6 оноо, ТСТ-ийн тамирчин, спортын мастер Ц.Насанжаргал финалд 182,7 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Энэ дасгалд 25 тамирчин өрсөлджээ.
Тус тэмцээнд Улаанбаатар хотын клубүүдээс гадна Хэнтий, Сүхбаатар, Орхон аймгаас тамирчид оролцож байна.
Ч.БОЛОР