Өнгөрөгч мягмар гаригт МОХ-ныхон оюутнуудыг нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжоор хангахыг нийслэлийн удирдлагуудаас хүслээ. Жилийн жилийн намраар МОХ-ны удирдлагууд оюутнуудын хамгийн эмзэг сэдэв дээр дөрөөлж улс төр хийх болсон нь худлаа биш л дээ. Энэ удаад тус холбоо нийтийн тээврээр оюутнууд үнэ төлбөргүй, тэгэхдээ бүр өдөржин автобусаар “тэнэх” эрхтэй гэж дүрэмдэв.
Үнэндээ нийслэлийн их дээд сургуулиудад суралцаж байгаа 110 мянга орчим оюутан нийтийн тээврийн үйлчилгээнд өглөө үдэшгүй, өдөртөө хэдэн удаа ч үнэгүй “тэнэдэг”, тэдэн дээр ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэмбэл 200 мянга гаруй хүн нийтийн тээврээр үнэгүй зорчдог гэсэн үг. 2015 онд 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбум, 113000 оюутанд 36,0 тэрбум бүгд 72,8 тэрбум төгрөгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Боловсрол шинжлэх ухааны яам унааны зардлын нөхөн олговорт олгохоор Сангийн яамд шилжүүлжээ.
Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэл ийнхүү багагүй хэл ам дагуулж буй ч нийслэлчүүдийн дийлэнх нь энэ ажлыг дэмжиж байгаа. Шалтгаан нь Нийтийн тээврээс хийж буй ажлын сайнд биш, цаашдаа нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ дэлхийн жишигт хүрэх ёстой гэсэн үүднээс чамгүй алдагдалтай байгаа ч энэхүү шинэчлэлийг ойлгож, дэмжихыг хүссэн хэрэг. Шинэчлэлийн хүрээнд смарт картын үйлчилгээ нэвтрүүлж, ингэснээр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын нийтийн тээврийн салбартай ойртож очихуйц хэмжээнд хүрнэ гэж Нийтийн тээврийн газрынхан ч тайлбарлах болсон билээ.
Смарт картын үйлчилгээ нэвтрүүлсэнтэй холбоотойгоор ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгай картаар үйчлүүлэх болсон.
Тэгвэл шинэ үйлчилгээтэй холбоотойгоор хэд хэдэн санал байгааг нийтийн тээврийн удирдлагуудад дуулгахад буруудахгүй бизээ.
Нийтийн тээврээр үнэгүй зорчих эрхээ эдлэх ёстой 83705 ахмад настанд 26,2 тэрбум, 33934 хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 10,6 тэрбумыг төрөөс даадаг. Гэтэл амьдрал дээр нийтийн тээврээр зорчдоггүй, автобусаар явах шаардлагагүй, аль эсвэл гэртээ байнгын асрамжид байдаг хичнээн ахмад настны мөнгө компаниудад нөхөн олговор хэлбэрээр очиж байгааг тооцож үзсэн байгууллага алга байна. Төсвөөс халамж хэлбэрээр дээрх хүмүүст хөнгөлөлт олгодог юм чинь энэ мөнгөө ахмад настнуудад өөрсдөд нь өгвөл илүү шударга тогтолцоонд хүрч магадгүй. Автобусандаа зарцуулах нь зарцуулж, автоабусаар зорчдоггүй нь ядаж л цайны сүүгээ авч болох зохион байгуулалтыг хийх нь зөв юм шиг. Тэгэхээр оюутан, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байгаа автобусны мөнгийг нь өөрсдийнх нь картанд хийвэл, хувь, хүн төр засагтаа ашигтай хувилбар байж болох юм.
Оюутнуудын хувьд хичээлд ирэх очих мөнгийг нь тооцоод картанд нь хийж, сургуулиуд нь оюутнуудынхаа автобусны картыг нь цэнэглэж өгдөг болбол, төсвийн мөнгөнд хэмнэлт гарах боломж бий. Түүнээс МОХ-ныхны ярьж байгаа шиг оюутнуудын “тэнэх” мөнгийг нь төр даагаад байх нь утгагүй, бас боломжгүй юм.
Нөгөө талаасаа шинэчлэлийн хүрээнд өөрчилсөн автобусны маршрутаа иргэдэд чирэгдүүлэлгүйгээр зохион байгуулахгүй бол энэ мэт шүүмжлэл, эсэргүүцэл тасрахгүй. Үнэндээ үүрийн таван жингээр хотын гэр хорооллоос хичээлдээ явж байгаа оюутан, сургуулийнхээ хажуугийн оютуны байранд амьдарч байгаа оюутан хоёрын хувьд автобусны зовлон өөр. Энэ бүгдийг тооцохгүйгээр смарт карт ав гээд тулгаад байж болохгүй болов уу?
Ямар ч байсан хүн болгон нийтийн тээврийн үйлчилгээнд хариуцлагатай, соёлтой, ухамсартай хандах, Улаанбаатарын нийтийн тээврийн үйлчилгээг дэлхийн стандартад хүргэхийн тулд эхлээд маш сайн судалгаа, тооцоо хийх хэрэгтэй байна.
Т.СОЛОНГО