МАН-ын огцорсон зургаан сайдын суудлыг Ардчилсан нам болон “Шударга ёс” эвсэл гурав, гурваар хувааж авахаар тохиролцсон. Энэхүү тохиролцооны дагуу “Шударга ёс” эвсэл өнөөдөр сайдуудынхаа нэрсийг зарлаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдаар З.Баянсэлэнгийг дэвшүүлэв.
Оймсонд хавчуулагдан ордонд орж ирсэн гэгддэг З.Баянсэлэнгэ гишүүнийг “одтой” гэхгүй юм бол өөр хэнийг одтой гэх юм бэ хэмээн саарал ордныхон түүнд чамгүй атаархаж байгаа сурагтай.
Хэрэг бүртгэгчээс хэсгийн дарга болох “мөрөөдөлтэй” байсан түүнийг хожмын нэгэн өдөр төрийн сайд болно гэж ангийн нөхөд, ажлынх нь хамтрагчид адаглаад аав ээж нь ч бараг зүүдэлж байгаагүй биз.
Тэрбээр, гурван жилийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярыг өмөөрч өлсч, цангаж, жагсч, тэмцсэний хувиар өнөөдөр Барилга, хот байгуулалтын яам түүнд бэлэг болон ирж байгаа гэж улс төрийн хүрээнийхэн шивэр авир хийж байна.
МАХН-ын Чингэлтэй дүүргийн Мянгатын дарга байсан бүсгүйн аз гэнэт шовойж, асуудалгүйгээр УИХ гишүүн болж байсан бол ахиад тэр асуудалгүйгээр төрийн сайд болох гэж байна. Тэгэхээр ганцхан эр хүн биш эмэгтэй хүн ч тугал ч хариулдаг, туг ч барьдаг болохыг З.Баянсэлэнгийн улс төрийн богинохон амьдрал харуулав. Улс төрийн бохир ертөнцөд хөл тавиад гуравхан жил болоод түүн шиг төрийн сайд болсон нь хэд билээ.
Гэхдээ түүнийг сайд болно гэсэн мэдээлэл олон хүнийг цочирдуулж байгаа бололтой. Төрийн сайдыг хэн ч хийж болно, “бор халзан хонь” байхад хамаагүй гэдгийг яруу тодоор харуулсан “Шударга ёс” эвслийн шийдвэр төрийн албанд төвөг удчихгүй бол яамай хэмээн шүүмжлэх хүнцөөнгүй байгаа бололтой.
З.Баянсэлэнгийн улс төрийн дасгалжуулагч нь Н.Энхбаяр. Чухам тиймээс түүнийг намын дарга Н.Энхбаярынхаа үгээр хөдөлж, барилгын салбарыг баллачих вий гэж намынхан нь хүртэл болгоомжилж байгаа гэх. Ямартаа ч аз байвал ёз хүүгээр цохино гэдгийг жинхэнэ утгаар нь харуулж байгаа ордны онцгой бүсгүйд амжилт хүсье.
Ингэхэд Барилгын салбарынхан бас нэгэн эмэгтэй сайдаа хөл хөөртэй угтах бэлтгэлээ сэмхэн базааж байсан нь дээр бололтой.
О.САРНАЙ