Сайд нарын нэрийг өргөн мэдүүлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Сайд нарын нэрийг өргөн мэдүүлж магадгүй

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр сайд нарын нэрийг УИХ-ын дэд даргад өргөн мэдүүлж магадгүй гэх мэдээлэл байна.

Сайдад нэр дэвшигчдтэй холбоотой материалыг Засгийн газар зүгээс шаардаж эхэлсэн аж.

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайдад УИХ-ын гишүүн Н.Батбаярыг, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэгийг, Хөдөлмөрийн сайдад УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус бүр нэр дэвшүүлсэн. Харин Ерөнхий сайд сайдад нэр дэвшсэн Л.Эрдэнэчимэгтэй нэг баг болж ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн гэх нь бий. Тиймээс энэ нэр өөрчлөгдөж болзошгүй юм.

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд Шадар сайд, Барилга хот байгуулалт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад гишүүдийнхээ нэрийг дэвшүүлэхээр болсон. Ингэхдээ Шадар сайдад Н.Батцэрэг гишүүнийг нэр дэвшүүлэх бол МАХН-д элсүүлж, З.Баянсэлэнгэ гишүүнийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад нэр дэвшүүлнэ. Ц.Оюунбаатар гишүүнийг Барилга хот байгуулалтын сайдаар томилуулах сураг дуулдаж байгаа.

Өмнө нь Ерөнхий сайд ээлжит бус чуулган зарлалаа ч сайд нарын нэрийг өргөн мэдүүлэх боломжгүй байна гэдэг мэдэгдлийг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан хийсэн удаатай. Гэвч хоёр хоногийн дараа нь УИХ-ын дарга “Орон гарсан сайд нарын томилгоог хуульд нийцүүлэхийн тулд есдүгээр сарын 6-нд багтаах шаардлага байна” гэдэг сануулга өгсөн.

Иймээс Ерөнхий сайд энэ өдөр багтаан сайд нарын нэрийг өргөн мэдүүлэхээр болсон бололтой.

 

НЭМЭЛТ: 13.00 цаг.

Эх сурвалжийн мэдээгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санал болгосон сайдад нэр дэвшигчдийн нэрд өөрчлөлт орсон бололтой.

Сангийн сайдад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорыг, Зам тээврийн сайдад УИХ-ын гишүүн М.Зоригтийг нэр дэвшүүлэхээр болж, Ерөнхий сайд өөрөө сонголт хийсэн гэх мэдээлэл байна.

Уг нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Сангийн сайдад Н.Батбаяр гишүүнийг, Зам тээврийн сайдад Л.Эрдэнэчимэг гишүүнийг, Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан гишүүнийг тус бүр нэр дэвшүүлсэн юм. Гэвч Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Л.Эрдэнэчимэг нарыг голж, хамтран ажиллах боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

Тиймээс бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Болор, М.Зоригт нарын гишүүдийг нэр дэвшүүлэхээр болж, сонголтоо хийсэн байж мэдэхээр боллоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж