Реюньон арлаас олдсон далавчны сэг МН370 нислэгийг үйлдэж явсан Боинг-777 онгоцных мөн болохыг Францын прокурорууд мэдээллээ. Реюньон арлаас өнгөрсөн долдугаар сард Боинг-777 онгоцных байж болох далавчны сэг олсныг олон улсын нисэхийн шинжээчид судлан үзжээ. Францын албаныхан Реюньон аралд хайгуул, самналт хийсэн боловч онгоцны өөр сэг олоогүй аж.
Малайзын МН370 нислэг өнгөрсөн оны гуравдугаар сард радарын дэлгэцнээс алга болж, сураггүй алга болсон юм. Олон улсын эрлийн хамтарсан баг онгоцыг Энэтхэгийн далайн баруун хэсэгт унасан гэж үзэн хайгуул хийсэн боловч сэг олоогүй билээ. Куала-Лумпураас Бээжин хүрэх онгоцонд 239 хүн зорчиж явсан юм.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА