“Дисковер Монголиа” олон улсын чуулга уулзалтын үеэр Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа ирэх онд эхлэх тухай “Рио Тинто” группын Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх мэдэгдсэн юм. Тэрбээр 5-7 жил үргэлжлэх далд уурхайн бүтээн байгуулалтад гурван мянга гаруй ажилтан шаардлагатай болно гэж мэдээллээ. Далд уурхайн эхний ээлжинд Хьюго нэг давхрыг ашиглах юм. Төлөвлөгөөгөөр 2021-2026 оны үед далд уурхайн олборлолт эхэлж, бүрэн чадалдаа хүрэх юм байна. Мөн 2026 оноос хойш Хьюго 2 болон Өмнөд Хьюго давхрыг ашиглах тов гарчээ.
“Rio Tinto”-ийн зүгээс энэ оны IV улиралд далд уурхайн Экспо зохион байгуулж, ханган нийлүүлэгчдэд бүтээн байгуулалтад тавигдах шаардлагуудын танилцуулахаар төлөвлөжээ. Үүний зэрэгцээ далд уурхайн санхүүжилтийг шийдвэрлэх хүлээлттэй байгаа юм. Ирэх онд “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” болон “Оюу Толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хөрөнгийн тооцооны шинэчилсэн төлөвлөгөөг батлах тов гарчээ.
Өнгөрсөн хугацаанд далд уурхайд хагас тэрбум ам.долларын ажил хийгджээ. Удахгүй үйл ажиллагаа нь үргэлжлэхэд өмнөх хөрөнгө оруулалтын ажлуудыг сэргээх бэлтгэл ажил эхэлсэн тухай “Рио Тинто” группын Монгол Улсыг хариуцсан захирал С.Мөнхсүх онцолсон юм. Мөн “Rio Tinto” группын зүгээс дэлхийн зэсийн уурхайнуудын хүдрийн агууламж буурч байгаа учир 2020 он гэхэд зэсийн хомсдол үүснэ гэж тооцоолжээ.
Д.УУДАМ