Гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Гурван боксчин мөнгөн медалийн төлөө тулалдана

-Мөнгөн медалийн төлөө манай гурван боксчин өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ-

Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрх олгох Ази тив дэх хамгийн том өрсөлдөөн Азийн аварга шалгаруулах XXVIII дахь удаагийн тэмцээн Тайландын Бангкок хотноо үргэлжилж байна.

Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд өнөөдөр болно. Энэ өдөр хүрэл медалийн болзол хангасан манай боксчид болох Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар мөнгөн медалийн төлөө өрсөлдөх бөгөөд тоглолт Улаанбаатарын цагаар 16.00 цагаас эхэлнэ.

49 кг-д өрсөлдөж буй Г.Ган-Эрдэнэ Филиппиний Ладон Рогантой, 60 кг-д Азийн наадмын аварга Д.Отгондалай Узбекстаны тамирчин Авдураймовтой, 69 кг-д ОУХМ Б.Түвшинбат Казахстаны тамирчин Дэлхийн аварга Данияартай медалийн өнгө хувиргах шийдвэрлэх тулаанаа хийх гэж байна.

Энэ жилээс эхлэн боксын ДАШТ-д оролцох эрхийн болзол маш хатуу болсон. Тодруулбал, боксчид ирэх аравдугаар сард Катарт болох Дэлхийн аваргад оролцохын тулд энэ удаагийн Ази тивийн аваргын жин тус бүрт эхний долоод шалгарсан байх болзол сонссон байгаа.

Монголын шигшээ баг ААШТ-д оролцохоор есөн боксчны бүрэлдэхүүнтэй Тайландыг зорьсноос А.Нурлан (52 кг), Б.Чинзориг (64 кг), Н.Шинэбаяр (75 кг), С.Эрдэнэбаяр (81кг), Д.Отгонбаяр (91 кг) нар тэмцээнээ өндөрлүүлсэн бол Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Э.Идэрхүү /56 кг/Д.Отгондалай /60 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нарын дөрвөн тамирчин шөвгийн наймд үлдэж, ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна. 

Тэднээс Э.Идэрхүү Казахстаны К.Ералиевтай хүрлийн төлөө тоглосон ч хожигдсон бол бусад нь учраагаа хожиж, мөнгөн медалийн төлөө тулалдахаар шалгараад байгаа юм.

ТЭМЦЭЭН ШУУД ҮЗЭХ ХОЛБООС:

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж