Үүдээ дэлгэсэн айл шиг

Хуучирсан мэдээ: 2015.09.04-нд нийтлэгдсэн

Үүдээ дэлгэсэн айл шиг

Алба амины элдэв ажлаар Дундговь аймгийг би хичнээн зорьсон гэх вэ? Харанхуй шөнөөр ч төөрөхөөргүй болтлоо хотгор хонхороор нь явсан даа. Зарим газрынх нь бут сөөгийг ч нэрлэж чадахаар болсон байж магадгүй. Уулс намсаад, усан зэрэглээ жирвэлзээд тэнгэрийн хаяа цэлийгээд ирэхээр сэтгэл аяндаа догдолдог болтлоо энэ нутагтай би тархи толгой, таван цулаараа холбогджээ. Уугуул суугуул нутаг минь хангай зүгийнх боловч учирсан амраг минь говь нутгийнх болохоор зарим нэг өөнтлөгчдийн нэрлэдэгээр жил бүхэн хүргэн хүү ”хазганасаар” тийм зүрх сэтгэлийн дотно халуун сэжим үүссэн юм даа. Говь нутаг илч дулааныг нь мэдрэхийг хүссэн хүнд ер бусын сайхан сэрэл сэтгэмж төрүүлдэг газар орон. Хүмүүс нь алаг цоог янз янз. Сайнтай нь таарч явлаа. Саартай нь уулзаж явлаа. Түүнээс биш говийн хүмүүс бүгдээрээ хүнлэг, мөс чанар сайтай гэдэг бол орчин цагийн хэлээр нутгийнхаа нэр хүндийг өсгөх гэсэн “ПИАР” төдий зүйл. 

Энэ жил “уламжлал” ёсоор гэр бүлээрээ Дундговийг зорив. Хур бороо цагтаа орж, өвс ногоо жамаараа ургаад хүн зоны царай цэлмэг, хонь малын нуруу тэнэгэр сайхан байв. Тааны цагаан цэцэг талыг бүрхээд зэрвэс харсан хүнд аагим зунаар цалин цагаан цас цаваглан буусан мэт харагдана. Дундговь орох засмал зам шинэхэн тавьсан гэх гэнэхэн нэртэй боловч энд тэндээ цөөнгүй нөхөөстэй, овгор товгор, оцгор гүдгэр нь чамгүй олон. Зам зуурын уул хайрханд мөргөж залбирсаар Мандалговь оров. Талын энэ суурин урьдын адил налайсаар угтана. Жилээс жилд бүрэг сааралдуухан өнгө нь бүдгэрч гэрэл гэгээ, гялгар чийдэн нэмэгдсээр байна. 

Харин хүмүүсийнх нь оюун санаанд гэрэл гэгээ тусаж буйд би хувьдаа эргэлздэг. Ном уншдаг сэхээтэнтэй тун ховор тааралдана. Нам дагаж, хов базахыг бол харин чадаад байх шиг байгаа юм. Уг нь ухааны угшилтай газар юмсан. С.Дашдооров энд амьдарч амьсгалж байсан гэж бодохоор надад дандаа сайхан санагддаг. Даанч Э.Гантулга, О.Элбэгтөгсөө эс тооцвол эндээс шүлэг бичдэг бага залуу хүүхэд бараг төрөхөө байчихсан. Харин морь бөх хоёрын “Мон Уран” компани хөгжүүлээд байх шиг байгаа юм. Долгорын Нямаа, Дармаа Батбаяр, Хоролын Зандраабайды нарын хөлбөрч өссөн нутаг юмсан. Хэдэн жилийн өмнө би энд ийм нэгэн шүлэг бичиж билээ. 

Гурван дугуйттай халамцуу эр 
Гудамж хөндлөн нисэн өнгөрөхөд
Араас нь шүгэлдэх цагдаа үгүй 
Амгалан хот –МАНДАЛГОВЬ гэж.

Үнэхээр гайхалтай тайван хот. Хүмүүсийнх нь алхаа гишгээ ч аядуу тайван. Ийм нэг газар хэд хоноод аймгаас зүүн урд байх ГУРВАНСАЙХАН сумыг зүглэн давхисан билээ. Энэ замаар нааш цааш хэд явснаа би хэлж мэдэхгүй. Гантайд ч давхиж явлаа. Зунтайд ч давхиж явлаа. Дэрсэн-Ус багийн нурсан цагаан байшингийн дэргэд хичнээн удаа бууж сууснаа тоолоогүй. Эхнэрийнхээ нулимстай нүдийг хараад би төрсөн нутаг хонхор яагаад тийм илүү эрхэм нандин байдгийн учрыг гадарлах болсон юм. Түүнээс биш бага тойргийн байшин дунд өсч бага тойргийнхоо байшин дунд амьдарч байгаа би юугаа мэдэхэв. 

Нарны будан нимгэхэн хөшиглөөд толгодын богинохон сүүдэр талаа дүүрээд ирэхээр урлаг уран зохиолын талын хэнд ч уянга аяндаа төрнө. Зурдаг буддаг авьастай бол шууд бийрээ шүүрэн авахаар Гурвансайхан сумын уулга алдам толгод. Би ер нь өндөр уулс гэхээс намхан толгодод хайртай. Өндөр уулс надад дандаа хүйтэн сэрүүн санагдаад байдаг юм. Нэг тийм өндөр янхигар хүмүүс хүйтэн хөнхөлзүүр байдагтай адил. Харин талын толгод бол нуруутайхан нутгийн өвгөд шиг харагдана. 

Бүрий барай нөмрөх үед Гурвансайхан сумын баруун хойноос өнгийлөө. Өмнө нь харанхуй суурин, хашааны нохдынхоо дуутай угтдагсан. Харин одоо зам дагуу гэрлүүд нь ярайгаад л өнгө зассан сумын төв угтана. Хоёрхон жилийн дотор хувиран өөрчлөгдсөн энэ газар олон дотно нөхөд минь амьдран суудаг билээ. Тэд нэг л үйл хэргийн төлөө нэгдэж чаджээ. Сум орноо хөгжүүлье гэж хамтарч чаджээ. Мэдээж хөрөнгө санхүү, олон талаар нь “бодлого знгидаж” чадсан төрийн эр хархүн Равжихын Эрдэнэбүрэн хамгийн гол үүрэгтэй. Ийм хүү энэ суманд төрж өсөөгүй бол Гувсансайхан сум ингэж “нүүрээ угаалаа” ч билүү. Үнэн юм хэзээд үнэнээрээ сайхан л даа. Шинэхэн цэцэрлэг, сургуулийн байшин, таримал модод, усжуулах холбоос, гүний худаг, цэвэр бохирын холболт, “Суугант” нэртэй соёл спортын цогцолбор. Залгаж дурьдаад байвал Намжилын Норовбанзад гуайн дуулдаг “Уяхан замбуутивийн нар” шиг урсаад байх төлөвтэй. Үнэхээр олон зүйл өөрчлөгджээ. Гол нь хүмүүсийн сэтгэлгээ. Бидний хэлдэгээр суурингийн бүх хашааг “блок” хэмээх хэвлэмэл хайргаар босгожээ. Хашаануудын нүүрэн тал нь төмөр хайсан. Айлын хашаан доторх бүгд бусдынхаа нүдэн дээр ил. Хуучин дөрвөн тал битүү банзан хашаан дотроо ёстой “новширч” чаддаг байсан айлууд одоо бол хашаан доторхоо их анхаарах болжээ. Өмнөхөөс илүү эмх цэгцтэй байхыг эрмэлзэх болсон гэнэ. Хог шороогоо ч байнга цэвэрлэх болсон гэнэ. Хамгийн чухал нь энэ өөрчлөлт. Хүний амьдралын хандлага зөв өөрчлөгдөх л зам засах, нам байгуулахаас илүү. 

Бөөн хар үүлс “Их газрын чулуу”-ны элгэн цохиог ороон алсад цахилгаан гялбасхийнэ. Удалгүй задгай цагаан бороо шивэрч эхэллээ. Хур дагуулж ирсэн хувьтай “өөдрөг” би “Элгэн” багийн дарга албатай итгэлт нөхөр Цэдэнжамцын Алтангэрэлийнхээ гэрт буув. Өнөөдөр нүүр нүдгүй шороо шуурлаа, маргааш бас салхины хүч улам нэмэгдэх сурагтай гэсээр угтсан найз минь “бороо нилээд холдож, ногоо нилээд хатсан шүү” гэв. Энэ эрийн амнаас нэг удаа “гэм хийвэл өөрт, гүнцэл идвэл араанд” гэхийг сонсоод чамгүй олон жил ном хөөсөн нэртэй ч цэцэн билэг гэдэг угаас юм даа гэж бодож суулаа. Нутаг орон, газар тэнгэр ярьсаар хэсэг саатаад маргааш өглөө “Бурхан багшийн суварга” шашин номын төвөө нээхээр завгүй их ажилтай, завсаргүй” шогшиж” яваа Гурвансайхан сумын гандан хийдийн хамба лам, анд нөхөр Уртнасангийн Хүдэрчулууныхаа “бүтээн байгуулалт”-ыг хэсэг сонирхов. Харин дотроо төр наадам хийхээр шороо шуурдаг юм байж, түмэн олон “майдар эргэхээр” бороо орно доо гэж бодож зогсов. 

Маргааш нь шөнө шивэрсэн борооны дараа тэнгэр тэлэрч тунгалаг өглөөний тунамал нар сумын төвийг гэрэлтүүлэн угтав. Эргэл мөргөлийн замаар сүсэгтэн олон хуран бурхан багшийн найман суваргаа нээж, дуулж хуурдаж, залбирч наминчлав. Ёс төгөлдөр үйл хэргийг тэнгэр хүртэл соёрхдог гэдэг үгийг санаж зогсохдоо шашин номондоо үнэн сүсэгтэй сайн нөхрөөрөө бахархаж байв шүү. Эрт нэг удаа багш минь “сайн зүгтээ эргэсэн бүхэнд саар явдал арилдаг” гэж айлдаж билээ. Үнэхээр сайн зүгтээ эргэсэн Гурвансайхан сумын хэрэгт саар зүйл арилахын тэмдэг тодорчээ. Оройхон нь эрхэм нөхөр Дашдондогийн гэрийн хаяанд тэнгэрийн хаяа ширтээд сууж байхдаа” шүүмжлэгч нэртэй сүржигнэж яваад зарим нэг сайхан зүйлийн хажуугаар харалгүй өнгөрсөн” гэдгээ ойлгож билээ. “Саяхан санагдах ч жил өнгөрчээ” гэж зүрх шимшрэн бодоход талийгаач ах Дашцэдэнгийн Батбаярынхаар буугаад мөн л гэрийнх нь хаяанд суугаад элдвийг бодож суусан үдшийн тэнгэр харагдана. Ханагар сайхан ах минь бурханы оронд тэнгэрийн морьдыг гилээд исгэрэнхэн яваа гэж санагдав. Ай даа, уудам сайхан хэдий ч бууж л мордох хорвоо. 

Адуу тургилна. Цэнхэр савтай саам шуугина. Гэнэт цэлдэн хөх хөхүүр харалгүй хэдэн жил болсноо гэнэт санав. Хөдөөнийхөн минь хөхүүрээ бас над шиг мартчихаагүй байгаа даа хэмээн халаглан бодлоо. Дашдондог хэмээх энэ эр жинхэнэ хөдөөх нэгэн. Үлэмж холын тухай ч бодно. Өнөөдөр маргаашийн тухай ч ярина. Эр хүн санаж яваад сарвайж хүрдгийг хичээл хөдөлмөрөөрөө харуулж яваа малчин монгол. 

Аян зам хөвөрсөөр. Гурвансайхан сумын дундуур тавьсан хар зам бидний харж, хүрч амжаагүй ч өнөөх гайхан шагширсаар байдаг “ХӨГЖИЛ” ийм байхын үлгэр ч юм шиг санагдана. Гурвансайхан сумыхан удахгүй соёл спортын төвөө нээж, хөгшин залуу, хүүхэд багачуулгүй дурладаг ах дүү Өвөрмонголчуудын нэрлэснээр “арьсан бөмбөгөө алавхийлэн” наадна. Өрсөлдөнө. Шуугилдана. Гар бөмбөгийн ирээдүйн олон аваргууд эндээс төрнө. Уянга дууны оргилууд ч төрнө. Утга зохиолын бурхад ч төрнө. Учир нь энэ газар орноос Р.Эрдэнэбүрэн шиг нутгаа гэсэн сэтгэлтэй эрчүүд, До.Цэнджав ах шиг номын олон мэргэдүүд Эрээний булгийн ус шиг бургилан төрөх сайны ундаргатай билээ. Бас Довдон гуай шиг, Банзрагч ах шиг, Базаржав гуай шиг хэлхгэр халхгар өвгөд, Алтангэрэл шиг, Дашдондог шиг, Хүдэрчулуун шиг, Хадаа ах шиг түшигтэй аавууд униартай цагаан говьдоо удмаа залгаад амьдарч байна. Нутгаа хөгжүүлэх гээд зүтгэж явна. 

Зүүрмэглэгч хун шиг цагаан гэр шөнийн харанхуйд цайран харагддаг шиг Гурвансайхан сум ард минь гэр шиг бөмбийн цайрсаар хоцров. Тэгшхэн талд зүлгэн дээр барьсан шинэхэн монгол гэрийн үүдийг цэлийтэл нээх шиг аяа, ГУРВАНСАЙХАН улам сайхан болно оо.

ГАРЦААГҮЙ ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ 

2015-08-20. ДУНДГОВЬ, ГУРВАНСАЙХАН, ЭЛГЭН БАГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж