
Энэхүү зээл нь Стандартаас Банкнаас М-Си-Эс группд олгож буй гурав дахь зээл бөгөөд үүнийг Мандалговь-Тавантолгой-Оюутолгойг холбосон 220 киловаттын цахилгаан дамжуулах шугам татах, нийслэлийн залуучуудын хэрэгцээ, эдийн засгийн чадавхид тохирсон орон сууцны цогцолбор хотхон байгуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх түүнчлэн эрүүл мэнд, спорт амралтын чиглэлийн бүтээн байгуулалтуудад зориулах юм.
М-Си-Эс группын дэд ерөнхийлөгч Л.Гантөмөр гарын үсэг зурах ёслолын үеэр хэлэхдээ “150 сая ам.долларын зээл бол Монгол Улсын хэмжээнд хувийн хэвшлийн байгууллагад олгогдож байгаа томоохон хэмжээний зээл юм. М-Си-Эс групп олон улсын хэмжээний банкны шалгууруудыг давж, ийм том хэмжээний зээлийг авч байгаа нь бидний үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт дэлхий түвшинд хүрсэнийг илтгэх нэгэн үзүүлэлт юм. Энэ зээлээр санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд маань манай хамт олныг Дэлхийн хөгжлийг эх орондоо цогцлоох эрхэм зорилгодоо хүрэхэд нь бас нэг алхам ойртуулах болно” гэлээ.
Стандарт Банкны Азийн бүс хариуцсан гүйцэтгэх захирал Эндрю Кинг “Бид М-Си-Эс групптэй ажил хэргийн сайн харилцаагаа улам бүр бэхжүүлэн, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилгоор энэхүү зээлийг олгож байгаадаа баяртай байна. Энэ зээлийн хэмжээ нь М-Си-Эс группын Монгол дахь тэргүүлэгч байр суурийг илтгэхийн хамт үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт нь өндөр түвшинд хүрсэнийг харуулж байна ” гэлээ.
Стандарт Банк нь 150 гаруй жилийн түүхтэй бөгөөд эдүгээ дэлхийн 30 гаруй орон дахь салбараараа дамжуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй банк юм.