Сүүлийн хоёр жилд дэлхийн зах зээл дээрх нүүрс, төмрийн хүдрийн үнэ унаснаас Монгол Улсын уул уурхайн салбарын хямрал эхэлсэн. Тус хямралыг уул уурхайн салбарынхан улс төрөөс үүдэлтэй гэж тайлбарлаж байна. Тодруулбал 2012 оноос хойш уул уурхайн салбарын бодлогын асуудлыг улс төржүүлж, популизм явуулж, эрдэс баялгийн бодлогыг үндэсний үзэл болгон хувиргасан гэж Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа ярив. Иймээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2015” олон улсын чуулганыг "Популизмгүй уул уурхайн төлөө" уриан дор зохион байгуулж буй юм. Популизмгүй уул уурхайг бий болгож, тус салбарыг урагшлуулахын тулд төр, хувийн, хэвшил, иргэний байгууллагууд ойлголцон, нэгдсэн зөвшилцөд хүрч, мэдлэгт суурилан, бодит судалгаанд тулгуурласан уул уурхайн салбарт баримтлах бодлого, шийдвэрүүдийг тодорхойлох ёстой гэсэн тайлбарыг Н.Алгаа өгөв.
Уул уурхайн салбарын уналт цаашид хэдий хүртэл үргэлжлэх вэ гэдэг нь одоогоор тодорхой болоогүй ч салбарын яамныхан өөдрөг үзэлтэй байна. Учир нь таг зогссон хайгуулын лицензийн тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгож эхэлсэн нь уул уурхайн салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг эргүүлэн татах болжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш нийт 500 гаруй тусгай зөвшөөрөл олгожээ. Төлөвлөгөө ёсоор 3000 орчим тусгай зөвшөөрлийг иргэн, аж ахуй нэгжүүдэд цахимаар олгох юм. Үүнээс хайгуулын 1700 гаруй, 1200 гаруй нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байх юм. Хэдийгээр уул уурхайн салбараас олох орлого буурч, улсын төсөв тасалдахад 60-70 хувь нөлөөлсөн ч дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ цаашид өсөх хандлагатай. Мөн Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа ирэх оноос эхлэх төлөвлөгөө батлагдсан тул энэ салбарт орох гадны хөрөнгө оруулалт идэвхижиж, нэмэгдэнэ гэж Уул уурхайн яамны газрын дарга Б.Батхүү ярьлаа.
Манай Улсад 13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Discover Mongolia-2015” чуулганаар уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслийн санхүүжилт, тэдгээр дэх засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо зэрэг өргөн сэдвийг хөндөнө. Мөн “Discover Mongolia-2015” олон улсын чуулганы үеэр уул уурхайн салбарт тулгамдаж буй хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчдад ямар боломж эрсдэл байгаа зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх гарцыг эрэлхийлэх юм. Гэвч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад чуулганд оролцогчдын тоо буурсан байна. Чуулган маргааш хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ