
Монголын анхны төрт улс Хүннү гүрний 2220 жил, Их монгол улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний 100 жил, Ардын Хувьсгалын 90 жил, Дорнод аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн өмнө саяхан байгуулагдан үйл ажиллагаа эхэлсэн Санжмятавын Отгонбаатар тэргүүнтэй “Дорнод нутаг” клубээс санаачлан нутгийнхаа бөхчүүдийг ивээлдээ авч ийнхүү нэгдсэн бэлтгэл цугларалтад анх удаа гаргаж байна.
“Дорнод нутаг” клубын бөхийн галд зөвлөхөөр Гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очир ажиллах бол улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж аймгийн арслан Б.Хатанбүүвэй, Б.Талынбүүвэй, Г.Отгонбаатар, Б.Батхуяг нарын тэргүүтэй улс аймаг, цэргийн алдар цолтой болон залуу бөхчүүдээс бүрдсэн 30 орчим бөх бэлтгэлд гарчээ.
“Дорнод нутаг” клуб бөхийн галын албан ёсны нээлтийн арга хэмжээг энэ сарын 13-ны өдөр буюу даваа гаригийн морин цагт “Монгол шилтгээн”-д зохион байгуулна. Энэ үеэр зургадугаар сарын 15-21-ний өдрүүдэд болох Аймгуудын цомын тэмцээнд оролцохоор Дорнод аймгаас хүрэлцэн ирж, “Монгол шилтгээн”-д байрлан бэлтгэл сургуулилт хийж байгаа Дорнод аймгийн хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид нөхөрсөг уулзалт тоглолтоо сонирхуулах юм байна.