
Түүнчлэн Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолыг нийтлэв. Цаг агаарын дулаарлаас үүдэлтэйгээр манай оронд ган, зуд, цасан болон шороон шуурга, ой, хээрийн түймэр, цөлжилт, хэт халалт, хүйтрэл зэрэг байгалийн гамшгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, хортон шавж, үлийн цагаан оготны тархалт, үйлдвэр, тээврийн хэрэгсэл, химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодисын осол нэмэгдэж байгаа аж.
Жилд дунджаар 2700 гаруй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдож, гамшгийн улмаас хүний амь нас эрсдэж, эд хөрөнгө, байгалийн ихээхэн хэмжээний хохирол учирч, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм.
Тиймээс гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлэх, гамшгийн эмзэг байдлыг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төв, орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхи, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсруулжээ.
Гадаадын зарим улсад Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолыг нийтэллээ. Дээрх тогтоолоор Америкийн Нэгдсэн Улсын Сан Франциско хот, Япон Улсын Осака хот, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Гонконг хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулахаар болж байгаа юм.
Дээд офицерын “Хошууч генерал”, “Бригадын генерал” цол хүртээх тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай танилцах боломжтой.
Хамгаалалтын бүс тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Энэ тогтоолоор Түүх, соёлын үл хөдлөх дурсгал болох Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрт орших Амарбаясгалант хийдийн хамгаалалтын бүсийг тогтоож, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хамгаалалтын бүсийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргийг холбогдох хүмүүст өгсөн байна.
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолтой эмхтгэлийн хуудаснаас танилцах боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд худалдан авахдаа тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг хавсралтаар баталжээ. Тэргүүн ээлжинд худалдан авах дотоодын бараа бүтээгдэхүүний жагсаалтыг зөвхөн “Төрийн мэдээлэл”-д нийтэллээ. Түүнчлэн Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай, Журам, чиглэл батлах тухай, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд авто замын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолуудыг нийтэллээ.