Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

Гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж

Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэг, мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг тул гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог.

Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын халдвар, энтеровирусын халдвар, гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтана. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирүс) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ.

           Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломж бий.

  1. Хамгийн энгийн арга бол  Гарын ариун цэврийг сахиж, гараа савантай усаар угаах явдал юм. Гэдэсний халдварт өвчнөөр өвдөх эрсдэлийг гарын ариун цэвэр сахиснаар 50% хүртэл бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.
  2. Бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн, мах, сүү, ногоо, жимснээс халдвар дамжиж болох бөгөөд хоол хүнс өвчин үүсгэгч нян, вирүсээр бохирдоход нөлөөлөх гол хүчин зүйл нь хоол хүнсийг боловсруулах, зөөвөрлөх, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм.

Иймд хүнсний бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх, гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар доорх зөвлөмжийг өгч байна.

Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас худалдан авах, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах,  лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах,  хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах

Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:

  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос дээшгүй цаг хадгалах.
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

Хоол хүнсийг бэлтгэх , хэрэглэх  зөв дадал эзэмших

  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах
  • Жимс, ногоог буцалсан бүлээн усаар угааж хэрэглэх
  • Усыг буцалгаж уух
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалж, бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших (ялангуяа мах, ногоог хэрчих вандан мод тусдаа байх)
  • Хоол, хүнсийг чанахдаа 15 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх

                                   Цусан суулга.  Дизентерия. Shigellosis.

Цусан суулга өвчин нь нянгаар үүсгэгдсэн, бүдүүн гэдэсний төгсгөл хэсгийг давамгайлан гэмтээж, суулгах, халуурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр өвдөх зэрэг хордлогын шинжээр илэрдэг цочмог халдварт юм.

Халдварлах зам: Өвчний шинж тэмдэг илэрсэн хүн болон өвчний шинж тэмдэггүй боловч нян тээгчээс шууд болон шууд бусаар дамждаг.

  • Халдвартай хүн болон нян тээгч нь бие зассаны дараа гар хумсаа угаахгүй байх
  • өтгөнөөр ус, хөрс, хүнсний бүтээгдэхүүн бохирдох
  • ялаа нь нянг бие засах газраас ил задгай байгаа хүнсний бүтээгдэхүүн рүү зөөвөрлөдөг зэрэг нь халдвар дамжих нөхцөл болдог

Гадаад орчинд ялгаран гарсан нян орчны хөрс, ус, хүнс, эд зүйлс- тоглоом, хаалганы бариул, мөнгө, хүний гар гэх мэтийг бохирдуулдаг бөгөөд бохирлогдсон гараар биед орж өвчин үүсгэнэ.
Нэн ялангуяа тогтоол ус, ил задгай, гол булаг шандын ус, цэвэрлэж ариутгаагүй ус түгээгүүрийн ус, худаг, бохир саванд хадгалсан усыг түүхийгээр нь уух, ил бие засдаг, угаадас асгадаг, хог хаядаг газрын хөрстэй харьцах, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний үйлдвэр, агуулах, тээвэр, худалдаа үйлчилгээний газраар дамжсан хүнсний зүйлс идэж уух, бохир гар нь өвчин дамжих гол зам юм.

Нууц хугацаа: Нян хүний биед ороод 1-3 хоногийн дараа өвчний шинж тэмдэг илэрнэ.

Илрэх шинж тэмдэг: Цочмог, 37-40 градус халуурах, бие эвгүйрхэх, толгой өвдөх, хоолонд дургүй болох, бөөлжих, ядрах, гэдсээр базлаж өвдөх, хий дүлэх, ялгадас усархаг, цусан судалтай, залхагтай гарах
Гэдэсний халдварт өвчний  үед илрэх шинж тэмдэг, хугацаа нь уг хордлогыг үүсгэж буй нянгийн төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг ба дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд  эмч, эмнэлгийн байгууллагад яаралтай хандах.  Үүнд: суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах, хэвлийгээр өвдөх, бөөлжих, хоолонд дургүй болох, халуурах, толгой өвдөх, ядрах гэх мэт
Иргэд та бүхэнд хоол хүнсээр дамждаг өвчний талаарх өөрсдийн мэдлэгийг нэмэгдүүлэн, эрүүл аж төрөх зөв дадал, хэвшлийг эзэмшиж, гэдэсний халдварт өвчнөөс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж