ОПЕК “оволзож”, үнэ цоролзов

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

ОПЕК “оволзож”, үнэ цоролзов

Олон улсын эдийн засгийн шинжээчид саяхан Австрийн Вена хотод болсон дэлхийн томоохон газрын тос нийлүүлэгчдийн нийгэмлэг болох ОПЕК-ийн орнуудын уулзалтаас нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж улмаар үнийг нь буулгах тохиролцоонд хүрэх байх хэмээн найдаж хүлээж байжээ. Гэтэл тэдний хүлээлт талаар болсон байна. Харин ч эсрэгээрээ ОПЕК-ийн орнуудын дунд урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй сөргөлдөөн дэгдэж, нефть нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар хийх байсан гэрээ хэлэлцээр бүтсэнгүй. Үүнээс болж дэлхийн зах зээл дээрхи газрын тосны үнэ шууд “цоролзож” эхэлсэн байна.

Тэгвэл Бритиш Петролеум компаниас гаргасан сүүлийн үеийн статистик мэдээнээс харахад газрын тосны хэрэглээ өнгөрсөн жил 2004 оноос хойшхи хугацаанд гарсан хамгийн хурдан өсөлтийг үзүүлсэн байна. Өнгөрсөн пүрэв гарагт гэхэд Азийн худалдаан дээр брент нефтийн үнэ 30 центээр нэмэгдэж баррель нь 117.90 ам.доллар болсон байна. Мөн үүний зэрэгцээ АНУ дахь хөнгөн түүхий нефтийн үнэ 71 центээр нэмэгдэн 101.10 ам.доллар болж өсчээ.

Одоогоор нефтийн экспортоор тэргүүлэгч 12 орныг нэгтгэсэн ОПЕК-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Абулла Аль Бадри нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ, “Бид гишүүн орнуудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар харилцан тохиролцоонд хүрэх боломжгүй болоод байгаа юм” гэжээ. Вена хотод төвлөрдөг ОПЕК-ийн удирдлагаас урьдчилан таамаглахдаа энэ жилийн газрын тосны байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглээ тус байгууллагын нийлүүлж байгаагаас илүү ихийг нэхэх байдалд очно гэж үзжээ.

Хэдийгээр нөхцөл байдал ийм байгаа ч газрын тос нийлүүлэгч орнуудын сайд нарын Вена хот дахь уулзалтаар  бүтээгдэхүүн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэрээ байгуулах оролдлого бүтэлгүйтсэн нь газрын тосны үнийн хямралд бүр ч нэрмээс болжээ. “Бидний хувьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй хамгийн бүтэлгүй уулзалт энэ боллоо” гэж Саудын Арабын газрын тосны сайд Али аль-Наими хэлсэн байна. Энэ уулзалтын үеэр газрын тосны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх саналыг эсэргүүцэж “хаалт босгосон” орнуудын тоонд Венесуэл, Иран, Алжир болон Ливи улсууд багтсан байна.

Венесуэлийн газрын тосны сайд Рафаэль Рамирез хэлэхдээ ОПЕК-ийн  ямар нэг бүтээгдэхүүний хэмжээг нэмэх нь “бидний тогтоосон үнийг нам унагах шалтгаан болно” гэж дүгнэсэн ажээ. Харин шинжээчид ОПЕК-ийн нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ тэгтлээ их өөрчлөгдөхгүй гэж баталцгааж байгаа гэнэ. Мөн энэ асуудлаар францын Үндэсний банкны газрын захирал ноён Том Бенц өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, “Миний бодлоор бол түүхий нефтийн үнэ байх ёстой өндөр хэмжээгээрээ л үнэлэгдэж, ОПЕК-ийн ихэхнх гишүүн орнууд өөрсдийн чадах чинээгээрээ л бүтээгдэхүүн нийлүүлж байгаа юм шиг санагдах юм” гэжээ.

Газрын тосны үнэ өсөөд байгаагийн шалтгааныг байнга өсөж байгаа эрэлттэй холбон үзэж байгаа бөгөөд тэр дундаа Хятадын хэрэглээ үүнд гол үүрэг гүйцэтгэж байгаа аж. Дээр дурдсан Бритиш Петролеумийн статистик мэдээнээс харахад өнгөрсөн 2010 онд газрын тосны хэрэглээ сүүлийн арван жилийн дунджаас хоёр дахин өндөр өсөлттэй гарсан буюу өмнөх оныхоосоо 3.1 хувиар өссөн аж. Сонирхолтой нь үнэ өссөн хэвээр байсан ч газрын тосны хэрэглээ буурах биш харин ч нэмэгдсээр байсан бөгөөд өнгөрсөн онд брент нефтийн дундаж үнэ түүхэн амжилтын хоёрт бичигдэхээр өссөн байна.

Тэр дундаа Хятадын газрын тосны хэрэглээ өдөр бүр 10 хувиар буюу 860 мянган баррелиар нэмэгдсээр байгаа аж. Үүний зэрэгцээ Хятад нь дэлхийн хэмжээнд эрчим хүчний хамгийн их эрэлт хэрэгцээтэй улс болсон байгаа билээ. Тус улсын эрчим хүчний хэрэглээ 5.6 хувиар өсөж байгаа нь 1973 оноос хойш гарч байгаа хамгийн хурдан өсөлтийн жишээ болж байна. Мөн л Бритиш Петролеумийн нэгэн удирдлагын хэлснээр бол 2010 онд хүмүүн төрөлхтөн өмнө нь хэзээ ч хэрэглэж байгаагүй их хэмжээний эрчим хүчийг ашигласан болж таарчээ. Энэ нь өнгөрсөн онд бараг бүх улс орон дахь нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нэмэгдсэн гэсэн үг бөгөөд Хятад гэхэд хамгийн өндөр үзүүлэлттэй буюу нүүрсхүчлийн хийн ялгаруулалт нь 10 хувь нэмэгдсэн байсан аж.

Японы эдийн засаг агшиж эхэллээ

Олон улсын валютын сангийн мэдээлж байгаагааса үзэхэд Японы эдийн засаг өнгөрөгч гуравдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас болж энэ онд гэхэд л 0.7 хувиар агших болж байгаа гэнэ. Газар хөдлөлтөөс өмнөхөн тус улсын  эдийн засаг 1.4 хувийн өсөлттэй гарч байсан нь одоо ийнхүү сөрөг үзүүлэлттэй болж хувирчээ.

Хэдий тийм боловч сэргээн босгох төслүүдийн хэрэгжилтийн үр дүнд ирэх онд Японы эдийн засгийн өсөлтийг 2.9 хувьд хүргэх боломжийг нээж өгнө гэж үзэж байгаа ювм байна. Сэргэн босгох сангаас гаргасан мэдэгдэлдээ 2012 онд эдийн засгийн өсөлтийг ийнхүү 2.9 хувьд хүргэж чадвал энэ онд гарах 2.1 хувийн үзүүлэлтээс илүү гарах магдаллалтай байгаа аж. Гэвч энэ бүхний тулд Японы удирдолагаас асар их хэмжээний өрийн хэмжээг багасгах ярвигтай даалгавар ьулгарч байгаа ажээ.

М.НАСТ
Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж