Үзмэр болсон “Тамхи татах цэг”

Хуучирсан мэдээ: 2015.09.03-нд нийтлэгдсэн

Үзмэр болсон “Тамхи татах цэг”

Автобус хүлээж зогсохдоо “Тамхи татах цэг”-ийг хараад хөөрхий хэзээ нэг хаалга, үүдээ нээж зориулалтаараа ашиглах юм бол доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Ил задгай тамхи татах нь хориотой боловч ийм битүү шүдэнзний хайрцаг шиг юманд хүн орж тамхи татах нь юу л бол. Ядаж нэг тал нь задгай байсан бол гэж хүмүүс ярилцана.

Түлхүүр нь хаана, хэнд ч явдаг юм бүү мэд. Уг нь нийслэлийн төсвөөс 300 сая орчим төгрөг зарлагадан 20 гаруй байршилд байгуулсан. Нэг цэг тус бүрийн үнэ нь 14-15 сая төгрөг аж. Харахад л шилэн болохоос “өвөөгийн амбаар”-аас ялгарах юун. Энэ хэмжээний мөнгөөр ямар нэг түмэнд хүртээлтэй ажил хийж болох л байлаа. Гэвч нэгэнт л хэдэн сая төгрөг үрэн байж босгосон юм чинь үүдийг нь нээж агаар салхи оруулах цаг болсон байлтай. Түүнчлэн “Тамхины хяналтын тухай хууль” замхран алга болчихож. Хотын хаана ч тамхи барин алхаж буй хүмүүсийг харж болно. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр л гэхэд хаа сайгүй тамхи татан бөөгнөрч зогссон залуус харагдаж байсан юм. Хуулийг нь гаргаад баталчихсан юм чинь хэрэгжилтийг нь нэг эргэж хараач. Давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж