Туг намируулж, тууз хайчлахгүй

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Туг намируулж, тууз хайчлахгүй

Ирэх сонгуулийн сунгаанд бэлтгэн Ардчилсан нам “Монгол хүн 2020” хөтөлбөр дэвшүүлэн иргэдийн санаа бодлыг сонсч буй бол МАН-ынхан “Ард түмнээ сонсох” аян өрнүүлэн аймаг бүрт очихдоо туг далбаа намируулан тууз хайчилж, сүрийг үзүүлэн давхисаар байгаа билээ. Удахгүй хоёр намынхан  Хөвсгөлд гутал тулах гэнэ. Ардчилсан намынхан энэ сарын 18-нд Хөвсгөл аймагт очиж, ардчиллын өлгий нутгийнханы санаа бодлыг сонсч “Монгол хүн 2020” хөтөлбөрөө хэлэлцүүлэх бол МАН-ынхан мөн энэ сарын 18-28-ний хооронд “Ард түмнээ сонсох” аян-аа үргэлжлүүлэхээр болжээ. Цаг хугацааны хувьд давхардаад байгаа энэхүү хоёр том PR-ын хугацааг зөрүүлэх гэж аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав хэрэндээ хичээсэн ч амжилт олоогүй сурагтай. Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай руу хэдэнтээ утас цохиж ирэх хугацаагаа түр хойшлуулах хүсэлт тавьсан ч тусыг эс олжээ. Тиймээс дээрх өдрүүдэд хоёр том намынхан бодлого үйл ажиллагаагаараа “тулалдаж” хөвсгөлчүүдийн сэтгэлийг татахаас аргагүй болж буй аж.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Монгол хүн 2020” хөтөлбөрөө 13 аймгийн иргэдээр хэлэлцүүлж, санаа бодлыг нь сонсоод байгаа бөгөөд 14 дэх аймаг нь Хөвсгөл болж, энэ зуны хаалтыг хийх болж буй тухай дуулгасан. Ингэхдээ бид туг намируулж, тууз хайчилж хэлбэрдэхгүй ард түмнийхээ үгийг сонсоно хэмээн сэтгүүлчидтэй хийсэн 4:11 уулзалтынхаа үеэр эрсхэн хэлнэ билээ. Харин МАН-ынхан яах бол сурсан зангаараа тугаа намируулж, туузаа хайчлан давхивал яана аа, нүдний булай гэж…

Г.Нар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж