Огцорсон зургаан сайдынхаа орны хүмүүсийг томилолгүй, Өршөөлийн хуулиар хаалтаа хийсэн ээлжит бус чуулганаас хойш буцалж байсан улс төр одоогоор нам жимхэн байна. Их тулааны өмнө нам гүм гэгчээр энэ байдал хэр удаан үргэжлэхийг хэлж мэдэхгүй юм. Ямартаа ч наймдугаар сарын 31-нд АНУ-ыг зорьсон УИХ-ын дарга З.Энхболдын гадаадад хийж буй ажлын айчлал есдүгээр сарын 5-нд өндөрлөж, тэрбээр эх орондоо ирнэ. Түүнийг АНУ руу мордсон хойгуур С.Ламбаа зөвлөх есдүгээр сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлахаас өөр аргагүйг хэвлэлээр зарлаж, хугацаандаа сайдуудынхаа асуудлыг оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэв. УИХ-ын даргын зөвлөх Ерөнхий сайдтай хариуцлага тооцно гэж том ярих хэмжээний субьект мөн эсэхийг мэдэхгүй ч энэ бол З.Энхболд даргын үг болох нь ойлгомжтой байна. Ч.Сайханбилэгт хандсан Их хурлын даргын зөвлөлийн үгийг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр бас бататгаж байна.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдын ойр дотны, шадар туслахуудын үгнээс харахад энэ сарын 7-ноос ээлжит бус чуулган зарлаж магадгүй байна. Ийм даалгаврыг өгөөд, ирэхэд нь ээлжит бус чуулганыг зарлах бэлтгэл базаасан байхыг УИХ-ын дарга гадаадад айлчлал хийхээр явахынхаа өмнөхөн үүрэгдсэн байхыг үгүйсгэхгүй. Учир нь, тэрбээр Засгийн газрын тухай хуульд зааснаар 30 хоногийн хугацаанд буюу энэ сарын 6-наас өмнө сайд нарынхаа асуудлыг УИХ-д оруулж ирэх хүсэлтийг Ч.Сайханбилэгт өгсөн боловч хариуг нь авч чадалгүй явсан юм.
Намын даргынхаа илгээсэн хүсэлтэд одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс намрын чуулганаар Засгийн газрын гишүүдийнхээ асуудлыг оруулж ирэх байр сууриа хатуу хамгаалахын тулд танхимынхаа гишүүдийг “хайрцаглаж” эхэлсэн гэх мэдээлэл ч саарал ордноос сонсогдох боллоо. Үүнтэй зэрэгцээд Ч.Сайханбилэгийг ҮЗХ-гоо хуралдуулахаар гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж эхэлснийг сөрөг намын пиарчид твиттерээр зарласан ч Ардчилсан намын зүгээс хариу реакци үзүүлээгүй юм.
Ийнхүү ордны зүүн, баруун жигүүрийнхэн ирэх өдрүүдэд саарал ордноо үргэжлэх улс төрийн драмдаа бэлтгэцгээж, хэн хэн нь төлөвлөгөөгөө нуусан, тандсан байдалтай байгаа билээ. Гэхдээ засгийн асуудлын гол гацаа нь Тавантолгой болох нь нэгэнтэй ойлгомжтой болсон. Өөрөөр хэлбэл, Тавантолгойг тойрсон хэрүүл Ч.Сайханбилэгийн танхимын зургаан гишүүдийг хөөхөд хүргэснээс гадна бүрэн бүтэн болоход том саад болж байгаа нь хэн хүний нүдэнд харагдахаар ил тод байна. Тиймээс Зам тээврийн сайдаар хэн очихоос Тавантолгойг хэн авах, бүр цаашлаад УИХ дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хоёрын хэн нь энэ тоглолтод ялах нь тодорхой болно. Улс төрийн энэхүү хачин тайван байдлын ард Тавантолгойн том зодоон өрнөсөн хэвээрээ байгааг харин онцолъё.
Улс төрийн ринг дээрх улстөрчдийн зодоон ширүүсэхийн хэрээр улс орны эдийн засаг улам доройтсоор. Удахгүй улстөрчид маань эдийн засгаа хорлон сүйтгэсэн их гоё амлалтуудаар элийрээд эхлэх биз дээ. Эцэст нь тэд биш бид л бүсээ чангалдаг шүү дээ.
Ардын намтай атгалцсан гараа тавилцаж, зургаан сайдыг нь хөөж явуулсан Ардчилсан намынхан л хоорондоо алалцаад байгаа юм биш аж. Засгаас хөөгдсөн Ардын намынхан ч дотроо хэрүүлтэй, У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчнийхэн, Сү.Батболд, С.Баяр нартай хүч хавсран хотын фракциа шахах хор найруулаад эхэлсэн сураг ч хэвлэлээр цацагдах болжээ. Дотоод тэмцлээ барагтай бол гадагшлуулдаггүй МАН-ынхан сүүлийн үед хэрүүл, зодооноо нууж хаахаа ч больсон. Сонгууль ойртох тусам тэдний тэмцэл улам ширүүсч магадгүй шинжтэй байна.
Ц.Нямдоржийн хэлснээр Ардчилсан намын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн илгээсэн 20 хуудас бүхий хайрын захидлаас татгалзаж чадаагүй МАН-ын дарга М.Энхболд намын гишүүдийнхээ өмнө хэлэх үггүй тун төвөгтэй байдалд ороод байгаа аж.
Хүчтэй сөрөг хүчин чигээрээ үлдэлгүй, Ардчилсан намд хөөгдсөний гол бурууг намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, генсек Ж.Мөнхбат гуравтаа тохож, Бага хурлаа хуралдуулан хариуцлага ярихаар Ардын намын зарим фракциуд хөдөлж эхэлсэн гэх.
У.Хүхэлсүхийн толгойлдог “Ардын хүч” фракцийнхан намын удирдлагуудаа хэт хүлцэнгүй байгаад шүүмжлэлтэй хандаж, энэ хэвээрээ байвал арван зургааны оны сонгуульд ялах магадлал бага байгааг ч шүүмжлэх болсон байна. Энэ шалтгаанаар намынхаа Бага хурлыг хуралдуулж, удирдлагуудтайгаа хариуцлага тооцох нэрээр намынхаа даргаар У.Хүрэлсүхийг тавих яриа ч Тусгаар тогтнолын ордонд өдөлж эхэлжээ.
Гэхдээ “Ардын хүч”-ээс явуулж байгаа улс төрийг харахад Ардын намынхан Ардчилсан намд хөөгдсөндөө толхилцож байгаа биш, арван зургаан оны сонгуулийн ар дахь эрх мэдлээ булаацалдах болсон нь тодорхой байна. Ардын нам арван зургаан оны сонгуульд ялна гэдэгтээ тун чиг итгэлтэй байгаа билээ. Тиймээс ирээдүйн Ерөнхий сайд хэн болох вэ гэсэн зодоон Ардын намд илэрхий өрнөж байгаа юм.
Энэ бүхэн ирэх жилийн сонгуулийн зодоон ихээ эртээ эхэлсний бас нэг илрэл гэлтэй. Харамсалтай нь, улс төрийн ринг дээрх улстөрчдийн зодоон ширүүсэхийн хэрээр улс орны эдийн засаг улам доройтсоор. Удахгүй улстөрчид маань эдийн засгаа хорлон сүйтгэсэн их гоё амлалтуудаар элийрээд эхлэх биз дээ. Эцэст нь тэд биш бид л бүсээ чангалдаг шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН