Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд гарын үсэг зурсан нэгэн бичгийн удирдамжийн дагуу УИХ шийдлийн засгаасаа Монгол ардын намыг хөөчихсөн. Өмнө нь ашиг, сонирхол нэгтэй нөхдүүд хоттой хониноос хоёр гурваар нь сугалах тактикаар Н.Алтанхуягийн засгийг годроотуулж дөнгөсөн гашуун сургамжийг санасан Ч.Сайханбилэг өөрийн биеэр зургаан сайдыг огцруулах төслийг өргөн барихгүй гэж үзсэн ч /2015.08.05/ шахаанд орж, аргагүйн эрхэнд зурсан тогтоолын төслөө УИХ-ын болон Ардчилсан намын даргадаа өргөн барьсан билээ.
Зурахаас өөр аргагүй болсон энэ тогтоолоос гадна хөөгдсөн сайдын оронд томилох тогтоолын төсөлд өөрөө “таашаалтайгаар” гарын үсэг зурна гэж Ч.Сайханбилэг тооцоолсон ч талаар болжээ. Дахиад л Зи даргын бичиж өгсөн нэрсийн дор гарын үсэг зурах бололтой. Даруулаад авсан ч яаж мултрахаа сэдэж буй.
Хэд хоногийн өмнө Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдахад З.Энхболд дарга дэд сайдаар томилуулах хүмүүсийнхээ нэрсийг оруулж ирсэнээс харвал яалт ч үгүй, тийм нөхцөл байдал руу л үйл явдлын өрнөл хөтөлжээ. Монгол ардын намын хөөгдсөн зургаан сайдын гурвынх нь суудал Ардчилсан намынх. Тэрхүү суудалд горилогчид нь УИХ-ын гишүүн Г.Баярсайханаас эхлээд Д.Арвин, Б.Наранхүү, А.Гансүх, Л.Эрдэнэчимэг, Г.Батхүү.
Эдгээр нэрс дуулдсан даруйдаа л үгүйсгэгдэж ирсэн. Өвөрхангайд Ардчилсан намын нэр хүндийг навс унагаж, хүчээр шахуу УИХ-д орж ирсэн гэгддэг Г.Батхүүг МоАХ-ын зүгээс дэс, дараалалтайгаар шүршиж буйг хэн хүнгүй харж суугаа. Дээр нь эрүүгийн элементүүдийг сайдад томилтлоо боловсон хүчний дутагдалд ороогүй гэх бухимдлыг жирийн гишүүд гаргаж буй. Тавантолгойг гацаасандаа баярлаж буйгаа илэрхийлсэн хүнийг бол Ардчилсан намынхан байтугай жирийн иргэд ч эсэргүүцэж яваа.
Харин “Шударга ёс” эвслийн мэдлийн гурван суудалд УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ордноор салхилах гэж ирдэг хүний хүү Э.Батшугарын сураг дуулдаад байгаа. Нэг хүний эрх ашгийг хамгаалахаар байгуулагдсан эвслийн талаар ч юу ярих вэ?
Ийм шуугиан дуусаагүй байтал Ардчилсан намын дарга З.Энхболд Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ч.Батцогт, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэрэнчимэг, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын Н.Мөнхдаш нарын таван нэр дэвшигчийг дэвшүүлсэн гэх мэдээлэл байна. Тэднийг Ардчилсан намд эсэргүүцэгчид захаасаа аваад олдоно. “Аймгийн намын хороогоо хоёр хувааж, сонгуульд ялагдуулсан дуракуудыг шагнаж байна” гээд захаасаа босох хүн олон.
Ингээд дараагийн гарын үсгийг Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнийхөн зурахад хүргэв.
Тэд “Намын дарга З.Энхболд таныг “Фракцигүй Ардчилсан нам”-ыг санаачлагчийн хувьд Гүйцэтгэх зөвлөлөөр батлуулсан дэд сайд нарын томилгооны саналаа татан авч, фракциудын шахаанд оролгүйгээр, мэргэжлийн, чадварлаг нэр дэвшигчдийг сонгон томилуулах санал оруулахыг уриалж байна. Мөн Ардчилсан намаас нөхөн томилох сайд нарыг зөвхөн УИХ-ын гишүүдээс томилох зэрэг хэт туйлширсан шийдвэрээ эргэн харахыг хүсч байна” гэсэн утга бүхий мэдэгдэл гаргажээ. Түүндээ ҮЗХ, Намын Их хурлыг хуралдуулахыг шаардаж буйгаа ч дурдахаа мартсангүй.
Энэ бүхнийг Ерөнхий сайд шүүрч аваад ҮЗХ-г хуралдуулах саналаар гишүүдээс нь гарын үсэг цуглуулаад эхэлсэн тухай дуулиан дэгдэв. Гэхдээ үүнд Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Худлаа мэдээлэлд тайлбар хийх ч шаардлагагүй биз” гэсэн хариултыг өгсөн ч үнэндээ оргүй хоосон цуурхал биш бололтой. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн мутар одоо үнэд ордог цаг. ҮЗХ-ндоо хамгийн олон суудалтай байгаа “Шонхор”-ынхон ҮЗХ-ны гишүүд тэрхүү саналд “гарын үсгээ зурчихгүй юу” гэж тавлаж буй ч Зи дарга эзгүйд дотроо айдастай буй. Тиймээс ч “чоно борооноор” гэж жиргэцгээж байна.
Ерөнхий сайдад ҮЗХ-г хуралдуулах сонирхол туйлаас их бий. Хуралдуулах шалтгаан нь өөрийгөө өрөвдүүлэх бус Их хурлаа зарлан хуралдуулж, намын даргын асуудлыг нэг тийш болгоход оршиж буй. Үүнийгээ ч өөрөө илэрхийлсэн. Харин тэрхүү хурлыг хийлгэхгүй байхад өөрийн бүх бололцоогоо З.Энхболд ашиглана.
Ч.Сайханбилэг ҮЗХ-ны гишүүдтэй хэзээний тулж уулзаад эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. ҮЗХ хуралдуулах гарын үсэг цуглуулах нэг хэрэг. Хурлаас өөрт ашигтай шийдвэр гаргуулах өөр хэрэг. Тиймээс хурлын өмнө гишүүдийн саналыг багцлахаар ажилдаа орсон болов уу. ҮЗХ-ны хурлаар ирэх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах амлалт өгч, гар хөлийн үсэг зуран гарч ирсэн З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын алиных нь талд асуудал шийдэгдэх вэ гэдэг нь хурлын гишүүдийн санал хэн нь сайн багцалж чадахаас хамаарна.ҮЗХ-ны хурлаар ирэх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах амлалт өгч, гар хөлийн үсэг зуран гарч ирсэн З.Энхболд, Ч.Сайханбилэг хоёрын хэнийх нь талд асуудал шийдэгдэх вэ гэдэг нь хурлын гишүүдийн саналыг хэн нь сайн багцалж чадахаас хамаарна. Хэрэв саналыг багцалж дийлвэл Ч.Сайханбилэг УИХ-ын даргад,
-Хангай тэргээр хацар дунд чинь халуун шаг
Хаздаг буураар хажуу талаас чинь дайран дуг
Арслан барсаар амин голийг чинь таслан шаг
Өрөөлтэй мориор өрөөсөн хөлийг чинь өшиглөн шаг
Өнчин хүүгээр өвчүүн дунд чинь өрлөн цод хэмээн “таван халуун” хийж мэдэх юм.
Ардчилсан намыг боловсон хүчингүй, олны амны бай болгох нэрсийг Гүйцэтгэх зөвлөлдөө оруулж ирээд буй З.Энхболд даргад дургүйцсэн хүн ҮЗХ-нд бишгүй байгаа. Гадна, дотроос гарсан хэдхэн фракцдаа дөрлүүлсэн Ардчилсан намын жирийн гишүүд удирдлагынхаа утгагүй үйлдэлд ундууцаж суугаа.
Тиймээс Монгол ардын намын сайд нарыг “идэж”, засгийн ноёныг шалж эхэлсэн өрөг мад тавьснаар дуусах уу, ничих үү, өөрөө мад тавиулах уу гэдэг дараа дараагийн гарын үсгээс хамаарна. Цодгор хүүгийн цодлооноос гарахын тулд “тэмээ” зөрүүлээд дуглаадахлаа. Дуглаа, цодлооноос хэрхэх вэ гэдгийг хэн хэн нь тунгааж суугаа. Хүслээ гүйцэлдүүлэхдээ өөрийн хүрээллийг бүрдүүлж, бэрс, тэмээ, морь, тэрэг, хүүтэй байж гэмээн мад тавина. Хэн нь хүрээллээ хэрхэн бүрдүүлэхийг харах л үлдлээ. Уг нь тэрэг тэмээ шиг нүүж болохгүй л дээ. Шатар дуусахад ноён, хүү хоёр нэг л хайрцаганд ордог нь жам юм даа.
Л.НАРАНТӨГС