Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

”Сэлэм” Башар

Сирийн эрх баригчид тус орны баруун хойд хэсэгт 120 цагдаа алагдсан тухай мэдэгдлээ. Дэглэмийн эсрэг байгаа хүмүүс тэнд 40 хүн алагдсаны ихэнх нь энгийн жагсагчид байсан гэлээ. Хэнийх нь зөв байсан нь хамаагүй, Сирийн хэрэг явдал Ливийн байдалыг улам санагдуулж эхлэв.

Эрх баригчид ба Засгийн газрын эсрэг тэмцэгчдийн сөргөлдөөн Сирид 11 дэх долоо хоногтоо үргэл­жилж байна. Тус орны өмнө хэсэгт орших жижигхэн Дера хотоос эхэл­сэн эсэргүүцэл бусад нутагт тархан хотуудад ээлжлэн жагсаал болж, ардчилсан өөрчлөлтийг олон нийт шаардан засаглалаа солихыг хүсч байна. Засгийн газар нь эхлээд энд тайван хандаж, цагдаагийнхан нь хэн нэгнийг бороохойдож, заримыг нь хорьж, бусдыг нь нулимс асгаруулах хийгээр хор­дуулж арай л цус урсгаагүй байв. Иргэдийг ташуурдаж байсан эрх баригчид бал бурам амлаж, хагас зуун жил үйлчилж байсан онцгой байдлаа цуцлав. Мөн зарим нэг шинэчлэлтийг амлав. Гэсэн ч жагсагчдыг тайвш­руул­сангүй, тэд улс төрийн сис­темээ солихыг шаард­саар байсан юм. Тэр бүгдийн дараа эрх баригч Башар Ассадын талынханд “хатуу шугам баригсад” давамгайлж эхэллээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр үймээнтэй хотуудад цэрэг техник оруулан жагсагч­дыг буудаж эхлэв.

Тийм тактик тэдний хүлээж байсан үр дүнг өгсөнгүй. Алагдсан хүмүүсийн тоо эрчимтэйгээр дээ­шилж, тавдугаар сард 1000 хүн болсны дараа эсэргүүцэл улам хүчтэй өрнөлөө. Сирийн эрх бариг­чид интернэт, холбоог хааснаар барахгүй цэргийн ажиллагааг явуу­ла­­хын өмнө бүхэл бүтэн хотуудын гэрэл цахилгаан, ус, холбоог та­салж байлаа. Засгийн газар нь энэ бүг­дий­гээ ард түмнийхээ төлөө хийж байна гэж мэдэгдэж байв. Тэдний хэлснээр хүмүүс  хотоор дүүрсэн дээрэмчид, тер­ро­ристууд ба лалын хэт даврагчдаас чөлөөлж өгөхийг Зас­гийн газраас гуй­сан болж таарав. Тэр мэдээллээ бат­лахын тулд буу зэвсгээ тэврээд алагд­сан “дайчдын” зу­раг харуулж байлаа. Мэ­дээж түүнийг энгийн сири­чуу­дын сайн сайхны төлөө л хийсэн гэж байлаа.

Гэтэл бослого намжсангүй. Түү­гээр ч барахгүй бага тушаалын офи­це­рүүд, цэргийнхэн нутаг нэг­­нээ хөнөөхгүй гээд оргон зугтаж, эсэргүүцэгчдийн талд орж байгаа мэдээ­лэл энд тэндгүй гарах болов. Тэдний зарим нь өөрсдийн шийдвэрийг тайлбарласан видео бичлэгийг хүртэл хийлгэсэн байлаа. Агуулга нь энгийн бөгөөд тэд ард түмнээ хамгаалан Израиль­тай тэм­цэхээр армид орсон чинь ард түмнээ бууд гэж тулгаж байна гэсэн утгатай байсан юм.  Хэрэв ямар нэгэн Ахмед мод чулуугаар зэвсэглээд байгаа бол Сирийн зэвсэгт хүчинд аюул учруулахгүй. Харин армийн дэслэгч Ахмед нь Калашниковын сайжруулсан автоматтайгаа байгаа бол өөр хэрэг. Тийм ухамсартай офицерүүдийн тоо нэмэг­дээд байх юм бол Засгийн газарт халтай.

Туркийн хилийн орчмын  Жиср аль-Шугур хотод энэ сарын 6-нд тийм дэслэгч нар нэлээдгүй гарч ирсэн бололтой. Олон нийтийн эсэргүүцэл эхэлсний дараа зургадугаар сарын 4-д хотын гэрэл цахилгааныг таслан ус, ундааг хаалаа. Тэр нь хотыг эзэлсэн “зэвсэгт дээрэмчдээс” цэргийн хүчээр хотыг чөлөөлнө гэсэн утгатай аж.Цааш нь юу болсон талаар тодорхой мэдээлэл алга. Жиср аль-Шугураас товч тодорхой мэдээлэл ирэхгүй байгаа. Дамаскийн албан ёсны мэдээгээр шүдээ хүртэл зэвсэглэсэн исламистууд орон нутгийн аюулгүйн албаны байр байшинг шатаан түүний бүх ажилтнуудыг устгасан гэнэ. Цагдаа нарт явуулсан тусламж нь отолтод орон бут ниргэгдсэн байна. Үр дүнд нь 120 цэрэг, цагдаа алагдаж, хотын хяналтыг “түр зуур” алдаад байна гэж эрх баригчид мэдээлжээ.

Сирийн хүний эрхийн төлөө тэмцэг­чид арай өөр хувилбарыг ярьж байна. Цэргийнхэн жагсагчдыг буудан 40 орчим хүнийг хөнөөсөн. Үүнийг хотынхон эсэргүүцэл үзүүлж зургаан цагдааг устгасны дараа үлдсэн нь зугтаж хот босогч­дын хяналтад оржээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр жагсагчдыг буу­дахаас татгалзсан цагдаа на­рыг Засгийн газрын цэргийнхэн буудан цээрлүүлсэн аж. Энэ мэтээр мэдээлэл зөрөлдөөнтэй, түүнийг шалгах арга­гүй. Гадаадын сэтгүүлч­­дийг Сирид оруулахгүй байгаа. Албан ёсны болон албан бус мэдээллийг харвал өөр хоорондоо таарч буй зүйл ховорхон. Бараг ганцхан гэхээр таарсан мэдээлэл нь Жиср аль-Шугур хот Засгийн газрын хяналтаас  гарчээ гэх мэдээлэл.
Эрх баригчид “хамгийн хатуу аргаар” тэнд дэг журмыг сэргээхээр амласны хариуд хотынхон хамгаалалт босгон дайралтыг няцаахаар бэлтгэж байна. Ингэхдээ хотын хүүхэд эмэг­тэй­чүүд, ахмадуудын ихэнхийг хил давуулан хөрш Туркт явуулжээ. Зас­гийн газрын мэдээгээр хотод зөвхөн буудлагын зэвсгээс гадна гранат харвагч, хүнд пулемётаар зэвсэглэсэн хэдэн зуун дайчид байгаа гэнэ. 1980-аад онд үймээнийг харигслан дарж байсны гэрч болсон энэ хотын төлөө томоохон тулалдаан болох нөхцөл байдал үүсчээ.

Энд хамгийн гол нь Сирийн эрх баригчдад тулгарч байгаа асуудал. Хэрэв тэд Жиср аль-Шугурт ганцхан өдрийн дотор 120 цэрэг офицераа алдсан гэж үнэн мэдээлсэн бол Засгийн газар нь сайтар зэвсэглэсэн сайн зохион байгуулалттай босогч­дын хүчинтэй тулгарсан болж таар­на. Хэрэв сөрөг хүчнийхэн үнэн ярь­­­сан бол Сирийн армид хөдөлгөөн орж, цэргийнхэн бөөнөөрөө иргэ­дээ буу­да­хаас татгалзаж байгаа болол­той. Бослогыг дарах шаардлага эрх баригч­дад байгаа болохоор энгийн иргэдээс бүрдсэн армид биш. Мэ­дээж эрх баригчид өөрсөдтэй нь ижилхэн засаг захиргаатай болох, эсвэл суудлаасаа буухыг хүсэхгүй. Гэхдээ нэр нүүрээ бүрэн алдахгүйн тулд Жиср аль-Шугурын иргэдийн эсрэг хүнд тех­ник, нисэх хүчнийг хэрэглэх нь эрх баригчдад ашиггүй. Орчин үеийн мэдээл­лийн техникийн тусламжтайгаар тэр тухай дэлхий удахгүй мэдэх болно. Цэргийнхнээ гудамжны тулаанд хөөн оруулах нь асуудлыг шийдэх үүднээс харвал эргэлзээтэй үйлдэл. Хэрэв хоногийн дотор босогчид 120 хүнийг устгасан юм чинь ахиад тулалдахад хохирол их гарах нь ойлгомжтой.

Үүний хажуугаар бусад хотуудад ч байдал тайван биш байна. Хомс, Сирийн төв ба зүүн хэсэг, Дамаскийн дагуул хотууд Дераа буцалсаар л байна. Хэрэв хойд хэсэгт дайн эхэлбэл эдгээр хотынхон ямар байхыг хэлэх аргагүй. Олон улсын төвшинд ч дэглэмийн нэр хүнд сайнгүй байгаа. Нарийвчлан хэлбэл, Башар Ассад ба түүний хүрээнд сайн, муу гэсэн хоёр мэдээ байна. Муу мэдээ нь, Франц энэ дэглэмийн эсрэг авах олон улсын хориг арга хэмжээний НҮБ-ын тогтоолын төслийг боловсруулаад байгаа юм. Орос, Хятад хоёр эсрэг байгаа ч Франц өөрийн баримтыг зүтгүү­лэхээр шийдээд байна. Сайн мэдээ нь ерөнхийлөгч Ассадыг огцруулах гэсэн хүн алга. АНУ, Израиль хоёр ч тэр харгис Ассадыг байлгахад татгалзахгүй байна. Тэр харьцангуй сул­хан, ойлгомжтой нэгэн. Иргэний дайн дэгдвэл Сири өөрөө баларна. Тийм өрнөл нь хэдэн зуун мянган хүнийг дүрвүүлэн хөрш Ливан, Иракийн байдлыг бусинуулах аюул­тай­гаас гадна Иордан, Туркын толгойн өвчинг нь нэмэгдүүлнэ. Израиль ч өөрөө нэлээдгүй бухимдах болно. Ассадын оронд “Мусальман ахан дүүсийн” Израилийг үзэн ядсан нэгэн хээрийн дарга солиод гарч ирвэл хэдхэн зуун палестинчуудын Голаны өндөрлөгт нэвтрэх гэсэн оролдлого хүүхдийн тог­лоом шиг л байсан болоод хэдэн зуун мянган хүн цөмрөлт хийгээд орж ирнэ.

Өнөөгийн нөхцөлд ийм ирээ­дүй улам бодит болж байгаа уч­раас саяхан Ойрхи Дорнодод зориу­­лан хэлсэн үгэндээ АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Ассадад хандан хүчирхийллээ нэн даруй зогсоон шинэчлэл хийхийг уриалсан байлаа.  Сирийн  үйл  явдлын талаар Израиль огт дуу гарахгүй байгаа нь сонин. Иерусалим хөршийнхөө ерөнхийлөгчид таатай биш ч тэр унах нь Израиль сайн сайхныг авчрахгүй. Ассадыг палестинчуудыг хил рүү хөөлөө гэж шүүмжлэх боловч олон нийтийн эсэргүүцлийн талаар нь Биньямин Нетаниягу ба түүний баг дайсныхаа суудлыг ганхлаа гээд баяр хөөргүй л сууж буй.

Энэ бүгд Ассадад онцын баяр хөөр авчраагүй. Харин сиричууд газар нутгийг нь эзэлсэн Израилийн эсрэг яагаад арми нь явахгүй, ард түмнийхээ эсрэг яваад байгааг сонирхох нь олширч байгаа. Ер нь ерөнхийлөгч Ассад хэний төлөө байна вэ?  Ийм асуудал түүнд тааламжтай биш. Зэвсэггүй палестинчуудыг Израилийн бууны галд илгээсэн нь тэр “сионизмын эсрэг үзэлдээ үнэнч” гэсэн өөрийн эх орончоо харуулах гэсэн оролдлого юм. Гэлээ ч Ассадын хувьд гаднаас байгаа сайн мэдээ нь муугаа даваад байгаа. Францын тогтоолын төсөл нь “зөөлөн” бөгөөд түүнд Орос хориг тавина. Үймээнийг хатуугаар дарахад нь түүний гар чөлөөтэй болсон.

Түүний эсрэг боссон иргэдийнх нь төлөө АНУ ба НАТО хөдлөнө гэж айх хэрэг Ассадад алга. Хэрэв Засгийн газрын цэрэг нь аймшгийг зүйл үйлдчихгүй бол шүү.

Ш.МЯГМАР
Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж