Улсаас 13 тэрбум төгрөг завшсан гэж сэжиглэн шалгаж эхэлсэн Л.Гансүхийн гэгдэх хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд 09.00 цагт эхэллээ. Шүүх хуралдаанд шүүгдэгчээр “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа ашиглаж мөнгө зувчуулсан гэх Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлан зөвлөх Л.Гансүх, "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нар ирсэн байлаа. Мөн шүүх хуралд гэрчээр оролцохоор Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, н.Бямбадорж, н.Базарсүрэн, н.Мөнхчулуун нар ирсэн юм. Мөн шүүх хуралд зайлшгүй мэдүүлэг өгөх ёстой гэгдэж байсан “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар ирэхээс үндэслэлгүйгээр татгалзжээ.
Шүүх хуралдаан эхэлмэгц даргалагч шүүгч Х.Идэрт Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Энэ хэрэгт “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нар голчлох гэрчийн мэдүүлгийг өгөх учиртай. Гэтэл шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаж, шүүхийг үл тоомсорлож байна. Дээрх гэрчүүдийг албадан авчруулах шийдвэрийг Тахарын алба хэрэгжүүлж чадсангүй. Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо надад хэлэхдээ “АТГ-ын мөрдөн байцаагчид айлган сүрдүүлж, тулган шаардаж гарын үсэг зуруулсан. Өөрсдийн нягтлан бодогчоор тооцоо гаргуулчихаад намайг хүчээр гарын үсэг зурахыг шаардсан” гэсэн. Энэ яриаг нь би нотлох баримт болгон бичиж авсан. Мөн М.Отгонбаяр захирал ямар нэгэн “но”-той учраас гэрчийн мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Иймээс дараагийн удаад шүүх хуралд эдгээр хүмүүсийг оролцуулах ёстой гэж үзэж байгаа тул хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргаж байна” гэсэн юм. Мөн шүүгчдэгч "Эм Жи Эл Эс Би" компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын өмгөөлөгчид түүнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж байлаа.
Л.Гансүх: АТГ гэрчүүдийг дарамтласан
Мөн энэ үеэр шүүгдэгч Л.Гансүх “Энэ хуралд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, дүгнэлт гаргасан Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарыг оролцуулахыг хүсч байна. Ш.Ичинхорлоогийн хуудуутай, зөрчилтэй гаргасан дүгнэлт шийдвэрээс болоод энэ хэрэгт өдий болтол үргэлжлээд байна шүү дээ. АТГ-ынхан хууль бусаар дүгнэлт хийлгэсэн болохыг тэрээр өөрөө ч ярьсан байдаг. Мөн М.Отгонбаяр гүйцэтгэх удирдлагаас АТГ-ынхан гэрчийн мэдүүлэг авахдаа намайг зориуд буруутан болгох асуултыг чиглүүлэн асуусан байдаг. Үүнээс нь болоод Л.Гансүх намайг дарамталсан гээд мэдүүлэг өгсөн гэсэн. Иймээс энэ хоёр хүнийг гэрчээр оролцуулна уу” гэх хүсэлтийг гаргасан юм.
Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг шийдвэрлэхээр 10 минут орчим завсарласны эцэст шүүх хурлыг энэ сарын 10-ны өдрийг хүртэл хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Мөн шүүгчдэгч Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг цагдан хорихоор болж дараагийн шүүх хурлыг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангийн танхимд хийхээр болсныг хэлснээр өнөөдрийн хурлыг өндөрлүүлсэн юм.
Шүүх хурал тармагц Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж хэвлэлийнхэнд хандаж “Хуулийн дагуу бол оргон зайлсан, мөрдөн байцаалтад саад учруулсан нөхцөлд сэжигтнийг цагдан хорих учиртай. Гэтэл шүүх өөрийн дуудаж хуралд оролцуулах ёстой гэрчээ ирүүлж чадаагүйн төлөө, Тахарын алба нь ажлаа хийж чадаагүйн төлөө хурлыг хойшлуулж, Л.Гансүх нарыг цагдан хорьж байна. Өөрөөр хэлбэл ямар ч үндэслэлгүйгээр баривчилж байна гэсэн үг. Угаас энэ хэргийг ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс шүүж байгаа. Тиймээс дараагийн хуралд шүүгчдээс татгалзах тухай яригдах байх” гэсэн юм.
Харин шүүх хуралдаан гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зүгээс энэ хэрэг нь Шинэчлэлийн засгийн газрыг унагаах гэсэн улс төрийн сонирхол бүхий нөлөө бүхий хэдхэн хүний хор байсан гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Мөн тэрээр
-“Энэ бол Н.Алтанхуягийн нэр хүндийг унагааж улмаар Шинэчлэлийн Засгийн газрыг унагаах ажлын нэгээхэн хэсэг байсан. Шинэчлэлийн засгийн газрыг удирдаж байхдаа улс төрийн бүлэглэл, хэдэн хүний дарамт, үгээр ажлаа явуулаагүйн төлөө намайг болон эргэн тойрны хүмүүсийг ийнхүү буруутан болгож харагдуулж байсан. Охиныг минь хүртэл буруутай болгож харагдуулахаар шалгалаа шүү дээ. Миний ойр хавийн бүх хүнийг шоронд хийж байна. Л.Гансүх ямар ч буруугүй. Өвөл боллоо нүүрсний үнийг бууруулж өгөхийг иргэд өөрсдөө хүссэн. Шинэчлэлийн Засгийн газраас сэтгэл зүрхээ гарган ажиллаж 200 мянган төгрөгийн нүүрсний үнийг 80 мянган төгрөг болгож хоёр дахин багасгасан. Энэ их ажлыг сайн зохион байгуулах ажлыг Л.Гансүхээс хүсч улмаар даалгасан юм. Тэрнээс биш энэ хөтөлбөрт Л.Гансүх мөнгө төгрөг олгодог, гарын үсэг зурдаг хүн биш. Бүх шийдвэрийг Шинэчлэлийн засгийн газрыг удирдаж байсан Н.Алтанхуяг миний бие гаргасан. Энэ хэрэгт хохирогч байхгүй. Хохирогч гээд байгаа “Багануур” ХК анх удаагаа ашигтай ажилласан юм шүү. Надад маш зузаан нотлох баримт бий. Тэр баримтыг би дараагийн хуралд хэлж Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотолж улс төрийн сонирхол шоу байсан гэдгийг гэрчилнэ” гэж байлаа.
Ингээд Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын шинжээч Ш.Ичинхорлоо нарыг албадан шүүх хуралд оролцуулж хэргийг энэ сарын 10-нд Цагдан хорих ангийн танхимд шийдвэрлэхээр боллоо.
Д.ЖАРГАЛ
Зураглаач Ц.АРИУНБОЛД