Хөөрхий дөө парк минь

Хуучирсан мэдээ: 2011.06.10-нд нийтлэгдсэн

Хөөрхий дөө парк минь

News.mn-ийн мэдээлсэн “Гал үндэс­тэн холбооны Г.Мөнхбаяр Төрийн ордон руу нум сум харваж байна” гэх мэдээнд “Худлаа эх оронч дүр эсгэхээ болиоч. Харин та нарыг Хүүхдийн паркийн газрыг чөлөөлье гэсэн бол би үнэхээр дэмжих байлаа” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байсан. Үнэхээр ч өр өвдөж, тэсэхээ байгаад бичсэн сэтгэгдэл байх. Нээрээ л умайсан жижигхэн талбайд хэдэн тоглоомоо шахцалдуулсан Хүүх­дийн паркаа харахаар өр өвдмөөр л байгаа юм чинь.

Парк явна гэсэн мэдээг сонссон цагаасаа эхлээд нойр хулжин догдолж, ээж аавыг ажлаасаа ирэхийг нь амдан хүлээсээр парк руу бөөн баяр хөөр дэгдэж, амаа заваартал чихэр идэж, хөлсөө урсаж, халтайтал тоглодог асан хүүхэд насны гэгээн дурсамж минь “Парк явна гэж хэлчихээд аав та хоёрыг ажлаасаа ирэхгүй удаад байхаар нь бид нар хамаг гоё хувцсаа өмсчихөөд байрныхаа гадаа зогсоод хурдхан ирээсэй гэж байрны буланг бараг элэгдтэл нь хараад зогсдог байсан” гэж хэзээ хойно ээждээ хэлэхэд “Ишш зайлуул даа, тэгж их хүлээдэг байсан юм уу. Бид нар л болсон хойно ажил ажил гээд л явж байсан байх даа” гэж уртаар шүүрс алдсан сан.

Манайх олон хүүхэдтэй, өнөр өтгөн айл байсан болоод ч тэрүү парк явахдаа хуушуур хайрч савлаад, гурвын “бидонд” хатсан алимаар компот хийж аваад морддог сон. Модны сүүдэрт ирийтэл сууж байгаад түүнийгээ бөөн хөөр болж ууж иднэ. Манай л ижил олон хүүхэдтэй ээжийн ажлын газрынхан паркийн бас нэг алс мухарт модны сүүдэрт суучихсан хүүхдүүд нь компотоо залгилж, аав нь чанаж хэрчсэн махнаас хувь хүртээж суудаг сан. Одоо бодохоор инээдтэй ч юм шиг, уярам дурсамж. Аавууд мэдээж хэрэг “Хол гүйж төөрөв” гэж гэрээс гарахын өмнө хичээнгүйлэн загнах. Үнэхээр ч төөрөх магадлалтай л байсан даа, парк. Саяхны нэг өдөр манайхан паркт очихдоо хуучин шигээ санаад юуны түрүүнд алсыг харагч дээр суугаад хаана хаана ямар тоглоом байгааг багцаалдаад зугаалга хийх төлөвлөгөө гаргана гэсэн чинь юун төлөвлөгөө гаргах…. Алгынхан чинээ газар дээр шавааралдсан хэдэн тоглоомыг хараад сэтгэлээр унаж бүр уйлах шахсан гэсэн. Юун төөрөх. Тоглоомноос тоглоомны хооронд хуй салхи шиг дэгдэж, амьсгаа дарж чадалгүй түнхэлзэж зогссон хүүхэд нас минь… Паркийн тухай товч­хон томьёолол тун ч оновчтой санагд­сан. Тэр нь “Нэг хашаа байсан. Цаана нь бас нэг хашаа, тэгээд бас нэг хашаа…”

Харин одоо хашаанаас хашааны хооронд дэрвэх жаалууд. Хүүхэд л юм болохоор тэд мэдээж бөөн баяр, харин хүүхэд насны гэгээн дурсамж санагалзах томчууд бүгд урвагар, хэн хүнгүй л “Арай ч үнхэлцэг шиг жижиг­хэн болчихжээ” гэлцэх. Яах вэ дээ,  паркийнхан хэр чадлаараа хэдэн тоглоомоо шахцалдууланхан шовойл­госон бололтой.  Хэдэн жил хаалт­тай байсныг бодвол яахав дээ. Гэхдээ л арай л жижигхэн…

Сэлүүхэн уужимхан, ургаа модод ганхсан паркийн хашааг хэдэн талаас нь өмлөж цөмлөж, хэрүүл нь хэдэн жил үргэлжилсэн. Ямар сайндаа л эгээ л  малын хулгайч шиг шүүхийн өмнө чулуу нясалж суудаг ажилтай болсон гэж паркийн нэг захирал шогширч байсан. Хэдийгээр шүүх дамжин хэрэлдэж заргалдсан ч хэсэг бусгаар нь газраа алдсан. Олимпийн аваргад нэг сая доллар өгнө гэж бүлтэрч байсан “Мон-Уран” –ы захирал нэг бөөрөнд нь байшингаа шомбойлгож, MSC-ийнхэн төв талбайн хажууд барина гэж байсан “Шангрелла”-гаа  “жинхнээсээ” одоо энд барих гэж байгаа юм гэсэн. Бас Сөүл рестораныхан газраа хууль ёсоор өмчилж тасалж авсан гэдэг юм билээ. Яаж, ямар арга замаар энэ газраас нь авсан байлаа ч гэсэн бодохоор дургүй хүрээд байх юм. Өөрсдөө хүүхэдгүй юм шиг, өөрсдөө хүүхэд байгаагүй юм шиг, ичдэг болоосой тэр хараал идмэрүүд.  

Ингэхэд паркийн газрыг чөлөөлөх хөдөлгөөн өрнүүлбэл хүмүүс дэмжих болов уу? Эсвэл хандив цуглуулаад ханаж цадахгүй байгаа тэр хүмүүст нь мөнгийг нь төлөөд газрыг нь хүүхдийн­хээ паркт эргүүлэн өгөх юмсан.

А.ШАРХҮҮ
Эх сурвалж: "Ардын эрх" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж