Хятадын нийслэлд 8-р сарын 22-30-нд болсон хөнгөн атлетикийн ДАШТ өндөрлөлөө. 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөн энэ тэмцээнд Монголоос анх удаа гурван тамирчин оролцсон юм. Тэмцээний үеэр ОЛон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дахь удаагийн хурал болсон байна. Уг хуралд Монголын Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид, багш дасгалжуулагчид оролцож, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны шинэ Ерөнхийлөгч С.Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка нартай уулзаж хөнгөн атлетикийн спортыг Монгол улсад эрчимтэй хөгжүүлэх ялангуяа хүүхэд, өсвөр үеийн хүмүүжил, боловсрол, бие бялдрын хөгжилтөнд чухал хэрэглүүр болгон ашиглах талаар ярилцжээ. Мөн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ивээл дор хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон байна. Л.Болд гишүүн энэ сард Олон улсын хөнгөн атлетикийн төв байранд зочилж, дээрх асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх юм. Түүнчлэн манай төлөөлөгчид БНХАУ-ын хөнгөн атлетикийн холбооны дэд Ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Du. Zaoka, ОХУ-ын хөнгөн атлетикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.В. Бутов, Арабын Эмиратын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ахмед В.А, Японы хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Олон улсын хөнгөн атлетикийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2020 оны Токиогийн олимпийн наадам зохион байгуулах хорооны гишүүн Хироши Үококами нартай уулзаж, хамтран ажиллах талаар ярилцжээ. Үүнээс гадна Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзаж, Монголд хөнгөн атлетикийн спорт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урьсан байна. Усайн Болт урилгыг хүлээн авчээ.
А.АМАР