Тангараглах шаардлагагүй

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Тангараглах шаардлагагүй

 -Өргөсөн тангаргаа зөрчиж эцэг эхийнхээ мөнгөөр тоглож, сар бүрийн тэтгэмжийн 70 мянгаар тонгочож, тангарагаа зөрчвөл эрхэм оюутанд хэн хариуцлага тооцох вэ. Монголын оюутны холбоо юу. Үгүй л болов уу-

Оюутнууд өнөөдөр уламжлал ёсоор буюу тав дахь жилдээ Чингисийн талбайд тангараг өргөж байна. Тус арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож оюутнуудын тангаргийг батламжилж байна. Тэд чухам юуны тулд ямар зорилгоор тангараг өргөнө вэ. Угтаа эх орноо хамгаалж буй эр цэрэг, хүн ардын эрүүл энхийн манаад зогсох эмч, сувилагч нар тангараг өргөдөг болохоос оюутнууд тангараг өргөөд байгааг үнэндээ ойлгохгүй юм. Хичээлдээ шамдан сурч, мэдлэг мэргэжилтэй болох нь тухайн оюутанд л хэрэгтэй, өгөөжтэй болохоос заавал төв талбайдаа цуглаж тангараглах шаардлага бий гэж үү. Чингисийн талбайд ийнхүү ам тангаргаа өглөө гээд онц сурч, баар паабд бус номын санд чөлөөт цагаа өнгөрүүлнэ гэж үү.

“Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би эрдэм мэдлэгт шандан суралцаж боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая” гэж тэд тангараглаж байх юм.

Энэхүү өргөсөн тангаргаа зөрчиж эцэг эхийнхээ мөнгөөр тоглож, сар бүрийн тэтгэмжийн 70 мянгаар “тонгочвол” эрхэм оюутанд хэн хариуцлага тооцох вэ. Монголын оюутны холбоо юу. Үгүй л болов уу. Тиймээс ёс төдий арга хэмжээ зохион байгуулж шоудахаа үнэндээ болимоор юм даа. Энэ бантанг зуурч, шоуг гардан зохион байгуулагч нь Монголын оюутны холбооны удирдлагууд. Оюутны эрх ашгийг хамгаалахаас илүүтэй ашиг хонжоо хайж, хааяадаа хэвлэлийн бага хурал зарлан нэгнээ Ерөнхийлөгч гэж өргөмжлөн улс төрийн албан тушаалтан шиг аашилдаг хэсэг нөхөд. Энэ жил бүр оюутнуудыг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж хичээлээ хаяхыг хүртэл уриалж харагдана лээ тэд.  

Тангараг өргөсөн оюутнуудын сэтгэл хөдлөж өнөөдөр тангаргийн баяраа бултаараа нижгэр тэмдэглэх нь тодорхой. Цаг цагаар нэг цадна цагаан сараар нэг цадна гэдэгчилэн шөнийн цэнгээний газар, пааб баар, найман нэрийн дэлгүүрүүд энэ долоо хоногтоо багагүй ашиг орлого олох нь тодорхой. Үүнтэй хүн бүр л санаа нэгдэх байх.

Тангараг өргөх яамай байна аа. Хамгийн гол нь ээж, аавынхаа нь өгсөн хэдэн төгрөгийг дуустал тангаргийн баяр, танилцах үдэшлэгээ тэмдэглэхгүй байгаасай л гэж хүсье.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж