Амжилт дагуулсан бидний ирээдүй

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Амжилт дагуулсан бидний ирээдүй

Монгол туургатны спортын зургаа дахь удаагийн хүүхдийн их наадам ОХУ-ын Буриад улсад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 4 орны баг тамирчид спортын 9 төрөлд энэ сарын 26-30ны өдрүүдэд өрсөлдөн хурд хүч авхаалж самбаагаа сорьлоо. Монгол улсаас тус наадамд энэ жил маш өндөр ач холбогдлыг өгч өмнөх жилүүдийн амжилтаа ахиулахыг зорьлоо. Жүдо, чөлөөт бөх, байт харваа, воллейбол, шатар, хөнгөн атлетик, бокс болон хөлбөмбөг гэсэн төрлүүдээр оролцсон. Үүн дундаас хөлбөмбөгийн спортын төрөлд Монгол улсын шигшээ баг анх удаа эх орноо төлөөлөн оролцлоо. Өмнөх 5 жилийн хугацаанд багийн спортыг төлөөлөн сагсан бөмбөгийн баг тамирчид оролцдог байсан ч энэ жилээс эхлэн хөлбөмбөгийн футзалны тамирчдад итгэл хүлээлгэж ийнхүү анх удаагаа оролцсон нь энэ байлаа.

Буриадад болсон олон улсын хүүхдийн тэмцээнд оролцсон Монголын идэрчүүдийн футзалны шигшээ багийг туршлагтай дасгалжуулагчдын нэг Л.Банзрагч багш удирдаж оролцсон юм.

Монгол болон Хятад мөн ОХУ-ын нэг, хоёрдугаар баг нийтдээ 4 баг тойргийн журмаар өрсөлдсөн. Монголын идэрчүүдийн шигшээ баг тэмцээндээ бэлтгэн футзаланд шургуу хичээллэж байсан ч харамсалтай нь тэмцээний тоглолтууд футзалны ордонд бус гадаа жижиг талбайд явагджээ. Мэдээж битүү дээвэртэй талбайд бэлтгэл хийж байсан хүүхдүүдэд гадаа талбайд тоглох нь маш хүнд байсан хэдий ч тамирчид маань үүнийг ажралгүй тэмцээний эхний өдрөөс учраа бүрээ буулган авч улс эх орныхоо нэрийг гаргаж байлаа. Ингээд эхний тоглолтоо Хятадын багийн эсрэг хийж 6:1 харьцаатай буулгаж авсан бол удаах тоглолтыг ОХУ-ын 2-р багийн эсрэг хийж мөн 4:2 харьцаатай ялсанаар хэсгийн сүүлийн тоглолтоо тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгчид болох ОХУ-ын 1-р багтай хийхээр болсон юм. Тоглолт ч маш тэнцүүхэн байж улмаар 2:1 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ. Ингээд хэсгийн дэд тэргүүлэгчийн байраар шалгарсан манай баг тэмцээний хагас шигшээд ОХУ-ын 2-р багтай дахин таарч улмаар 4:0 харьцаатай илүүрхэн буулгаж авсан бөгөөд аваргын шигшээ тоглолтонд ОХУ-ын 1-р багтай тулан харамсалтай нь ялагдал хүлээснээр тэмцээний мөнгөн медалийн эзэд боллоо.

Тэмцээний шилдэг хамгаалагчаар Монголын идэрчүүдийн шигшээ багийн тамирчин Ц.Билгүүн нэрлэгдсэн бөгөөд мэргэжилтнүүд ч манай тамирчдыг өндрөөр үнэлэж халуун баярыг хүргэлээ. Л.Банзрагч багш өөрийн баг болох "Арвис" клубээс нэлээдгүй тамирчдыг дуудаж багаа бүрдүүлсэн нь амжилтын гол үндэс болсон гэж хэллээ. "Арвис" клуб сонирхогчдын лигт тогтмол өндөр амжилтыг үзүүлдэг бөгөөд энэ жил амжилтаа ахиулан анх удаагаа зохиогдож байгаа Хүрхрээ үндэсний “1-Р ЛИГ” тэмцээнд оролцож байгаа билээ.

МХБХ хөгжлийн бодлогийн хүрээнд баг тамирчдаа дэмжин  ажиллаж байгаа бөгөөд нас насны ангилалд тамирчид хилийн дээс алхаж гадны баг тамирчидтай өрсөлдөн маш олон зүйлийг сурж мэдэж байгаа билээ. Тун удахгүй Улаанбаатар хотноо Ази тивийн “U-16” хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний “К” хэсгийн урьдчилсан шатны тоглолтууд зохион байгуулагдах билээ. Энэхүү томоохон хариуцлагтай тэмцээний өмнө монголын хөлбөмбөгийн баг тамирчид өндөр амжилтыг үзүүлж чадлаа. 2015 он гарсаар гадны оронд зохиогдсон тэмцээнд үзүүлсэн хамгийн том амжилт нь энэ болж байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж