Баруун Европын хөгжингүй орнуудыг зорих цагаачдын урсгал байж боломгүй хурдаар нэмэгдсээр байгаатай холбогдуулан Европын зөвлөл цагаачлалын асуудлаар ээлжит бус зөвлөгөөн нэн даруй зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ сарын 14-нд болох уг зөвлөгөөнд Европын холбооны гишүүн 28 улс бүгд оролцох юм байна. Хууль бус цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц Газар дундын тэнгист живж, 200 гаруй хүн амиа алдсан, Австрид орж ирсэн хүнд даацын машинд ачигдаж явсан 71 зорчигч нас барсан, өнгөрсөн сард Газар дундын тэнгисээр дамжин Европ руу 107.500 цагаач орж ирсэн зэрэг ойрмогхон болсон үйл явдлууд Европын холбоог энэ асуудалд хүчээ нэгтгэх сэдлийг өгчээ.
Европ руу дүрвэгсдийн ихэнх нь Сирийн иргэд бөгөөд тэнд байдал намжих төлөв харагдахгүй байгаа учраас цагаачдын урсгал хөвөрсөөр л байна гэсэн үг. Тиймээс Европын холбоо энэ асуудлыг бүх нийтээрээ хэлэлцэж шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байна.
Грек, Итали, Унгар улсууд зөвхөн ойрхи дорнодынх ч бус, бусад улс орнуудаас ирсэн цагаачдын Европ руу нэвтрэх гүүр болдог гэдэг утгаараа хамгийн их ачааллыг өөртөө авч байна. Их Британи, Герман, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг “онилсон” цагаачид дээр нэр дурьдсан улсуудаар дамжин өнгөрдөг бөгөөд ихэнх нь тэндээ үлддэг гэсэн тоо байна. Өнгөрсөн сард Европ руу орж ирсэн цагаачдын тоо 107.5 мянгад хүрсэн гэж дээр өгүүлсэн. Өмнө нь нэг сарын хугацаанд Европ руу хэзээ ч ийм олон цагаач орж ирж байсан удаагүй юм байна.
Цагаачдын тоо нэмэгдсэнээр Европын холбоог бүрдүүлэгч гол улсуудын хүн амын бүтэц, нийгмийн салбарт маш хурдацтай өөчрчлөлтүүд гарч байгаа юм. Тухайлбал, цагаач иргэд нэмэгдсэнтэй холбоотойгоор Германы хүн амын бүтэц маш олон янз болжээ. Хүн амын тоонд хүүхдийн эзлэх хувь 1960-аад онтой харьцуулахад хоёр дахин багассан байна. Одоо төрж байгаа хүүхдүүдийн ихэнх нь цагаач иргэдийн үр удам байна. Энэ бол тийм ч муу зүйл биш, гэхдээ нийгмийн халамжид төсөвлөсөн хөрөнгийн ихэнхийг цагаач иргэд хүртэж байна. Тэд боловсролын салбарт бүр ч онцгой идэвхитэй байж, ихэнх үйлчилгээг авч байгаа юм. Югослав, Турк, Ойрхи Дорнод, Дундад Ази, Африкийн орнуудаас ирсэн цагаач иргэд Германы хүн амын зургаан хувийг эзэлдэг ч 15 хүртэлх насны хүүхдүүдийн 11 хувийг эзэлж, төрөлтийн хувь ч нутгийн эздийг бодвол хавьгүй өндөр байна.
Цагаачдыг эх орноосоо дүрвэх болсон шалтгааны дийлэнх нь ядууралтай холбоотой. Тэд баян тансаг биш юм аа гэхэд байгаагаасаа арай дээр амьдрал хайж Европт хөл тавьдаг. Гэтэл дэлхий нийтийн анхаарлыг татсан гол сэдэв, бэрхшээл болоод байгаа ядуурал, баялгийн тэгш бус хуваарилалт Европт ч бас байна. Ядуурлын гол шалтгаан нь мэдээж цалингийн хэмжээнээс хамгийн гол нь хамаарч байгаа юм. Төрийн албан хаагчдын цалин бага байдгаас болж ядуурал нийгмийн энэ хэсэгт илүү ажиглагдаж байна. Нийгмийн халамжийн тогтолцоо сайн байдаг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх бололцоог хааж байдаг. Тэрхүү нийгмийн халамжийг хүртэгсэд нь мөн л цагаачид байгаа юм. Яаж ийгээд Герман, Францад очсон араб, турк гэр бүлүүд ажил хийх гэхээсээ шууд л нийгмийн халамжид илүү ихээр хамрагдахын тулд аль болохоор олон хүүхэд гаргахыг хичээдэг нь энэ асуудлын нэг хэсэг нь. “Үндэслэлгүй хангамж авдаг” гэж нэрлэж болох ийм хэсэг нийгэмд ихсэхийн хэрээр ажилтай иргэд ч хөдөлмөрөө зүй ёсоор үнэлүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Үүнээс болж цагаачдыг эсэргүүцэх үзэл газар авч, төр засгийн тогтвортой байдалд нөлөөлөх эрсдэл ч үүсч болзошгүй байдалд хүрчээ. Зөвхөн Герман гэхэд л энэ жил 800 мянган цагаач хүлээн авна гэсэн урьдчилсан таамаг гараад буй. Канцлер Ангела Меркель ням гарагт Берлин хотноо яг энэ асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж “Хэрвээ Европт үнэт зүйл гэж байгаа бол бусдад ч мөн байгаа гэдгийг ойлгох ёстой” гэсэн мэдэгдэл хийсэн. Энэ нь Герман улс цаашид цагаачдын асуудлаар хатуу байр суурь баримтлахгүй хэвээр байх болно гэсэн утга агуулгатай. Тэгвэл түүний энэ байр суурийг Европын бусад улсууд хүлээн зөвшөөрөхгүй байна. Франц, Унгар зэрэг улс орнууд цагаачдыг нэвтрүүлэхгүй байх, хилийн хяналт шалгалтыг чангатгах асуудлаар тусдаа яриа хэлэлцээрүүд хийгээд эхэлжээ.
Цагаачлалыг бууруулахгүй байх талд дорвитой арга хэмжээ авахгүй байгаагаас болж өндөр хөгжилтэй Герман, Франц зэрэг орнуудын дотоодод зөрчилдөөн ихээр гарах болов. Ард түмэн цагаачдыг хазаарлахыг эрх баригчдаас шаардаж, эсэргүүцлээ ил далд илэрхийлсээр. Энэ нь тэдний буруу биш юм. Германд цагаачилсан 15 сая цагаачдын 25-45 хувь нь лалын шашинтай байдаг ч гэмт хэрэг, боловсрол, ажилгүйдэл зэрэг цагаачидтай холбоотой гарч буй таагүй сөрөг үр дагавруудын 8-90 хувь нь тэдэнд ногддог байна.
Францын Гадаад харилцааны сайд Лоран Фабиус өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Унгар улсыг цагаачдын урсгалыг хааж чадаагүй хэмээн буруутгасан. Үүний хариуд Унгарын ГХ-ийн сайд мөн л мэдэгдэл хийж, Л.Фабиусын мэдэгдлийг “Үндэслэлгүй” хэмээсэн. Их Британийн Дотоод явдлын сайд Тереза Мэй үүсээд буй нөхцөл байдалд Шенгений тогтолцоо буруутай гэж үздэгээ илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, гэрээний орнууд өөр хоорондоо чөлөөтэй зорчдог нь цагаачдад боломж олгож байна гэж тэрбээр үзээд, урсгалыг багасгахын тулд гэрээний орнууд ч хоорондоо хатуу хяналт шалгалтын дор зорчдог байх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.
Хойд Африкаас дүрвэн ирэгчид бараг бүгд шахам Италид буудаг. Энэ утгаараа цагаачдын давалгаа Италийг, хамгийн хүчтэй цохидог гэж хэлж болно. Тэгвэл Италийн Ерөнхи сайд Ренци энэ асуудлын талаар “Европын холбоо цагаачдын асуудлаар нэгдмэл бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэхүү бодлого нь зөвхөн улстөрийн өнцгөөс биш, улс орны аюулгүй байдлын талаас харсан байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
-Хууль бус цагаачид Грекийн талаас Македоны хилийг зөрчин орж ирж, хилчидтэй мөргөлдөв.
-500 гаруй хууль бус цагаач суулгасан хоёр хөлөг онгоц Газар дундын тэнгист живж, 200 гаруй хүний амь үрэгдлээ. Энэ жил л гэхэд 300 гаруй мянган хууль бус цагаач амь насаараа дэнчин тавин газар дундын тэнгисийг гаталсан гэсэн тоог НҮБ-аас гаргасан байна.
-Австрийн нутаг, Унгарын хил орчмоос ачааны бүхээгтэй машин олдсон. Бүхээгт 71 хууль бус цагаач амиа алдсан байдалтай байсан бөгөөд тэдний дөрөв нь хүүхэд байв.
Х.Сайхан
Эх сурвалж: www.mminfo.mn