Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 24-30-ны өдрүүдэд Казахстаны Астана хотод амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн дэлхийн аваргад 120 орны эрэгтэй 495, эмэгтэй 328, нийт 729 жүдоч хүч үзэн уран мэхийг уралдуулан ухаан чадлаа сорьсон юм. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй 21 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөнөөс дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.
Манай хөнгөн жингийнхэн эхний өдрүүдэд медалийн оосроос атгаад алдсан бол гурав дахь өдрийн барилдаанд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Д.Сумъяа медалийн салхийг хагалсан. Улмаар эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа нар хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний сүүлийн өдөр болсон багийн барилдаанд эрэгтэйчүүд хүрэл медаль, эмэгтэйчүүд V байрт орсон амжилтыг үзүүллээ.
НЭГДСЭН ДҮН:
VIII.24 (Даваа)
Эрэгтэй 60 кг: (60 бөх)
Алтан медаль: Елдос Сметов (Казахстан)
Мөнгөн медаль: Рустам Ибраев (Казахстан)
Хүрэл медаль: Тори Шишиме (Япон), Ким Вон Жин (БНСУ)
V байр: Ганбатын Болдбаатар
Тус жингийн шилдгүүдээс Японы Наохиса Такато, Азербайжаны Орхан Сафаров, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин нарын шилдгүүд ирээгүй. Дэлхийн чансааг тэргүүлж буй Орхан өнжсөн тул дэлхийн аварга Г.Болдбаатар жингээ тэргүүлэн барилдсан. Тэрээр эхний тойрогт хийлж, Туркийн Бекир Озлу, Израилын Аршански Артиом нарыг хожиж, шөвгийн наймд үлдэн Бразилын Фелипе Китадайг хожиж, хагас шигшээд үлдсэн. Г.Болдбаатар гавьяат мөнгөн медалийн төлөө Казахстаны Рустав Ибраевт, хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ким Вон Жинд хожигдсон юм.
Энэ жингийн манай хоёр дахь бөх бол өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт, залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт 19 настай Ц.Цогтбаатар байсан. Тэрээр эхний тойрогт Швейцарийн жүдоч Людовик Чаммартиныг, хоёрдугаар тойрогт Чехийн Павел Петриков нарыг цэвэр ялсан ч БНСУ-ын Ким Вон Жинд хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн. Залуу жүдочын хувьд анхныхаа дэлхийн аваргад оролцохдоо барилдахын өмнөх ёсолгоо зарим нэг үзэгчдийг бухимдуулж байсан ч ирээдүйтэй жүдоч гэдгээ Астанагийн татамид харуулаад авлаа.
Эмэгтэй 48 кг:
Алтан медаль: Пауло Парето (Аргентин)
Мөнгөн медаль: Харүна Асами (Япон)
Хүрэл медаль: Чон Бо Кьон(БНСУ), Кондо Ами (Япон)
Энэ жинд 34 орны 40 жүдоч зодоглосон бөгөөд дэлхийн аварга М.Уранцэцэг “А” хэсгийг тэргүүлэн барилдсан. Манай бөх эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд БНХАУ-ын Шишиг цэвэр хожсон ч Японы алдарт бөх Харүна Асамид торгуулиар ялагдан тэмцээнээ өндөрлүүлсэн.
VIII.25 (Мягмар)
Эрэгтэй 66 кг: (66 жүдоч)
Алтан медаль: Ан Баул (БНСУ)
Мөнгөн медаль: Михайл Пулаев (ОХУ)
Хүрэл медаль: Ришод Собиров (Узбекстан), Голан Поллак (Израиль)
V байр: Д.Төмөрхүлэг (Монгол)
Энэ жинд 48 орны 66 жүдоч зодоглосоны дунд олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар, Д.Төмөрхүлэг нар барилдсан юм.
Х.Цагаанбаатар эхний тойрогт Аргентиний Фернандо Гонзалесыг цэвэр хожсон ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын Камад Хан-Магомедовт барилдаан эхлээд 23 секундэд давхар тохуулж, цэвэр ялагдсан. Олимп, дэлхийн аваргаас бусад бүх том тэмцээний медальтай Д.Төмөрхүлэг “D” хэсгийг тэргүүлэн барилдсан. Түүнд дэлхийн аваргын анхны медаль ойрхон байсан юм. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Сербийн Маро, Украины Г.Хачатрианыг нарын ялж, шөвгийн наймд үлдсэн. Улмаар хэсгийн аваргын барилдаанд түүний баруун гарын бэртэл сэдэрч, энэ боломжыг нутгийн дэвжээндээ барилдаж буй Жумаканов сайхан ашиглаж, хоёр вазари үнэлгээ авснаар манай бөхийг ялсан юм. Д.Төмөрхүлэг торгуулийн барилдаанд Германы Себастьян Сейдлыг хожин хүрлийн төлөө Израилийн Голан Поллактай барилдсан. Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд манай бөх хожиж яваад цаг дуусахаас хэдхэн секундын өмнө хутгуулан юүко үнэлгээ алдсан хожигдсон.
Эмэгтэй 52 кг: (43 жүдоч)
Алтан медаль: Мисато Накамүра (Япон)
Мөнгөн медаль:. Андрей Читу (Румын)
Хүрэл медаль: Эрика Миранда (Бразил), Дарья Скрыпник (Беларус)
VII байр: Адъяасамбуугийн Цолмон (Монгол)
Энэ жинд барилдсан М.Бундмаа гавьяат АНУ-ын А.Делгадо, БНСУ-ын Ким Ми Ри нарыг хожсон ч гуравдугаар тойрогт ОХУ-ын Наталья Кузтинад торгуулиар ялагдсан. Эхний тойрогтоо гоц мөргөсөн А.Цолмон Канадын Гуика Екатрина, ОХУ-ын Юлья Рижова нарыг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Тэрээр хэргийн аваргын төлөө Туркменистаны Гулбадам Бабамуратов, торгуулийн тойрогт Италийн Одетте нарыг бараагүй.
VIII.26 (Лхагва)
Эрэгтэй 73 кг: (76 жүдоч)
Алтан медаль: Шохей Оно (Япон)
Мөнгөн медаль: Рики Накаяа (Япон)
Хүрэл медаль: Санжаргалын Ням-Очир (Монгол), Ан Ча Рим (БНСУ)
V байр: Ганбаатарын Одбаяр (Монгол)
Гавьяат тамирчин С.Ням-Очир “В” хэсэгт багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Мозамбекийн жүдоч тэмцээнд оролцохгүй болсноор манай жүдоч шууд шөвгийн 32-т үлдсэн. Тэрээр Тажикстаны Х.Хакимов, Словенийн Рок Драксич нарын шилдэг наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын Ан Ча Римд ялагдсан ч торгуулийн тойрогт Израилын Саки Мукиг юүкогоор хожсон юм. С.Ням-Очир медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНАСАУ-ын Хон Кук Хьоныг мөн л юүкогоор хожин олимпийн хүрлээ дэлхийн аваргын хүрлээр ихэрлүүлсэн.
“С” хэсэгт багтсан Г.Одбаяр ОХУ-ын Муса Могушков, Белгийн Г.Сами, Гүржийн Н.Таталашвили нарыг хожин, шөвгийн наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаан БНАСАУ-ын Хон Кук Хьонд вазаригаар дийлдсэн ч торгуулийн тойрогт Унгарын М.Унгвариг юүкогоор хожин хожсон юм. Улмаар хүрэл медалийн төлөө БНСУ-ын Ан Чан Римтэй хүч үзсэн ч торгуулиар ялагдан тавдугаар байрт орсон.
Эмэгтэй 57 кг: (55 жүдоч)
Алтан медаль: Каори Мацүмото (Япон)
Мөнгөн медаль:. Корина Кэприориу (Румын)
Хүрэл медаль: Доржсүрэнгийн Сумьяа (Монгол), Аутомме Павиа (Франц)
Энэ жинд 55 жүдоч зодоглосноос манайхаас Д.Сумъяа, А.Батзул нар дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн. Энэ жил форм сайтай байгаа Д.Сумъяа дэлхийн аваргын медалийн салхийг хагалсан юм. “D” хэсгийг тэргүүлсэн тэрээр эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ-ын Лу Янг торгуулиар, Косовогийн Гражковаг юүкогоор хожин, шөвгийн наймд үлдсэн. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Японы Каори Мацүматотой энэ тэнцүүхэн барилдаж, юүкогоор хожигдсон. Тэрээр торгуулийн тойрогт Португалийн Телма Монтейрог хожин, хүрлийн төлөө Канадын Пинардыг нэмэлт цагт торгуулиар хожин, дэлхийн аваргын анхны медалиа зүүлээ. Д.Сумъяа өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Нидерландын жүдоч Санни Верхагентэй барилдаж, ялагдаж байсан юм.
Энэ жинд барилдсан А.Батзул Филиппиний Ф.Ренаг цэвэр хожсон ч Люксембургийн Дупрачид дийлдсэн.
VIII.27 (Пүрэв)
Эрэгтэй: 81 (76 жүдоч)
Алтан медаль: Таканори Нагасе (Япон)
Мөнгөн медаль: Лоик Пьетри (Франц)
Хүрэл медаль: Антуан Валуа-Фортье (Канад), Виктор Пеналбер (Бразил)
О.Ууганбаатар эхний тойрогт Шинэ Зиландын И.Павлиничийг цэвэр ялсан ч удаах барилдаанд дэлхийн аваргын мөнгөн медальт Канадын Антуан Валуа-Фортьед ялагдсан юм.
Эмэгтэй 63 кг (48 жүдоч)
Алтан медаль: Тина Трстеняк (Словени)
Мөнгөн медаль: Кларис Агбегноу (Франц)
Хүрэл медаль: Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Монгол), Микү Таширо (Япон)
Энэ жинд манайхаас Лондонгийн олимпийн наадмын V байрын шагналт Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар барилдсан. Ц.Цэрэннадмид эхний тойрогт Туркийн Б.Катипголуг цэвэр, дараагийн тойрогт Испанийн И.Пучег торгуулиар хожсон ч Голландын Анжика Ван Эдмэнд дийлдсэн юм.
Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Словенийн Тина Трстенякд хожигдсон ч торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковийг хожсон юм. Ингээд тэрээр шийдвэрлэх хүрэл медалийн барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Жербиг вазари үнэлгээгээр хожин медалийн тавцанд зогссон юм. “Лондон-2012” олимпийн их наадамд шагналт байранд орж байсан Ц.Мөнхзаяа дэлхийн аваргын анхны медалиа авлаа. Тэрээр олимпийн наадмын дараа ээж болж, хэсэг хугацаанд завсарлага авсныхаа дараа их спортдоо эргэн ирж, ялалтын буухиагаа Астанад үргэлжлүүллээ.
Ц.Мөнхзаяа энэ оны тавдугаар сард Кувейтэд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнийн финалын барилдаанд тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулсан барилдааныг үзүүлж аварга болж байсан юм. Тэрээр Токиогийн “Их дуулга”-ын хүрэл медальт Японы жүдоч Нишикава Махотой аваргын төлөө барилдсан бөгөөд барилдаан дуусахаас 17 секундын өмнө мөрөө мулталсан ч тэвчээр гарган барилдаанаа дуусгаж, алтан медаль авч байсан.
Азийн аварга шалгаруулах тэмцээн, Кубейт, 2015 оны IV сар.
VIII.28 (Баасан)
Эрэгтэй 90 кг: (62 жүдоч)
Алтан медаль: Дон Хан Гвак (БНСУ)
Мөнгөн медаль: Кирилл Денисов (ОХУ)
Хүрэл медаль: Машү Бакер (Япон), Варлам Липартилшвили (Гүрж)
Л.Отгонбаатар эхний тойрогт Шведийн Маркусыг цэвэр, дараагийн тойрогт дэлхийн гурван удаагийн аварга Грекийн алдарт бөх Илиас Илидасыг нэмэлт цагт цэвэр хожсон. Тэрээр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх барилдаанд Германы Ааронд вазаригаар хожигдсон юм. Энэ жил 22 настай Л.Отгонбаатар багийн барилдаанд дахин нэг дэлхийн аваргыг сөхрүүлсэн. Тэрээр 2013 оны дэлхийн аварга, 2012 оны Лондонгийн олимпийн наадмын хүрэл медальт Кубын Эшли Гонзалез, шинэхэн дэлхийн аварга, 2014 оны Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Дон Хан Гвакыг нарыг буулган авсан юм. Тэрээр сүүлийн жилүүдэд эзгүйрээд байсан эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд шинэ бөх төрж буйг энэхүү дэлхийн аваргад харууллаа.
Эмэгтэй 78 кг: (33 жүдоч)
Алтан медаль: Мами Үмеки (Япон)
Мөнгөн медаль: Анамари Веленсек (Словен)
Хүрэл медаль: Лусиа Малзах (Герман), Маринда Вервек (Голланд)
П.Лхамдэгд эхний тойрогт Польшийн Дарьяад дийлдсэн.
VIII.29 (Бямба)
Эрэгтэй 100 кг: (55 жүдоч)
Алтан медаль: Рюносүке Хага (Япон)
Мөнгөн медаль: Карл Ричард Фрей (Герман)
Хүрэл медаль: Тома Никифоров (Белги), Дмитри Петерс (Герман)
VII байр: Найдангийн Түвшинбаяр (Монгол)
Олимпийн алт, мөнгөн медальт Найдангийн Түвшинбаяр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын мөнгөн медальт Кубын Жозе Арментерос, Сенегалын Бабоукар Мане, Шведийн Мартин Пасек нарыг хожиж, шөвгийн наймд үлдсэн. Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаанд Германы жүдоч Карл-Ричард Фрейтэй барилдан нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожигдсон ч торгуулийн барилдаанд Белгийн жүдоч Тома Никифоровыг дийлсэнгүй.
Эмэгтэй +78 кг:
Алтан медаль: Сон Юу (БНХАУ)
Мөнгөн медаль: Мегүми Тачимото (Япон)
Хүрэл медаль: Идалис Ортис (Куба), Канае Яамабе (Япон)
О.Жавзмаа эхний тойрогт хийлсэн ч удаах барилдаанд олимпийн аварга, дэлхийн хошой аварга Кубын жүдоч И.Ортист хожигдсон.
Дэлхийн аваргын сүүлийн өдөр багийн аварга шалгаруулах тэмцээн болсон.
VIII.30 (Ням)
ЭРЭГТЭЙ ЖҮДОЧИД БАГИЙН ДАШТ-ЭЭС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА
Эрэгтэй баг хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд тэмцээнийг зохион байгуулагч орны жүдочтой барилдахаар оноолт таарсан. Энэхүү барилдаанд Монголын баг эхний гурван жинд хожил авч, хүрэл медалийн болзол хангасан юм.
"D" хэсэгт багтсан эрэгтэй баг Куба (5-0), Гүржийг (3-2) хожиж, хагас шигшээд үлдсэн ч БНСУ-ын багийг дийлээгүй. Улмаар хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны багийг 4-1-ээр илүүрхэн хожиж, багийн дэлхийн аваргын анхны медалиа авлаа.
Хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд -66 кг жинд Д.Төмөрхүлэгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, +90 кг жинд Б.Тэмүүлэнгийн оронд МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр нар барилдсан юм.
Казахстан – Монгол 1 -4
-66 кг: Габит Ессимбетов – Х.Цагаанбаатар (Вазари үнэлгээгээр ялсан)
-73 кг: Жансай Смагулов – Г.Одбаяр (4 торгуулиар цэвэр ялсан)
-81 кг: Азиз Калкаманулю – О.Ууганбаатар (боох мэхээр цэвэр ялсан)
-90 кг: Самат Ессэн – Л.Отгонбаатар (даралтаар цэвэр ялсан)
+90 кг: Максим Раков – Н.Түвшинбаяр (вазари, юүко үнэлгээгээр ялсан)
Шилдэг 16 багаас манай эмэгтэй баг "D" хэсэгт багтсан бөгөөд Казахстан, БНСУ-ын багуудыг хожиж, хагас шигшээд үлдсэн юм. Улмаар мөнгөн медалийн төлөө Япон, хүрлийн төлөө Германы багт хожигдон V байрт орлоо.
Эмэгтэй багийн бүрэлдэхүүнд хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд өөрчлөлт орсон юм. +70 кг-ын жинд өмнөх тойргуудад барилдсан Б.Мөнхтуяагийн оронд О.Жавзмаа барилдсан.
Герман-Монголын хожлын харьцаа 2:2 болоод байсан. Шийдвэрлэх тав дахь барилдаанд О.Жавзмаа Луисе Малзах нарын хооронд болоход Герман жүдоч өчих мэхээр хожиж, багтаа дэлхийн аваргын хүрэл медиалыг авчирсан юм.
Багийн дэлхийн аваргад Японы баг алтан медаль хүртэж, Польш мөнгө, ОХУ, Герман хүрэл медаль авлаа.
Ийнхүү Астанагийн татамигаас дөрвөн хүрэл медаль авсан манай баг тамирчид энэ өдрөөс эхлэн Риогийн наадмын бэлтгэлдээ гарлаа.
Астанад үзүүлсэн амжилт бүгдийн хамтын хүч байлаа.
Фотог www.eju.net, www.intjudo.eu сайтуудаас авав. Тэмцээний сонирхолтой фото агшинг ЭНД дарж үзнэ үү.
Ч.БОЛОРЧУЛУУН