Ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн жолооч бүр зөрчлийн 10 онооны багцтай болох гэнэ. Энэхүү журам хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий жолооч нарын жолооны үнэмлэхэд зөрчлийн 10 оноо автоматаар олгогдоно. Улмаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих бүрт тодорхой заасан хэмжээгээр хасах юм. Тухайн жолооч замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолооны үнэмлэх дэх багцын 10 оноо нь дууссан тохиолдолд дахин жолооны сургалтад суулгаж дахин шалгалт авч үнэмлэхийг шинээр олгоно гэсэн үг юм.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг чангатгаж шийтгэвэр торгуулийн хэмжээг багагүй нэмсэн атлаа бас зөрчлийн оноо гээчийг гарган жолоочдыг торгож байгааг эсэргүүцэх жолоочид цөөнгүй байгаа аж. Үүнд, Замын цагдаагийн газраас “2007 онд жолооны үнэмлэхний анхааруулах талон гэж байхад манай жолооч нар жолооны үнэмлэхээ гурав цоолуулаад дахин шалгалт өгдөг байсан . Ингээд гурван удаа шалгалт өгөөд тэнцэхгүй бол давтан курст суугаад шалгалтаа өгөөд болоод л байсан. Гурав цоолдог байсныг 10 оноо болгон нэмэгдүүлсэн гэсэн үг” гэх тайлбарыг өгч байна.
Ингээд замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн онооноос хэрхэн хасах тухай мэдээллийг багцлан хүргэе.
Замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд холбогдох хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн оноог дараах нэгжээр хасна. Үүнд:
-Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох үнэмлэхгүй үедээ /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн тээврийн хэрэгслийн жолоодох эрхтэй жолоочид -1 оноо;
-Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -2 оноо;
-Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн уг этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн жолоочид -1 оноо;
-Улсын бүртгэлийн дугааргүй, тогтоосон хугацаанд дугаараа аваагүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Механикжсан тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэх орчин хязгаарлагдмал үед гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл нь бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -2 оноо;
-Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио тавьж, ашиглахтай холбоотой хууль, тогтоомж зөрчсөн жолоочид -3 оноо;
–Зам тээврийн осолд холбогдсон жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй жолоочид -2 оноо;
-Замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглээгүй, зорчигчид хамгаалах бүс, хамгаалах малгай хэрэглүүлээгүй жолоочид -1 оноо,
–Гэрлэн дохио болон цагдаагийн алба хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон жолоочид -1 оноо;
-Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн тохиолдолд -2 оноо;
-Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар гүйцэж түрүүлэхийг хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн жолоочид -2 оноо;
-Давуу эрх бүхий явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочид -2 оноо;
-Төмөр замын гарам нэвтрэх журам зөрчсөн жолоочид -3 оноо;
-Тууш замын хөдөлгөөний журам зөрчсөн жолоочид -1 оноо;
-Хүн ба ачаа тээвэрлэх журам зөрчсөн жолоочид -1 оноог хасах юм байна.
Мөн журамд жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноог сэргээх, урамшуулах тухай тусгайлан заасан байна.
-Зөрчлийн бүртгэлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчөөгүй жолоочийн хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж, мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрсөн тохиолдолд зөрчлийн 10 оноог сэргээж урамшуулна.
-Эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхээс торгуулийг хүчингүй болгосон тохиолдолд бичгээр ирүүлсэн шийдвэрийг үндэслэн тухайн хасагдсан жолоочийн зөрчлийн оноог сэргээнэ.
-Зөрчлийн бүртгэлийн оноог хасуулсан жолооч хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн тохиолдолд зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээн олгох гэнэ.
Цагдаагийн байгууллага нь зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн зөрчлийн мэдээлэлд үндэслэн жолоочийн бүртгэл мэдээллийн санд мэдээлэл оруулах байдлаар зөрчлийн оноог тооцно. Жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессеж үйлчилгээ зэрэг хэлбэрээр дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжоор мөн хангах юм байна.
Д.ЖАРГАЛ