
Ерөнхийлөгч нь ОХУ-тай хэлэлцээр өрнүүлж, салбарын сайд нь хятадуудтай тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын хөлийг тушаад байсан шатахууны нийлүүлэлт сайжирч буй аж. Нэг хэсэг дизель түлш 3000 төгрөгөөр шаглагдаж байсан бол өдгөө 2000 төгрөг болон буурсан байна.
“Зуун айл- Ханын материал” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг микроавтобусны жолооч нарын хэлснээр 2000 төгрөгөөр шаглаж байгаа дизель түлшийг авах хүн олдохоо больсон гэнэ. Өмнө нь бараг л зодолдох шахам, булаацалдаад 2600 төгрөгөөр бөөнддөг байсан гэж байгаа.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын хэлснээр Монгол Улс энэ зургадугаар сард “Роснефть” компаниас 37 мянган тонн дизель түлш оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийжээ. Үүнээс 15 мянган тонн дизелийн түлшний үнийг нь төлөөд байгаа гэнэ. Үлдэж байгаа 22 мянган тонн дизель түлшний үнийг хоёр тал удахгүй тохирох бололтой.
Зургадугаар сард уул уурхай, барилга, зам засварынханы хэрэглэх дизель түлшний хэмжээ нэлээд өсдөг учраас дээрх 37 мянган тонн түлш дотоодын хэрэгцээг хангаж хүрэлцэхгүйгээс шатахууны хомсдол дахин нүүрлэж болзошгүй хэмээн болгоомжилж, Монгол Улс ОХУ-ын хувийн компаниудад нэлээд хэмжээний шатахуун захиалсан гэнэ. Мөн Хятадаас 10 мянган тонн түлш авахаар хэлэлцэл хийсний 3000 тонныг нь эхний ээлжинд нийлүүлээд эхэлчихсэн аж. Цаашид сар бүр Хятадаас Монгол Улс 10 мянган тонн дизель түлш авч байхаар тохиролцжээ.
Ийнхүү эдийн засгийг хөгжлийг сааруулах шалтгаан болж магадгүйд хүрээд байсан шатахууны хомсдол ирэх сар гэхэд арилж, эдийн засаг тогтворжино хэмээн ажиглагчид дүгнэж байна. Хэдийгээр дизель түлшний хэрэглээний хамгийн оргил салбар нь долоо, наймдугаар сар ч ирэх саруудад шатахууны нийлүүлэлт хэвийн байх болно гэсэн тайвшруулах “тариаг” Газрын тосны газраас өгч байгаа юм. Гэхдээ тэдний үгэнд итгэхэд үнэхээр бэрх. Ямар ч байсан шатахууны нийлүүлэлт сайжирлаа, гэвч ирэх саруудад яах бол гэсэн айдас иргэдийн дунд байсаар л байна.

Эх сурвалж: "Ардын эрх" сонин