Засгийн газрын нэрийг барьж 160 ам.долларын үнэ бүхий “Аccess” сэтгүүлийг олон улсын нислэгээр ирсэн гадаадын иргэдийг төөрөгдүүлэн албадан худалдаалж ашиг олж байсан гэх асуудал гараад буй. Энэ асуудлыг одоогоор Тагнуулын ерөнхий газар, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй.
“Хилийн хяналтын бүсэд удаан хугацааны туршид ийнхүү бизнес хийж, сурталчилгааны сэтгүүл худалдаалах зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас “Хүннү лорд” компанид олгосон. Бид ёстой мэдэхгүй” гэх тайлбарыг “Чингис хаан” нисэх буудлын дарга М.Даваажав Ерөнхий сайдад мэдээлсэн. Үүний дараа Зам тээврийн яамны хэлтсийн удирдлагууд ч мөн мэдээлэл хийж энэ асуудалд яам ямар ч буруугүй, зөвшөөрөл олгоогүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Заавал худалдаж авах ёстой гэх тодотголтойгоор зарж байсан “Access” сэтгүүлийг эрхлэн гаргадаг “Хүннү лорд” компанийнхан ч мөн өөрсдийгөө өмөөрч эхэлсэн байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Баттөмөр “Манай байгууллага 160 ам.доллараар нэг ч сэтгүүл худалдаалаагүй. Гадаадаас ирж буй зорчигчдод 160 ам.долларын төлбөр бүхий өөрсдийн аяллын хөтөлбөрийг санал болгож байсан. Мөн хууль зөрчсөн асуудал байхгүй. Бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан” гэх тайлбарыг өгч байна.
Зам тээврийн яам, “Чингис хаан” нисэх буудал, “Хүннү лорд” гээд өндөр үнэтэй сурталчигааны сэтгүүлтэй холбоотой бүх л байгууллагын удирдлагууд ийнхүү өөрсдийгөө хаацайлсан мэдээллийг өгч байна. Чухам энэ асуудалд хэн буруутай болохыг хууль хяналтын байгууллага шалгаж эцэслэхээс өөр аргагүй бололтой.
Д.СҮРЭН