
Энэ удаа хөгжим захиалах эрхийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир авсан бололтой юм. Логик утгаар нь бодвол улстөрчдийн гар хөл болсон байлаа ч аливаа байгууллагын дарга нь тухайн салбараа мэддэг хүн байх ёстой. Дээр нь нэмээд эрх ашгийн эрэмбэ алдагдсаныг “хүндэтгэж үзвэл” ядаж л ялсан намын хүн улсын байгууллагыг удирдах ёстой. Гэтэл Улаанбаатарыг дулаанаар хангадаг ганц уурхайн даргаар томилуулахаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын зүтгүүлж байгаа хүн нь хэн гээч. “Эрдэнэт” үйлдвэрийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа АН-ын идэвхтэй гишүүн Мэргэнбаатар. Нүүрсний уурхайн таалаар ёстой “А” ч үгүй хүн.
Саяхан энэ эрхэм сахилгын хариуцлага хүртэн тушаал буурсан гэж сонссон. Энэ хүнийг томилуулахаар зүтгэж байгаа шалтгаанаа Д.Дамба-Очир гишүүн энэ уурхайд 39 хувьтай хэмээн орсон гарсан хүнд тайлбарлаж байгаа гэсэн. Гэтэл “Багануур” ХК улсын үйлдвэрийн газрын 25-хан хувь нь л хувьд байдаг бөгөөд энэ хувь эзэмшигчдийн дотор Д.Дамба-Очир гэсэн нэр ч алга байна лээ. Дээр нь нэмээд хэлэхэд улстөрчдийн жил бүр гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгт “Багануур”-ын хувьцааг эзэмшдэг гэсэн үг өгүүлбэр Д.ДамбаОчир гишүүн бичээгүй л байна билээ. Тэгэхээр хувь эзэмшдэг гэсэн нь худлаа болж таарах нь. УИХ-ын ганцхан гишүүн улсын үйлдвэрийн газрын захирлаар өөрийн хүнийг томилуулах ийм эрх мэдэл эдлэж байгааг харахад гайхмаар. Засгийн газар, Ерөнхий сайд, Төрийн өмчийн хороог алгасаад өөрийн халаасны хүнээ томилуулах гэж байгаа зэргээс харвал төрийн алба хэр завхарсан гэдэг нь харагдаж байгаа биз. Уг нь Д.Дамба-Очир гишүүнийг хавьтсан ойртсондоо халгаатай гэдгийг хүмүүс мэдэх байх. Лүнгийн замыг там болгосон гээд түүнийг тойрсон балаг уг нь барагдахгүй л бий. Өчнөөн тэрбумын тендерийг гэрээлж авчихаад хичнээн жил барьж чадахгүй удлаа даа. Лав л хүмүүс түүнийг УИХ дахь өөр гурван Очироос нь ялгах гэж хулхи Очир хэмээсэн байдаг. Ийм байхад бас улсын үйлдвэрийн газар руу гараа сунгаж л байдаг. Тэр жаахан биенд арай л ахадсан шунал биш үү.
Эрдэмтэй, чадалтай инженерүүд дотор нь байсаар байтал хаа байсан “Эрдэнэт”-ээс халаасны хүн авчирч захирлаар томилох гэж байгааг “Багануур”-ын уурхайнхан эсэргүүцэж түр хороо хүртэл байгуулж байгаа сураг байна. Дотроо бужигнаад эхэлбэл Улаанбаатарыг хэн яаж дулаанаар хангах болж байна вэ. Уг нь “Багануур”-ын уурхай гэдэг улстөрчдийн гараа дүрээд, мөнгөө угаагаад байдаг газар биш. Учир нь Улаанбаатарыг дулаанаар хангадаг, нэг ёсондлоо зүрх нь билээ. Лүнгийн замыг там болгосон Д.Дамба-Очир гишүүний балгаар “Багануур”-ын уурхайд бужигнаан болж, улсын нийслэл хөлдүүс болбол хэн хариуцлага хүлээх вэ.