Үндэсний шигшээ баг БНАСАУ-ын багийг хожиж, түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Үндэсний шигшээ баг БНАСАУ-ын багийг хожиж, түрүүлэв

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Чингис хаан кап-2015” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Наймдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болсон анхдугаар тэмцээнд ОХУ-ын Эрхүү хот, БНАСАУ-ын үндэсний шигшээ болон Монгол Улсын дөрвөн баг оролцлоо.

Монголын Үндэсний 2-р шигшээ баг хүрэл медаль хүртлээ

“Чингис Хаан Кап – 2015”  сагсан бөмбөгийн олон улсын анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд БНАСАУ-н үндэсний шигшээ баг болон ОХУ-н Эрхүү хотын баг хүрэлцэн ирсэнээс гадна Монголын Үндэсний 1-р шигшээ баг, Монголын Үндэсний 2-р шигшээ баг, Монголын Залуучуудын шигшээ баг, өнгөрсөн улирлын Үндэсний Супер Лигийн аварга "Альянс тех харцага" гэсэн 6 баг оролцсон.

Тэмцээний медалийн төлөө тоглолтууд өчигдөр(08.30) Спортын Төв Ордонд боллоо. Хүрэл медалийн төлөө Монголын Үндэсний 2-р шигшээ баг болог Монголын Залуучуудын шигшээ багууд тоглосон. Анх удаагаа бүрдэж, олон улсын тэмцээнд оролцож байгаа 2-р шигшээ багийнхан энэ тэмцээнд маш сайн тоглож, монголд сагсан бөмбөгийн спорт өндөр түвшинд хөгжиж байгааг батлан харуулж байгаа билээ. Тоглолт маш өрсөлдөөнтэй болж, цаг дуусахаас 12 секундын өмнө Залуучуудын шигшээ баг онооны харьцааг 85-85 болгон тэнцүүлсэн. Гэсэн ч 2-р шигшээ багийн ахлагч Э.Цэвэлдорж цаг дуусахаас 3 секундын өмнө 3 онооны шидэлтийг хийснээр, багтаа гайхалтай ялалт авчирсан. Улмаар анхны Олон улсын тэмцээндээ оролцож байгаа 2-р шигшээ багийнхан энэ удаагийн тэмцээний хүрэл медалийг хүртсэн. Харин энэ зун болсон Оюутны Универсиад наадамд 3 тивийн 3 өөр багийг хожсон Монголын Залуучуудын шигшээ баг 4-р байр эзэллээ.

 

Монголын үндэсний шигшээ vs БНАСАУ-ын үндэсний шигшээ баг – 74:61

Тэмцээний аваргын төлөө Монголын Үндэсний 1-р Шигшээ баг болон БНАСАУ-н үндэсний шигшээ багууд шалгаран үлдээд байсан. БНАСАУ-н үндэсний шигшээ багийн хувьд анх удаагаа манай улсад ийнхүү айлчилж байгаа бөгөөд тус тэмцээнд өндөр ач холбогдол өгч, маш сайн бэлтгэлтэй ирсэн юм. Тиймээс ч энэ удаагийн тэмцээнд тун сайн тоглож, өндөр хувьтай шидэлт, хурдтай багийн тоглолтын үзүүлж байгаа билээ.

Өмнө нь 2010 онд болсон Азийн Наадамд манай шигшээ баг БНАСАУ-н багтай тоглож, хожигдол хүлээж байсан. Мөн энэ удаагийн тэмцээний хэсгийн шатанд таарч тоглон, 4 онооны зөрүүтэй хожигдоод байсан юм. Гэсэн ч аваргын төлөө тоглолтонд Монголын Үндэсний шигшээ багийнхан эхнээсээ тун гайхалтай тоглолт үзүүлж, илүү гэдгээ батлан харуулсан. Монголын шигшээ багийн будагтай талбайн тоглолт, тэр дундаа Т.Санчир болон О.Ууганбаяр нарын тоглолтыг өрсөлдөгчид нь зогсоож дийлэхгүй байлаа. Харин Хойд Солонгосын багийн холын зайн шидэлтүүд гайхалтай байсан.

Улмаар 74-61 харьцаатай Монголын Үндэсний шигшээ багийнхан хожиж, “Чингис Хаан Кап – 2015”  сагсан бөмбөгийн анхдугаар олон улсын тэмцээнд аваргаллаа. Харин БНАСАУ-н үндэсний шигшээ баг мөнгөн медаль хүртсэн юм. Хаалтын ажиллагаанд медаль хүртсэн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, ёслол хүндэтгэлтэйгээр энэ удаагийн тэмцээн өндөрлөлөө.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс энэхүү олон улсын тэмцээнийг цаашид уламжлал болгон зохиох юм. Дараагийн “Чингис Хаан Кап” тэмцээнд Тайвань улсын лигийн баг, Хятадтын лигийн баг, Казахстаны шигшээ багууд ирэхээр ярилцаж байгаа юм гэж МҮСБХ-оос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж