Хятадад цуу тараасан хэргээр сэтгүүлчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.08.31-нд нийтлэгдсэн

Хятадад цуу тараасан хэргээр сэтгүүлчийг баривчилжээ

 

Хятадын хөрөнгийн бирж, Тьянжиний дэлбэрэлтийн талаар цахим ертөнцөөр цуу тараасан хэргээр 197 хүнийг баривчилсныг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд сэтгүүлч, хөрөнгийн биржийн ажилтнууд байгаа аж. Сэтгүүлч Ван Сяолуг Хятадын хөрөнгийн биржийн талаар худал мэдээлэл тараасан хэрэгт буруутгажээ.

 

Хятадын хөрөнгийн бирж энэ сарын туршид ханшийн уналттай, тогтворгүй  байна. Түүнчлэн Тьянжинд химийн бодис хадгалах агуулахад дэлбэрэлт болсноос  150 хүн амь үрэгдэж, одоо болтол 23 хүн сураггүй болж, 367 хүн эмнэлэгт хэвтсэн байгаа юм.

 

Хятадын эх сурвалжид мэдээлснээр хөрөнгийн бирж уналтанд орсноос Бээжинд нэг хүн өндрөөс үсэрч амиа хорлосон, Тьянжинд болсон дэлбэрэлтэнд 1300 орчим хүн амь үрэгдсэн гэх мэт худал мэдээлэл цацсан гэжээ. Мөн Бээжинд ирэх сард болох дэлхийн II дайны дууссаны 70 жилийн ойн баярын арга хэмжээний талаар ч янз бүрийн цуурхал тараасан гэнэ.

 

Хятадын албаныхан цахим ертөнц дэх мэдээлэлд тавих хяналтаа нэмэгдүүлж, хд хэдэн вэб хуудсыг хаасан байна.  Хятадын эрх баригчид 2013 онд интернэт орчинд худал мэдээлэл, цуурхал тараасан постыг  500 удаа нийтэлсэн болон 5000 хүн үзсэн тохиолдолд эх сурвалж болсон хүнд гурван жил хүртэл шоронд хорих ял оноох хууль баталсан юм.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж