Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. Сүүлийн үед тус байгууллагыг цаг агаарын мэдээ буруу өгснөөс болж ган болохыг тариаланчид мэдээгүй, мөн үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг их хийснээс болж хожуу бороо орж малчин тариаланчдад уршиг дагуулж байна гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
-Долдугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймагт томилолтоор ажиллаж байхад ургац алдсан шалтгаан цаг агаарын мэдээг буруу өгснөөс болсон гэж тариаланчид ярьж байсан. Чухам яагаад зөрүүтэй мэдээлэл өгч, тариаланчидтай үл ойлголцох болов?
-“Хүн төрөлхтөн цаг агаарынхаа асуудлыг шийдэж чадах юм бол бурхнаас гуйх өөр зүйл байхгүй” гэж нэрт эрдэмтэн Н.И.Вавилов гэж хүн хэлсэн байдаг. Өнөөдрийг хүртэл тэдэн сарын тэр өдөр тийм гамшигт үзэгдэл болох нь ээ гэдгийг мэдэж чаддаг бол гайхамшиг гэж хэлэх байх.
Харамсалтай нь дэлхий нийтээрээ тийм дэвшил рүү хүрч чадаагүй байна. Цаг агаарын мэдээг төлөв, урьдчилсан мэдээ гэсэн хоёр янзаар гаргаж байгаа. Иргэд төлөв, урьдчилсан мэдээ хоёрыг хольж ойлгоод байдаг. Нэг сар буюу түүнээс богино хугацаанд гаргасан цаг агаарын мэдээг “урьдчилсан мэдээ” гэж нэрлээд байгаа юм. Харин нэг сар буюу түүнээс урт хугацааны мэдээг “төлөв” гэж нэрлэдэг. Цаг агаарын агаар мандлын температур, салхи, чийгийг өдөр болгон судладаг. Цаг уурын бөмбөлөг өдөр болгон хөөргөж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа 315 салбар нэгжээс хөрсний дулаан, агаарын дулаан, чийг, агаарын даралтын мэдээг авч боловсруулж хөрш зэргэлдээ Новосибирск, Бээжингийн төвүүдэд дамжуулж хоорондоо мэдээлэл солилцдог.
Ойрын хоногууд буюу урьдчилсан мэдээг манай цаг уурчид 90-ээс дээш хувьтай хэлж чадаж байгаа. Цаад тал нь 10 хоногийн доторх мэдээлэл зөрөхгүй. Харин төлвийн /урт хугацааны/ мэдээлэл бол дэлхий нийтийн яг таг хэлж чадахгүй байгаа зүйл. Тооцож гаргадаг аргачлал нь өөр. Олон жилийн дундаж цуваа, утгуудаа хардаг. Жилийнхээ өнгийг харж байгаад статистик загварыг ашиглаж урт хугацааны төлвийн прогноз хийдэг. Нэг нь байгаа үзэгдэл дээр, нөгөөх нь ерөнхий төлөв л гарна гэсэн үг юм. Төлвийн магадлал 50-60 хувьтай л байдаг.
Уур амьсгалын өөрчлөлт эрчимжсэн ийм үед урт хугацааны төлвийг онож хэлэх боломж дэлхий нийтэд тулгарч буй бэрхшээл болчихсон. Өнгөрсөн өвөл манай байгууллага ОХУ-тай хамтарч ажиллах гэрээг байгуулсан. ОХУ урт хугацааны прогнозоо яаж хийдэг талаар судласан. Үнэхээр дэлхий нийтийн асуудал гэдгийг ОХУ-ын эрдэмтэд хэлж байсан. Япончууд урт хугацааны прогноз хийхээ больчихсон. Яагаад гэхээр ихэвчлэн таардаггүй. Урьдчилаад хэлчихээр дараа нь худлаа хэлсэн болдог гэнэ.
Одоо бид ч гэсэн энэ талаар ярилцах цаг нь болсон байна. Өөр аргачлалаар бодож байгаа төлвийг хэрхэх вэ гэсэн асуудлыг есдүгээр сар гараад салбарынхаа эрдэмтэн мэргэдтэй зөвшилцөж ярилцана. Зургадугаар сард биднийг худлаа мэдээлэл өгсөн гэж яриад байгаа юм. Би дахин хэлье. Урьдчилсан мэдээ биш бид төлөв гаргасан. Тариаланчдын зөвлөгөөн хавар Төв, Сэлэнгэ аймгуудад болоход урьдчилсан төлвийн талаар мэдээлэл өгсөн. Төлөв, бодит байдал хоёр дээр л зөрүү гарсан хэрэг. Төлөв гэдгийг би таньд тайлбарлаад өгчихлөө. Урьдчилсан мэдээ, төлөв хоёр өөр юм шүү.
-Та газар тариалангийн бүс нутгаар явж үзэв үү. Ер нь цаашдаа бид бие бие рүүгээ буруугаа чихээд байхгүйгээр ойлголцож ажиллах цаг нь болсон байна?
-Энэ жилийн хувьд газар тариалангийн үйлдвэрлэл янз бүр байна. Би сая газар тариалангийн бүс нутгуудаар явлаа. Уриншаа сайн хийсэн, агротехникийн горимыг сайн барьж ажиллаж чадсан тариаланчид ургацаа алдаагүй байна. Туршлага дутуу, уринш хийгээгүй талбайд тарьсан, урьд нь ашиглаж байгаад хаягдсан тариалангийн талбайг эргүүлж ашигласан газар ургац алдсан байна. Цаашдаа тариаланчид маань ганц биднийг буруутгаж суухгүйгээр анхаарах зүйл ч их байгаа нь харагдлаа. Манай улс бол 50:50 хувийн эрсдэлтэй цаг агаарын орчинд амьдардаг. Газар тариалангийн бизнес ч 50.50 хувийн ашигтай, эрсдэлтэй бизнес. Энэ бүхнийг тооцож ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, ганд тэсвэртэй сорт тариалах, уриншаа сайн хийх шаардлагатай. Хүссэн хүн бүхэн тариа тарьж болдоггүй гэдгийг ойлгох цаг нь болжээ. Гомдоллоод байгаа тариаланчдын ихэнхи нь туршлагагүй тариаланчид гэж харагдаад байгаа юм.
-Ургац эхлэх үед үүлэнд зориудаар нөлөөлөөд ч болов бороо оруулах ёстой гэж тариаланчид яриад байна л даа. Тийм боломж байгаагүй юм уу. Наймдугаар сард гэнэтхэн ухаан орсон юм шиг үүл буудаад эхэлсэн гэх мэт?
-Тийм зүйл байхгүй ээ. Зургадугаар сар гарангуут урт хугацааны прогноз төлөвлөснөөс эсрэгээр явлаа гэдгийг бид мэдсэн. Тэгээд яаралтай арга хэмжээ авах талаар ХХАА-н сайдын нэр дээр албан бичиг явуулсан. Зургадугаар сар халах нь ээ. Агротехникийн ямар боломжтой арга хэмжээ байна, түүнийгээ ав гэж анхааруулга өгсөн. Хоёрдугаарт, үүлэнд зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц муудаж байсан учраас газрын даргын тушаал гаргаж зуншлага сайн байгаа баруун болон говийн аймгуудад байсан пуужингаа дөрвөн аймаг дээр татаж төвлөрүүлсэн. Сэлэнгэ, Хэнтий, Төв, Булган аймагт бүх пуужингаа татсан. Пуужингаас шалтгаалж цаг агаарт нөлөөлөх үзэгдлийг бид багасгаагүй. 24 цагийн горимд шилжиж ажилласан. Сэлэнгэд гурван экспедиз, Төв, Хэнтий аймагт тус бүр хоёр, Булганд нэг экспедиз ажилласан.
Үүлээ хүлээгээд л, орж ирсэн үүлнийхээ массыг судлаад байж байсан. Энэ жилийн хувьд газар тариалангийн бүс нутаг руу орж ирэх үүлний масс урдаас орж ирээд задраад баруун юм уу, зүүн тал руугаа явчихаад байсан. Урд жилүүдэд зуншлага тааруу байсан аймгуудад сайжирч, өмнө нь дандаа сайн байсан төвийн нутгаар ган болчихлоо. Үүл төв рүүгээ орж ирэхгүй блок үүсч, гацчихсан. Эндээс болоод л гангийн байдал үүсчихлээ. Долдугаар сарын 20 гэхэд Хятад улстай дахин гэрээгээ шинэчлээд пуужингаа татчихсан. Нөөцөө бүрдүүлчихсэн байгаа. Наймдугаар сарын 20-ны байдлаар авч үзэхэд ургасан ногоо маань эргээд шарлаж, гандаад эхэлсэн учраас хуваарийн дагуу цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлаа хэвийн төвшинд хийж байна. Хамаагүй пуужин харваад л бороо асгаад байгаа юм алга. Хуурайшилтын зэргийг тооцоолсон. Намар хуурайшилт ихэсвэл түймэр гарах эрсдэл байгаа учраас чийгээ алдахгүйн тулд зориудаар нөлөөлөх арга хэмжээг зохих журмын дагуу хийгээд явна.
-Гантай аймгууд хэр их байна вэ. Нийт газар нутгийн хэдэн хувь нь хандлангаа авч чадахгүй гэсэн тооцоо гарсан байгаа вэ?
-Улсын онцгой комисст өгсөн мэдээллээр бол бэлчээрийн даац хэтэрсэн, зуншлагатай уялдуулаад харахаар нийт газар нутгийн 40 хувь нь бэлчээрийн нөөцтэй байна. 20 хувь нь бэлчээр хүрэлцээтэй. 30 хувь нь даац хэтэрсэн. 10 хувь нь хэд дахин хэтэрчихсэн байгаа. Улсын хэмжээнд 60 хувь нь өвөлжилтийг хүндрэл багатай давна гэсэн урьдчилсан мэдээ гарсан. 40 орчим хувь нь бэлчээргүй, ган болсон учраас хүндрэхээр байна.
Аймгуудаар аваад үзвэл, Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгорын ихэнхи, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Хөвсгөлийн зарим сумдаар бэлчээрийн даац хэтэрсэн, мал өвөлжихөд хэцүү болчихсон байна. Баян-Өлгийн Өлгий, Толбо, Ногооннуур, Увсын Сагил, Ховдын Эрдэнэ зэрэг сумдуудад өвөлжилт хүндэрнэ гэсэн мэдээлэл гарч байна. Аймаг сумдууд орон нутагт байгаа цаг уурын албатайгаа хамтраад ажиллах ёстой. Манайх улсын хэмжээнд 1500 гаруй цэг дээр нарийвчилсан судалгаа хийж байж энэ дүнг гаргасан учраас аймаг сумдын удирдлагууд гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлаа хийх хэрэгтэй байна.
Мал их боллоо гээд малаа хядаад бай гэж хэлмээргүй байгаа юм. Он давах, давахгүйгээ тооцоолж явах ёстой. Малын тоо толгой ихэссэн. Бэлчээрийн даацнаасаа даваад алга болсон гэдгийг иргэд мэдэж байгаа болов уу. Отор нүүдэл хийх, өвс тэжээлийн нөөц бэлтгэх ажилд анхаарах ёстой л доо. Баруун аймгийн иргэд Архангайн Эрдэнэмандал хүртэл отор нүүдэл хийж байна шүү дээ. Бэлчээрийн даацгүйгээс малчид хамгийн их тэвдэж байна. Газар тариалангийн бүс нутгууд гадны малчдыг нутагтаа оруулахгүй гээд журам хүртэл гаргаж асуудлаа шийдэх гэж оролдож байгаа.
-Тариаланчдаас гадна малчид их тэвдэж байна. Олон жилийн туршлагаас харахад энэ жил бичин жилийн зуд болох нь гэж малчид ярьж эхэллээ. Гэтэл эрдэмтэд дулаан өвөл болно гэж яриад байх юм. Танай байгууллага урт хугацааны прогноз хийв үү?
-Бичин жилийн зуд гэдэг яриа 1944-1945 оны үргэлжилсэн зуднаас эхэлж гарсан. Тэр бол монголчуудад тохиолдсон хамгийн том зуд юм билээ. Дараа нь болж байсан зуд 10 гаруй жилийн давтамжтай болж байсан. 2000 он гараад ирэхээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 10 жилийн цикл нь богино болж эхэлсэн. Бичин жил гэхгүйгээр зуд болдог болсон. 2002-2003, 2009-2010 оны зуд бичин жилд баригдаагүй. Бичин жил болохоор зуд болдог гэсэн ойлголт дэндүү гэнэн талдаа. Дэлхий өөрөө халчихаад байна. Өвөл, зундаа их халдаг болчихлоо. Энэ нь манайд илүү мэдрэгдээд байна. Дэлхийн дундаж 0.8 градусаар халчихсан байхад манайд 2.1-ээр халж байна.
Энэ дотроо өвөл илүү дулаан болчихоод байна. Дулаахан өвөл гэдэг яриа эндээс л гарч байгаа юм. Одоо дулаан, хүйтэн өвөл болно гэж урьдчилж нарийвчилж хэлэхэд хэцүү байна. Энийг мэдэж чаддаг бол олон зуугаар нь малаа үхүүлж, дэлхий дахин хэдэн мянгаар нь хүмүүсээ халуунаас болж алдахгүй шүү дээ. Өвлийн улиралд манайд хур тунадас ахиу, зуны хур тунадас хэвийн буюу ялимгүй буурч байна. 70 жилийн тренд хандлагаар ингэж гарч байгаа юм. Бид хөдөө аж ахуйн орон, байгаль цаг уураас хэт хамааралтай учраас зуны хур тунадас ялимгүй буурчихаар л ган болчихдог.
Өвлийн тунадас ихэсчихээр зуд болчихдог. Нөгөө талаас малын тэсвэрлэх чадвар, амьдын жин буурчихаар хүйтэнд мал тэсвэргүй болчихсон. Бэлчээр зохицуулах эрхзүйн орчин, татвар татаас байхгүйгээс зун нь баахан мал бэлчээрээ тахлаад өвөл ахиухан цас орчихоор л зуд болчихдог. Дулаарлыг зогсоож чадахгүйгээс хойш дасан зохицох тал руу анхаарч бодлогоо гаргах ёстой байна л даа. Өмнөх жилүүдэд зуншлага сайн байсан учраас иргэд хэт тайвширсан нь үнэн. Дэлхий дахины муу үр дагавартай бид энэ жил тулгарлаа. Өмнөх жилүүдэд зуншлага сайн байж тариаланчид ургацаа 100 хувь давуулан хурааж авсан.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг ч бид хийж байсан. Сүүлийн 30-40 жилд аваагүй ургац авсан. Тэр үед бидний амжилт гавьяаг хэн ч яриагүй. Гавьяа байгуулсан хэдэн цаг уурчдыг маань шагнаад өгөөч гэж хүссэн. Нэг ч хүнийг шагнаагүй. Гэтэл ганц жил ган болоход л бүгдээрээ л хэдэн цаг уурчдыг маань буруутгаж байна. Бид сэрэмж огт алдаагүй. Есдүгээр сар хүртэл цаг уурчид маань байнгын бэлэн байдалд 21 аймагт ажиллаж байна. Улсын хэмжээнд 35 экспедиз ажиллаж байгаа. 28 газрын генератор байнгын ажиллагаанд байна. Хэн ч энийг ярихгүй л байна шүү дээ. Муухай монгол зан гэгчээр нэг зүйл болохоор биднийг буруутгах юм.
Би үгүй л гэж хэлнэ. Цаг агаарын улирлын төлвийг түшиглэж бизнес хийж байгаа бол цаг уурын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх л ёстой. Дээр хэлсэнчлэн, тариаг тарьж чаддаг хүмүүс нь тарьдаг бодлого руу явах цаг нь болжээ гэдгийг л хэлье. Усалгаатай тариалан Богд хааны үед байсан. Одоо тэр лүү явах цаг нь болчихсон байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бид байтугай дэлхий нийт шийдэж чадахгүй байгаа учраас энэ мэт шийдлүүдээ хийх цаг нь болсон байна. Ядахдаа л ганд тэсвэртэй үр тарих хэрэгтэй.
-Өнгөрсөн жил Архангайн Хашаатад том хуй салхи болоход танайхыг буруутгасан. 10 хоногийн урьдчилсан мэдээг 90-ээс дээш хувьтай хэлдэг гэж байна. Гэтэл тийм том хэмжээний гамшгийг ядахдаа нэг хоногийн өмнө мэдэж болоогүй юм уу. Техникийн хоцрогдол байв уу?
-Энэ салбарт шийдэх ёстой дөрвөн том асуудал байна. Нэгдүгээрт, 316 нэгжээ хооронд нь холбож байгаа цаг уурын холбоо сүлжээний шинэчлэл 10 гаруй жилийн өмнө хийгдсэн байдаг. Үүний өргөтгөл шинэчлэл яах аргагүй хийгдэх ёстой. Техник нь хоцрогдчихлоо. Эдгээр нэгжээс орж ирэх цаг агаарын мэдээ байхгүй бол бид яаж ч чадахгүй. Сүлжээ гацдаг, засаад шинэчлээд хийе гэхээр комьютерүүд нь шинэ программаар ажиллах боломжгүй. Хуучин программ дээр шинэ комьютер суурилуулахаар бас л болохгүй.
Хуучин, шинэ үеийн зөрчилд орчихоод байна. Хоёрдугаарт, таны асуусан асуулт өөрөө хариулт болж байна. Манайд цаг агаарын маш богино хугацааны /30-60 минут/ байгалийн үзэгдлийг урьдчилж мэдээллэдэг радарын үндэсний сүлжээ байхгүй. Ганцхан морин уул дээр нэг радар байдаг. Тэр нь онгоцонд зориулагдсан. Гэтэл Хятад улс гэхэд улс орнуудаа тойруулаад 200 гаруй радар суурилуулчихсан. Хар салхи, том мөндөр, аянга цахилгаан, хүчтэй аадар бороог урьдчилж мэддэг ганцхан зүйл нь радарын үндэсний сүлжээ шүү дээ. Манайд ганц байгаа учраас бид Архангайд болох зүйлийг урьдчилж хэлж чадаагүй. Аянга цахилгаантай бороо орно гэдгийг мэдэж байсан ч тийм аймшигтай зүйл болно гэж хэлэх боломж байгаагүй. Радарын үндэсний сүлжээ бидэнд зайлшгүй хэрэгтэй байна.
Гуравдугаарт, дэлхийн цаг уурын байгууллагууд мөнгөн устай агаарын температур, чийг, дулаан хэмжигч хэрэгслүүдээс татгалзчихсан. Бүгд автомат станц руу шилжчихсэн. Манай 316 нэгжийн 100 нь автомат станцтай. Үлдсэн нь гар ажиллагаатай, мөнгөн устай температур бариад л явж байна. Дөрөвдүгээрт, шүүмжлэлийн бай болж байгаа урт хугацааны прогнозынхоо чанарыг сайжруулах асуудал байгаа. Урт хугацааны прогноз гаргадаг супер комьютер манайд ганцхан байдаг. Тэрнийхээ тоог өргөтгөмөөр байна. Тооцоолон бодох чадавхийг сайжруулах шаардлагатай байгаа. Эдгээрийг шийдсэний дараа хэн нь хэнийгээ буруутгах вэ гэдэг асуудал өөрөөр яригдана шүү дээ. Төр засгийн төвшинд асуудлаа ярих юм. Дэлхий нийтээр агаарын даралтын том, том циклонууд уур амьсгалын өөрчлөлтийн дүнд сүүлийн 20 жилийн хугацаанд өөрчлөгдчихлөө.
Эдгээр циклонд ажиглалт явуулж, математик загварчлал хийж, минутад хэдэн сая үйлдэл хийдэг том супер комьютерүүд цаг агаарын төлвийг урт хугацаанд гаргаж болдог байсан. Гэтэл өөрчлөлтийн нөлөөгөөр баригдахаа больсон байна. Дэлхий нийтээр төлвөө үздэг, зохиодог программ нь эвдэрч, доголдол үүсч байгаа. Улс орнууд өөр өөрсдийн онцлогтой цаг уурын төлвөө илүүтэй анхаардаг. Манайх хөдөө аж ахуйн цаг уурын онцлогтой учраас энэ талаар илүүтэй анхаарч байна. Бидний гаргасан тооцоолол дээр үндэслэл онцгой байдал, ХХАА-н яам ерөнхий чиг зүгээ авдаг. Өнөөдөр гэхэд бэлчээрийн даацын зураг мэдээг бид ХХААЯ-нд хүргүүллээ. Түүн дээр үндэслэж л хаана отрын бүс нутаг байж болох вэ гэдгийг гаргана.
-Энэ жил отрын бүс нутаг хаагуур байх бол. Хэдэн сая мал тоологдсон байна. Энэ нь бэлчээрийн даацтай харьцуулахад хэдэн хувиар илүү гарсан гэсэн үг бэ?
-Энэ жил 52 сая мал тоологдсон. 18 сая төл хүлээн авсан. Эсэн мэнд байгаа нь 70 орчим сая байгаа. Хонин толгойд шилжүүлэхээр 90 сая болчихоод байна. 10 сая мал нядаллаа гэж үзэхэд даац хэтэрхий их болчихсон. Урьдчилсан тооцоогоор 10 сая толгой малаар хэтэрчихлээ гэж хэлж болно. Ер нь баруун бүс нутгаа бэлчээрийн мал аж ахуйг хэвээр нь хадгалж үлдээд төвийн бүс нутгаараа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж байж л бид бэлчээрийн даацаа хамгаалж үлдэж чадна. Бэлчээр улсын өмч, мал төрийн хамгаалалтад байдаг учраас бэлчээрийг хамгаалах эрхзүйн орчин байхгүй болчихоод байгаа юм. Газар тариалангийн бүс нутгаа хамгаалах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх гарцыг одоо хийх цаг нь болсон.
Б.ӨНӨРТОГТОХ
Эх сурвалж: www.mminfo.mn
Холбоотой мэдээ