Өнгөрсөн лхагва гаригт, Японы булаан эзлэгчдийн эсрэг Хятадын ард түмний явуулсан дайн болон фашизмын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ойд зориулан гаргасан ойн зоос, тэмдэгний үзэсгэлэн нээгджээ. Гадаад орнуудтай найрамдлын Хятадын нийгэмлэг уг арга хэмжээг зохион байгуулжээ.
Үзэсгэлэнд 1943 оноос хойш 48 оронд Дэлхийн хоёрдугаар дайнд зориулан гаргасан 300 орчим зоос, дурсгалын тэмдгүүдийг үзүүлж байна.
"Эдгээр 300 ойн монет, тэмдгүүд нь Хятадын ард түмний Японы булаан эзлэгчидтэй хийсэн хүнд тэмцэл, Хятад үндэстний асар их золиослолт, түүний фашизмын эсрэг дэлхийн дайнд оруулсан хувь нэмрийг бүхий л талаас нь харуулж байгаа бөгөөд дэлхийн ард түмний дунд энх тайван, хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлагыг алдаршуулж байна” хэмээн Хятадын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга Се Юань мэдэгджээ.
Хятадын монетын ордны ерөнхий захирлын орлогч Шао Зюньчи хэлснээр, дэлхийн жараад орнуудад сүүлийн 70 жилд гаргасан 1000 ойн зоос, тэмдгүүдээс үзэсгэлэнгийн үзмэрийг шилэн сонгож авсан байна. Уг үзэсгэлэн есдүгээр сарын 15 хүртэл нийтийн хүртээл болно. Дараа нь үзэсгэлэнг дотоод гадаадын хотуудад айлчлуулан үзүүлэх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР