Бид тэднийг чөлөөлсөн юм

Хуучирсан мэдээ: 2015.08.30-нд нийтлэгдсэн

Бид тэднийг чөлөөлсөн юм

Мөнх тэнгэр энх цагийн өнгөөр цэлмэж дарийн утаа ханхалж байсан Монголын талд өнөөдөр цэцэг ургажээ. Олон эрсийн уухай дуу тэнгэр цочроож, исгэчих сум, хүлэг морьдийн туурай тачигнаж ирт сэлэм, буун дуун нүргэлж байсан энэ газар шороо талд сайхан бүсгүйн галбир шиг турьхан цэцэгс хээрийн салхинд ишин дээрээ найган, хөвөн үүлс эрх дураар тэнгэрийн дайдад хөвөн, уулсын эн дагасан голын урсгал Монголын их амар амгалан бүүвэйлэн намуухан урсана. Тэртээх 1945 он огт болоогүй юм шиг, цэрэг эрс чиний төлөө үхье гэж амь эрсдэн унаж байгаагүй юм шиг…

Мартаж болшгүй зүйл гэж бас бий. Эх орон ард түмэн, туурга тусгаар эх орныхоо төлөө алтан амиа өргөж, харийн дайсныг сөгтгөж явсан аугаа түүхийн 70 жилийн ойг бид өнөөдөр тэмгдэглэн эрэлхэг Лхагвасүрэн жанжныхаа хөшөөнд цэцэг өргөн гашуун дайны талаар ахмад дайчид маань гаслан ярьж байна. Хэдийгээр бид энэ түүхийг мартсан мэт боловч баяр гунигийн нулимс хаталгүй 70 жилийн босгыг давжээ. Илдийн хурцыг барилан салхи зүсэн довтолгосон алаг морьт Дандар, дайсны пулёметноос цээжээрээ нөхдөө хамгаалсан Аюуш, Тэгшээгээ эх нутаг газар шороо нь мартаагүй байна. Тэдэнгүйгээр 70 он улиран одсон ч монгол хүн бүрийн цээжинд энэ нэрс үүрд хадгалаатай бий.

Чөлөөлөх дайн. Дэлхийн II дайны төгсгөл гэж үздэг энэхүү дайнд монголчууд өөрсдийн төдийгүй өмнөд хөршийнхөө энх тайван, эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалан Японтой дайн зарласан гэж түүхийн шаргал хуудаснаа тэмдэглэн үлдээжээ. Бид өвөг дээдэс чөлөөлөх дайнаар зогсохгүй дэлхийн II дайндОросын талд үзүүлсэн тусламж, ханган нийлүүлэлтээрээ АНУ-ын дараа орж, зүй ёсны хүндэтгэлийг суудалд залардаг нь хэн ч маргахгүй үнэн.

“Бүхнийг ялалтын төлөө, Бүгдийг фронтод” гэдэг уриан дор өдөр, шөнөгүй амралтын өдөргүйгээр ажиллаж, бүр өлсгөлөнд нэрвэгдэн байж Улаан армийн ар тал болсон талаар буурлуудын яриаг бишгүй сонссон сон.Тийм ээ, тэд худал хэлээгүй. Түүх тэгэж бүрэлджээ. Монголын сор болсон хагас сая агт морьд дайн тулааны гал дундуур туулж, зарим нь цэргийн хоол хүнс болж, эрэлхэг цэргийн эрэмгий хүлэг болон Берлин хүрсэн түүхтэй. Дэлхийн II 1945 оны тавдугаар сарын 9-нд дууссан ч Алс дорнодод дайны утаа арилаагүй байжээ. Энэ үеэс эхлэн манай улс 35 хүртэлх насны бүх эрчүүдийг цэрэгт татав.

Ингэхдээ илүү цагаар ажиллан, ээлжийн амралтыг халжээ. Ингээд Хятадыг, бидний элэг нэгт Өвөр Монголыг эзэлсэн түрэмгий Японы эсрэг 1945 оны наймдугаар сарын 9-нд ЗХУ дайн зарласан бол маргааш нь буюу наймдугаар сарын 10-нд БНМАУ Японтой дайн зарлажээ.

Энэ дайн монголчуудын хувьд эх орон, газар шороогоо хамгаалаад зогсохгүй өөрсдийн тусгаар тогтнолоо бусад улсаар хүлээн зөвшөөрүүлж, Өвөр Монголоо нэгтгэх далд бодлогыг агуулж байсан тухай түүхчид олонтаа тэмдэглэдэг. Тэр ч бүү хэл Иосиф Сталин “Та бол Ар Монголын төдийгүй Өвөр Монголын удирдагч” БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсанд хэлсэн тухай баримт бий. Ингэж хэлүүлэх хэмжээнд монголчууд энэ дайнд үүрэг гүйцэтгэсэн ч хувь заяаны шоглоом гэлтэй Хятад, Оросууд харилцаагаа муутгахгүйн тулд өвөр монголчууд маань бидний хилийн цаана үлджээ. Хятадын удирдагч Мао өөрсдийнх нь эдийн засгийн ганц бааз байсан Өвөр Монголыг  нэгтгэхгүй байхыг Сталинаас хүсч байсан ч гэж тэмдэглэгджээ. Өвөр монголчууд ч өөрсдийн эрх чөлөөг олж авахаар зарим нь Маог дэмжин Японы гоминдантай тулалдсан бол нөгөө хэсэг нь тусгаар тогтнол, эрх чөлөөг амласан япончуудын талд тулалджээ. БНМАУ-ыг энэхүү дайнд оролцохын хүссэн нь үүнтэй холбоотой. Тухайн үед ар монголчууд дайнд оролцсон тохиолдолд өвөр монголчууд элэг нэгт ахан дүүстэйгээ тулалдахгүй гэж үзсэн тактик байж.

Харин өөрсдийн эрх чөлөө, тусгаар тогтнолоо монголчуудын оролцоотойгоор олж явсан урд хөршийнхөн, ЗХУ, японы аль аль нь монголчуудад хэлсэн амандаа хүрэлгүй буцсан юм.

Монголоо нэгтгэх хүсэл, эрмэлзэл туйлаас байсныг харуулах тод жишээ нь, дайны үеэр Монголын армийг командалж байсан маршал Х.Чойбалсан өвөр монголчуудыг Монгол руу нүүхийг уриалсан явдал. Гэвч Зөвлөлтийн цэрэг дүрвэгсдийн замыг хааснаар энэ зорилго биелэлээ олоогүй юмсанж.

Чөлөөлөх дайны талаар түүхэнд “Монголчууд 700 мянга гаруйхан хүн амтай байсан ч энэ дайнд, манай улс Монгол ардын хувьсгалт цэрэг буюу арми, хилийн цэргийн ангиуд, дотоодыг хамгаалах байгууллагын хөдөлгөөнт отрядууд, ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд гээд тухайн үеийн Зэвсэгт хүчний бүх бие бүрэлдэхүүн, анги нэгтгэлийн төлөөлөл болсон 21 мянга гаруй цэрэг, офицер бүхий дөрвөн морьт дивиз, мото-хуягт бригад, танкийн хороо, нисэх анги, мотоциклийн анги, эмнэлэг болон ар талын ангиудыг бэлтгэж оролцсон. Дайны дараа БНМАУ-ын Засгийн газар Өвөр Монголын засаг захиргааг сэргээхэд ч тусалсан” хэмээн тэмдэглэжээ.

Харин энэ тэмдэглэлийн амьд гэрч болсон гайхамшигт баатруудтай мөр зэрэгцэн тулалдаж явсан баатрууд өдөр ирэх тусам цөөрсөөр л байна. Хэнд ч юунд ч үл номхрох цагийн догшин салхи эдүгээ тэдний маань нурууг бөхийлгөн, нүүрэнд он цагийн хэрчлээс сийлж, үсэнд цагийн хяруу унагаж цал буурал болгожээ. Өнөөдөр гарын таван хуруунд багттахаар цөөхөн үлдсэн баатрууд маань тэртээх он цагийн амьд гэрчүүд билээ.

Японы милитаризмыг устгахын төлөө явуулсан тулалдаанд монголчууд орчин үеийн цэрэг армитай тулалдсан юм. Хөдсөн дээл хөдөрч, махир сэлэм, жижигхэн морьдтойгоо дэлхийн талыг эзэлж явсан хөлөг баатруудын удам ХХ зууны хагаст орчин үеийн зэвсэг техниктэй  болж, тэдний дундаас Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил, М.Жанчив, Г.Дүүдэй, Д.Нянтайсүрэн, П.Чогдон нарын зэрэг хүмүүст БНМАУ-ын баатар цол багадахаар гавъяа байгуулжээ. Тэднээс гадна Японы Квантуны армийн эсрэг тулалдаан баатарлаг гавъяа байгуулсан 2000 орчим хүнийг төрийн одон медалиар шагнасны зарим нь өдгөө бидний дунд үнэтэй сургаалиа хайрлан өнөөдөр баярын жагсаалыг харан догдлон суугаа. БНМАУЯпоны хуурай замын гол хүч Квантуны армийг бут цохиход зэвсэгт хүчнээ оролцуулж, Зөвлөлтийн Улаан армийн хамт мөр зэрэгцэн тулалдан Ази тивд дайны сүүлчийн голомтыг унтраасныг түүх гэрчлэн есдүгээр сарын 2-нд БНХАУ-д болох Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ойн баярын жагсаалд Монгол Улсын зэвсэгт хүчний төлөөлөл жагсч,Ерөнхийлөгч маань албан ёсоор оролцоно. Японы зарлаагүй дайны уршгаар 1935-1945 он хүртэл БНМАУ олон зуун эрэлхэг эрчүүдээ алдаж, тухайн үеийн ханшаар 322 сая төгрөгийн эд материалын хохирол хүлээжээ.

Гэтэл энэ дайнд дахь монголчуудын хувь нэмэр бага байсан зэргээр сүүлийн жилүүдэд зарим түүхчид бичдэг болсноор хүүхэд залуучуудын дунд зөвхөн орос японы хоорондох стратегийн түшиц газрын төлөөх тулгаралт мэтээр ойлгодог болжээ. Үнэн явдал харин эсэргээрээ өрнөснийг гэрчлэх түүхийн гэрчүүд өнөөдөр хүртэл амьд сэрүүн байгаа билээ. Тиймээс ч эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатрууддаа мэхийн ёслоё.

Бидэнд өнөөдрийн газар шороо, эх орон, туурга тусгаар улсыг өвлүүлэхийн төлөө бүхнээ зориулсан өвөг дээдэс шигээ хойч үеийнхээ өмнө “Монгол улсынхаа төлөө зүтгэе” гэж хэлэх зориг, түүний үйл хэрэг болгох зүрх, сэтгэл өнөө цагийн бидний хэдэд маань бий сэн билээ. Исгэрэх дайны сумгүй энх цагт энэ улсынхаа төлөө дор бүрнээ хөдөлмөрлөж, хэрүүлийн алим ургуулан хэл амаа билүүдэхээс илүүтэй хийж, бүтээх цаг. Үнэн түүх гэвэл энэ. Тийм ээ,  өвөр монголчуудаа төдийгүй БИД ТЭДНИЙГ ЧӨЛӨӨЛСӨН ЮМ.

Л.НАРАНТӨГС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж