
Марафон бол хоёр намын генсекүүдийн 21 аймгаар тойрч буй томилолт, хэн нь аль аймагт түрүүлж очсоноор барианы дүн гардаг “тоглоом” биш юм. МАН-ын мэдээлж байгаагаар Ардчилсан нам тэдний очсон аль нэг аймагт араас нь хоцорч очдог гэнэ. Ийм учраас л Ардчилсан нам бариа хүртэл тэдний араас шогшуулсаар байх тавилантай гэжээ. Үүнийг сая Говь-Алтай аймагт МАН-ын “Ард түмнээ сонсьё” аяны араас Ардчилсан намынхан “Монгол хүн 2020” хөтөлбөрөө авч очсоноор жишээлж, “марафон”-д хэн түрүүлээд байгааг гайхуулж байна.
МАН Алтайд очихдоо тууз хайчилж, туг намируулж, батлах гардуулжээ. Тэднийг сайн сайхан үгийн дээдээр мялааж, үнэн байдлаа харах нүдийг нь сохлох шахав. Хөгжиж байгаа, улам бүр хөгжих нигуур бүрдсэн сайхан нутаг, сайхан ард түмэн гэж. Үнэн хэрэг дээрээ Говь-Алтай аймагт нэг хүнд ногдох ДНБ улсын дунджаас хоёр дахин бага. Бас сүүлийн жилүүдэд 20 мянган хүн шилжин нүүснээс сүүлийн таван жилд 8000 нь “оргожээ”. Энэ бол тус аймагт хүн амьдрах орчин нөхцөл дутмаг байгаагийн л илрэл. Үүнийг хэлснийх нь төлөө Ардчилсан намын генсек Д.Эрдэнэбатад алтайчууд гомдож, туг намируулж, тууз хайчилсных нь төлөө МАН-ын генсек У.Хүрэлсүхэд баярласан байж магадгүй. Гэхдээ одоо бол дуртай зүйлийг нь биш хэрэгтэй зүйлийг нь хэлж, хийж өгөх цаг.
Төрийн бодлого тухайн эрх барьж буй намын бодлогоор дамжин хэрэгждэг учраас эрх баригчдын нэг Ардчилсан намын шинэ хөтөлбөр “Монгол хүн 2020” бол уг нь сурталчилгааны дарцаг биш юм. Төсөлд иргэдийн дуртай биш хэрэгтэй зүйлийг хэр үндэстэй тусгаж чадахаас төрийн бодлого амьдралд үр өгөөжөө өгөх эсэх шалтгаална. Ардчилсан намын хувьд аймгуудад ээлж дараалан зохиож байгаа “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэгт бас л хүн бүрийг шахаж оруулах гэхээс илүү шаардлагатай хэсгийг хамруулахаар зорьж буй аж. Үндэслэлтэй, төрийн бодлогод тусгаж болох бодитой, хэрэгтэй санал бүхий хэсэг нь хэлэлцүүлэгт хамрагдах нь илүү үр дүнтэй. Аймгийн боловсролынхон, эрүүл мэндийн салбарынхан, мэргэжлийн хяналтынхан гэхчлэн хэсэг тус бүрээр санаа, бодлыг нь хөтөлбөрт тусгахыг Ардчилсан намынхан илүү дээр гэж үзжээ. Сургалтын төлбөр, эмчилгээний зардал, эмнэлэг, сургуулийн засвар гэхчлэн хүсэлт, өргөдөл бүрийг хүлээн авч, олон л бол сайн гэж танхим дүүрэн хүн суулгасан уулзалт хийх нь чухал биш. Хэрэв МАН-ын уулзалтад Ардчилсан намынхаас илүү олон хүн суугаад байгаа бол яагаад гэдгийнх нь учир энэ. Харин “марафон”-ыг цаг хугацааны өмнө хойно, хүний олон цөөнөөр манчууд хэмждэгийн учрыг бол мэдэхгүй.
МАН-ын чансаа Ардчилсан намын рейтингээс доогуур байгаа бөгөөд хэрэв МАН-аас тасарсан МАХН-ын рейтингийг нэмбэл жагсаалтын нэгдүгээрт байх бололцоотой. Гэхдээ энэ нийлбэрийг МАН-ын өнөөгийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй учраас МАХН руу урвасан саналыг өөрсдөдөө татах нь аймгуудаар хийж буй “Ард түмнээ сонсьё” аяны цаад зорилго юм. Мэдээллээс алс орон нутгийн сонгогчдод МАН гэсэн нэр танил бус, үүнээс илүүтэй МАХН гэсэн товчлол байр сууриа алдаагүй байгаа учраас дээрх аянд зарцуулж буй хөрөнгө хүч хайран зүйл биш. Ямар ч үнээр хамаагүй хийх ёстой ажил нь өнөөхөндөө МАН хэмээх шинэчлэгдсэн нэрээ таниулах.
Говь-Алтайд нэгэн зэрэг буудалласан хоёр намын удирдлага тус аймгийнхны талаар ямар бодол, санаа сэдэлтэй буцаж ирсэн нь өнөөхөндөө бүрхэг. Ардчилсан намынхны анзаарснаар бол алтайчууд амьдралдаа арчаатай л улс санж. Учир нь тэнд таван хүн тутмын нэг нь уул уурхайн нинжа. Өөрөөр хэлбэл, 56 мянган хүн амтайгаас арав гаруй мянган нинжатай. Асуудал юу вэ, яаж шийдэх вэ гэдгийг олж харах нь бодлого. Бүх юм болж бүтээд сайхан байгаа юм шиг хэн нэгэнд санагдаж байгаа бол тэр төөрчээ. Гараанаас түрүүлж гарснаа санах боловч бариа хаана байгааг олохгүй төөрч ч мэдэх билээ.

Эх сурвалж: "Ардын эрх" сонин