Урсгал сөрвөл 96000 төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Урсгал сөрвөл 96000 төгрөгөөр торгоно

Урсгал сөрвөл 96000 төгрөгөөр торгоно

Анх 1996 онд батлагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ хуулийн төслийг УИХ өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр баталсан юм.  Ирэх есдүгээр сараас хэрэгжиж эхлэх тус шинэ хуульд замын хөдөлгөөнд оролцож буй дүрэм зөрчсөн явган зорчигч болон жолооч нарт хүлээлгэх торгуулийн хэмжээг өндөрсгөж, тэдэнд ноогдуулах хариуцлагыг чангатгажээ. Одоо мөрдөгдөж буй хуулиар зөрчил гаргасан иргэдэд хүлээлгэх санкцийг сонгон хэрэглэдэг байсан бол шинэ хуулиар 9600 төгрөгөөс нэг сая хүртэлх мөнгөн торгууль ногдуулах юм. Гэхдээ Хуулийн зүйн яамнаас дээрх хэрэгжүүлэхэд мөрдөгдөх журмыг боловсруулан батлана. Ингэхдээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд ороогүй заалтуудыг дагалдах журманд тусган хэрэгжүүлэх юм байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх бүрт торгуулийн мөнгө нэмэгдэнэ

Одоо байгаа хуулинд 1000-10.000 төгрөг  гэх байдлаар мөнгөний тоог зааж өгсөн бол шинэ хуулинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох гэх зэргээр торгуулийн хэмжээг тогтоож өгөхөөр заажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ихсэх тусам торгуулийн мөнгөн дүн нэмэгдэж байх юм. Мөн энэ хуулинд замын хөдөлгөөнд оролцохдоо гар утас хэрэглэхийг хориглосон юм. Жишээ нь, Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөг буюу 9600 төгрөгөөр торгоно. Одоо бол Захиргааны хариуцлагын тухай хуулиар тус хэсгийг зохицуулж жолоо барих үедээ гар утсаар ярьсан бол 5-10 мянган төгрөгөөр торгож байгаа юм.

Ядарсан үедээ жолоо барьвал 48 мянгаар торгоно

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ гэж заажээ. Үүнийг тогтооход компанийн жолооч нарыг анх хэдэн цагт ажилд гарсан байна. Хэдэн цаг тасралтгүй жолоо барьсан байна вэ гэдгээр нь хянах юм. Учир нь замын хуудсан дээр нь ажилд гарсан цаг минутыг зааж өгсөн байдаг. Ялангуяа хот хоорондын хүн болон ачаа тээвэрт. Бас урд болон хойд хөршөөс орж ирж байгаа транзит тээвэр хийж байгаа жолооч нарыг шалгаж болно. Гэхдээ энэ нь бүх тээврийн хэрэгсэлд хамаатай.

Согтуугаар жолоо барьвал эрхийг нь 2 жилээр хасч, нэг сая төгрөгөөр торгоно

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол сонгох заалтгүйгээр 2 жилээр эрхээ хасуулж нэг сая төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээнэ. Ингэхдээ согтууруугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 384 мянган төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасна. Түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн этгээдэд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгоно. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 384-768 мянган төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл хүлээлгэнэ. Хэрэв энэ зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаатай баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах юм.  Энэ нь өнөөдрийн дагаж мөрдөж байгаа 1992 онд баталсан захиргааны хариуцлагын тухай хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд ямар нэгэн байдлаар торгох шийтгэл байдаггүй байсан юм.

Утсаар яривал 9000 төгрөгийн торгуултай

Тээврийн хэрэгсэл жолоодох үед хөдөлгөөнт утас хэрэглэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх 9000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр торгоно

Жолооч гэрлэн дохио болон цагдаагийн албан хаагчийн хориглосон дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувь буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Мөн Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслийн дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр торгоно.

Зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд заасан жолооч давуу эрх бүхий тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагыг биелүүлээгүй бол 19200, жолооч хөдөлгөөний чиг өөрчлөхдөө эгнээ байр эзлэх журам зөрчсөн, хориглосон газарт буцаж эргэх буюу ухрах үйлдлийг хийсэн бол мөн 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх юм байна.

Бичиг баримтгүй жолоо барьвал 48 мянган төгрөгөөр торгоно

Тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувь буюу 48 мянган төгрөгөөр торгох юм. Харин баримт бичиггүй этгээдэд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх буюу 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр торгоно

Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 192000 төгрөгөөр торгох юм байна. Харин тухайн жолоодож буй тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, тэнцээгүй байхад нь замын хөдөлгөөнд оролцсон иргэн, хуулийн этгээдийг мөн дээрх хэмжээгээр торгохоор заажээ.

Бүс зүүгээгүй бол 9600 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ. Тодруулбал 9600 төгрөгөөр торгуулна. Бас мотоциколь, мопедын жолооч болон мотоциклоор зорчигч хамгаалалтын малгай өмсөөгүй бол мөн адил хэмжээний торгуулийн шийтгэл хүлээх юм.

Удаан зогсвол 19200 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан, эсхүл явган хүний гарц дээр буюу замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан 19200 төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэнэ.

Гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 19200 төгрөгөөр торгоно

Явган зорчигч Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх төгрөгөөр торгох буюу 19200 төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээлгэнэ. Харин явган зорчигч согтуугаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх буюу 48 мянган төгрөгөөр торгоно. Мөн замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгслээр замын зорчих хэсгийн гадна талаар буюу явган хүний зам, хөвөөгөөр явсан, эсвэл цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарсан, тэдний хооронд байр эзэлсэн бол дээр хэлсэнчлэн торгуулна. Өмнөх хуулиар бол 100-8000 төгрөгөөр торгодог байсан юм.

Урсгал сөрвөл 96000 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр жолооч эсрэг урсгал сөрсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувь буюу 96 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэх юм.

Дугаар нь зөрчилтэй машин жолоодвол 48000 торгоно

Улсын бүртгэлийн дугаар нь арилсан, бүдгэрсэн зэргээс үзэгдэх байдал нь муудсан, эсвэл дугаарыг буруу байрлуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол улсын дугаарын тэмдгийг хурааж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээ буюу 48 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна. Харин Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээ буюу 96 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 384 мянгаар торгоно. Мөн Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 192 мянгаар торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960 мянган төгрөгөөр торгохоор зохицуулалт хийжээ.

 

Д.УЛАМБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж