Комик чиглэлээр 10 гаруй жил дагнан уран бүтээлээ туурвиж буй “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач, зохиолч Н.Эрдэнэбаяртай ярилцлаа.
-Хоёулаа яриагаа уншигчдадаа ерөнхий мэдээлэл өгч эхлэе. Комик гэж яг юу юм бэ?
-Комикс гэдэг нэр томьёо монголчуудын чихэнд танил сонсогддог хэрнээ яг юу вэ гэдэг асуулт их асуугдаж байна. Ер нь манайхан комик гэхээр хүүхдэд л зориулсан зурагтай ном л гэж ойлгох нь элбэг. Үүгээр монголд энэ салбар ямархуу түвшинд хөгжиж байгааг шууд тодорхойлж бараг болохоор. Комик гэж яг ву гэвэл 1800-аад оны үед Европт хөгжиж эхлээд 1900-аад оны үеэс өдөр тутмын сонингууд дээр комик стрип гарч эхэлсэн. Энэ нь сонины хамгийн арын нүүрэнд дөрөвхөн нүдэнд тухайн үеийнхээ нийгмийн асуудлуудыг шоглосон, ёжилсон өнгө аястайгаар дүрслэн гаргаж эхэлсэн. Тэр маань цаашаа хөгжөөд орчин үеийн комикийн хөгжлийн үндэс суурь болсон гэж үздэг.
Ер нь бол зураг, текст хоёрыг ашиглан хүүрнэж буй цаасан дээрх хэлбэрийг комикс гээд байгаа юм. Товчхондоо цаасан дээрх кино. Комик маань хоёр үндсэн чиглэлд хуваагддаг. Энэ нь комик стрип ба комик ном сэтгүүл. Дэлхийд комик стрип хөгжөөд мэдээллийг хамгийн хурдтай дамжуулдаг нэг соёл болж хувираад байна. Комик стрип өндөр хөгжсөн орнуудын өдөр тутмын сонингын арын нүүрэнд тодорхой нэг сэдвээр, эсвэл ямар нэгэн баатраар дамжуулан хүмүүст мэдээллийг тогтмол хүргэдэг. Дэлхийд комик стрип бол хамгийн том сэтгүүлзүйн төрөл болдог.
-Та комик чиглэлээр олон жил уран бүтээлээ туурвиж байна. Монголд энэ салбар хэр хөгжиж байна вэ?
-Комик бол Монголд дөнгөж хөгжиж эхэлж байна. Комик ном зохиол сэтгүүл бол гадна дотны уран бүтээлчдийн бүтээл чамгүй олон гардаг болсон. Монголын комикс манга чиглэлийн салбарыг ярьвал эхний комик гэж хэлж болохоор ном бол хувьсгалын дараа ухуулга сурталчилгааны хэлбэрээр хэвлэж байсан. Улаан гэр буюу ухуулга сурталчилгаа явуулдаг гэрийн бүслүүрт комик зураад хавчуулчихдаг байсан юм. Тухайн үед иргэд унших бичих чадвар багатай байсан учир зургаар ойлгуулж байсан байдаг. Социализмийн үед “Матар”, “Тоншуул”, “Хүмүүжил” гээд бүхэл бүтэн зурагт хошин шогийн сонин гаргадаг байсан. Тэр сонинууд дээр тухайн цаг үеийг шүүмжлэн харуулсан комик гарч байсан. Сонгуулийн үеэр манай улстөрчид хааяа ашигладаг юм. Мөн зарим компаниуд өөрсдийн үйл ажиллагааг тайлбарлах гэж оролддог. 1960-аад оны дундуур ганц нэг комик ном гарсан. Мөн 1990-ээд оны эхэн үеэр “Борхүү, Одхүү, Төмөрхүү гурвын адал явдал” гэсэн бүрэн хэмжээний ном, 2000 оны эхээр “Чингис хаан” цуврал гарч байсан. Энэ нь монголчуудад комикс мангаг мэдрүүлж өгсөн.
Харин Япон болон Америкт 100 гаруй жил хөгжсөн соёлын нэг том хэлбэр болсон байдаг. Тус соёлоор дамжуулаад хүүхдүүддээ хүмүүжил, танин мэдэхүйг хүргэх боломжтой. Харамсалтай нь Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүн, төрийн байгууллага засаг байхгүй учраас төдийлөн зэлгэрэхгүй байна. Дэлхий нийт комикс буюу манга гэдэг ном руу шилжчихсэн. Энэ нь хөгжөөд хүүхэлдэйн кино, уран сайхны кино болж байна.
Харин комик стрип нь манайд хөгжөөгүй байна. Уг нь энэ бол өдөр тутмын сонингууд болон мэдээллийн сайтуудад зайлшгүй байх ёстой контентын нэг юм. Дөрөвхөн нүдэнд цөөхөн текст болон зургаар дүрслэн мэдээллийг хүргэх нь өнөөгийн завгүй хүмүүст цаг хэмнэн, мэдээллийг шуурхай авах боломжийг олгож буй юм. Товчхон зураг текст харахаас хэн ч залхуурахгүй, татгалзахгүй. Тиймээс ч нийгэмд хамгийн хүртээмжтэй мэдээлэл түгээх арга гэж үздэг. Сонин, сайт, сэтгүүлүүд маань комик зургийг олон нийтэд хүргэх үндсэн байгууллага байх ёстой. Комик стрип бол хамгийн сайн контент шүү гэдгийг онцлон хэлмээр байна.
-Комик чиглэлээр ажилладаг уран бүтээлчид хэр олон байна. Тэдэнд зах зээл, орон зай байна уу?
-Монголд шинэ тутам хөгжиж буй салбар учраас яг энэ чиглэлээр дагнан ажиллаж буй уран бүтээлчид цөөхөн байна. Тэрнээс манайд энэ салбараар уран бүтээлээ туурвих зах зээл, орон зай хангалттай бий.
-Таны “Бумбардай” цуврал ирэх сараас Японд худалдаалагдаж эхлэх гэж байгаа гэсэн. Тийм болохоор зөвхөн монголдоо гэлтгүй гадаад зах зээлд ч гарах боломж нээлттэй байна гэж хэлж болох уу.
-Тийм ээ. Саяхан Япон улсад болсон “Манга авардс" гэдэг дэлхийн комиксийн хамгийн том нэр хүндтэй тэмцээнд “Бумбардай аргалд явсан нь” бүтээлээрээ анх удаа оролцоод алтан Гран При шагнал авсан. Есдүгээр сараас “Бумбардай" цуврал Япон улсад худалдаанд гарч эхлэхээр болоод байгаа юм. Бусад уран бүтээлчдэд ч гэсэн өөрсдийн бүтээлээ гадны зах зээлд гаргах боломж бүрэн нээлттэй.
-Комиксын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Япон улсын хувьд яг энэ салбарт эргэлдэж буй хөрөнгө, мөнгө хэдий багцаанд байдаг бол.
-Японд комикс болон анимэ бүтээдэг компаниуд маш олон. Тэдгээр компаниудын жилийн борлуулалтыг 2012 оны байдлаар авч үзвэл 172 тэрбум 500 сая иен, ам.доллараар шилжүүлбэл 1.72 тэрбум ам.доллар. Энэ бол асар том бизнесийн салбар юм. Тиймээс ч комикийг олон нийтэд дэлгэрүүлэх, ач холбогдлыг ойлгуулах, энэ чиглэлийн уран бүтээлчдийг дэмжих, хүртээмжтэй байлгах үүднээс манай “Нүүдлийн зурган өгүүлэмж сан” болон Японы Элчин сайдын яамтай хамтраад Монголын хамгийн анхны комик, манганы тэмцээн зарлаж байна. Энэ тэмцээн нь дөрвөн ширхэг нүдэн дотор багтаагаад нэг санаа илэрхийлэх юм. Сэдэв нь монгол ёс заншил, ахуйн талаар байна. Өөрсдөө баатар гаргахад хэцүү байвал “Бумбардай” дүрийг ашиглаж болно. Зурагтын хувьд компьютер болон гараар хар цагаанаар байж болно гэсэн шаардлагатай. Манай уралдаан ямар нэг насны ангилал заагаагүй. Уралдааныхаа бүтээлийг дижитал хэлбэрээр bumbardai108@gmail.com хаягаар явуулах хэрэгтэй. Уралдааны хугацаа 2015 оны есдүгээр сарын 29-нд сүүлийн бүтээлээ хүлээж авна. 2015 оны аравдугаар сарын 3-нд уралдааныхаа ялагчийг тодруулах юм.
-Ялагчаа яаж шалгаруулах вэ?
-Ялагчаа бид хамгийн их like авснаар нь тодруулж, гурван ялагчийг шүүгчдийн үнэлгээгээр гаргана. Шагналаа гардуулах үеэрээ комик манга сонирхогчдынхоо дунд тэмцээн явуулж бас нэг хүнд шагнал өгнө. Нийтдээ дөрвөн хүнийг Япон улсад долоо хоногоор аялуулж цахим ертөнц болон бусад мэдээллийн хэрэгслүүдээр комикийн талаарх ойлголт болоод яаж хийх талаарх заавар зөвлөгөөнүүдийг өгөх юм. Энэхүү тэмцээнийг Японы Элчин сайдын яам хамтран зохион байгуулж Монголд энэ соёлыг дэлгэрүүлэхэд чин сэтгэлээсээ дэмжиж ажиллаж байна.
Т.АНУ