Шинэчлэлийн чирэгдэлт

Хуучирсан мэдээ: 2015.08.28-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн чирэгдэлт

Нийслэлийн удирдлагуудын хийж байгаа нийтийн тээврийн үйлчилгээний шинэчлэлийг олон хүн дэмжиж байгаа. Сая хүн амтай метрополист хотын хувьд нийтийн тээврийн үйлчилгээг шинэчилж, олон улсын стандартад нийцүүлэх нь зөв. Гэхдээ үүний өмнө бэлтгэлээ  сайн хийгээгүйгээс  ард иргэдийг хохироох явдал  багагүй гарч  байгааг хэлэхгүй өнгөрч бас боломгүй. Тухайлбал, цахим карт аваагүй зорчигч ирэх есдүгээр сарын 1-нээс автобусаар үйлчлүүлэхдээ 1000 төгрөг төлөхөөр болж байна.  Нэг талаасаа  бэлэн мөнгөөр үйлчлэх нь иргэдийн мөнгийг автобусны жолооч кондуктор  хоёр нийлээд "идэх" боломжийг бүрдүүлдэг нь худлаа биш. Ямар сайндаа  л мөнгө хийдэг хайрцагнаасаа иргэдийн төлсөн мөнгийг хулгайлж байгаад баригдаж булайгаа тарих билээ. Гэхдээ нөгөө талаасаа хоногийн хоолныхоо мөнгийг яая даа гэсэн иргэдэд энэ шийдвэр хэр дарамт болж байгааг бодолцох ёстой. Тал талх, үмх мах, балга тос грамлаж авдаг айлуудад автобусны үнэ өсөх нь амьдралд нь багагүй дарамт болж буй нь гарцаагүй. Хөхөө өвлийн хүйтнээр хаа байсан хотын захаас алхдаг гэр хорооллын жаалуудад нийтийн тээврийн шинэчлэлт яаж нөлөөлөхийг бодсон уу. Цаг үргэлжид дулаахнаараа байхгүй. Цасан шуурганд  таван буудлын цаанаас алхаж сургуульдаа очих зовлонг албаны машин унадаг дарга мэдэх юм уу?.  Энэ мэт олон асуултад нийтийн тээврийн шинэчлэлтдээ сэтгэл хангалуун байгаа нийслэлийн дарга нараас хариулт авмаар байна.

Учир нь богино эргэлттэй болгох нэрийн дор чиглэлийг бужигнуулж орхисноос иргэд зорьсон газраа хүрэхийн тулд 2-3 дамждаг болсон. Хэрвээ цахим карт авахгүй бол гэрээсээ ажил хүрэхийн тулд 2000-3000 төгрөг, орой ажлаасаа гэртээ очиход мөн тооны төгрөг зарцуулах болох нь. Хүүхдүүд хоёр дамжиж сургуульдаа очлоо гэхээд өдөртөө 800.   Таван хүүхэд нь сургуульд явдаг айл гэхэд 4000 төгрөг.  Эцэг, эхчүүд нь боломжгүй хүүхдүүд хөлөө хөлдтөл алхахаар болж байна.

Өмнө нь нэг автобусанд суугаад гэрээсээ ажилдаа, ажлаасаа гэртээ хүрдэг байж, ямар амар байв аа. Өдөрт 1000 төгрөгөөр л зорччихно. Жинхэнэ хэмнэлт байж дээ. Одоо тэгтэл өдөрт 3000-4000 төгрөг зарцуулж байна. Цахим карт авахгүй бол нэг автобусанд суугаад л 1000 төгрөг төлнө. Энэ чинь тэгээд шинэчлэлт мөн үү?

Маршрутын тухай зарим чиглэлээс жишээ авбал, өмнө нь “Баянхошуу-Ард”, “Баянхошуу-вокзал”, “Баянхошуу-нэгдсэн III эмнэлэг” гэсэн гурван чиглэлд автобус үйлчилгээнд гардаг байв. Одоо тэгтэл “Баянхошуу-Ард” чиглэл “устав”. Богино эргэлтэд зохицуулж хийсэн маршрут уу, давхцал арилгах нэрийн дор хийсэн “хутгаа” юу, бүү мэд. Үүнээс болж хотын төв рүү зорчих иргэд “Баянхошуу-III цахилгаан станц” чиглэлийн автобусанд сууж “Бөмбөгөр” худалдааны төв дээр ирж, дахин унаа сэлгэдэг болсоор удлаа.

Гэтэл “Баянхошуу-III цахилгаан станц” чиглэл рүү үйлчилгээнд явж байгаа автобуснууд хоосон шахам давхина. Үйчлүүлсэн ихэнх зорчигч “Бөмбөгөр” худалдааны төвд буудаг учраас сайндаа л таван зорчигч тээн Нарны гүүр рүү давах жишээтэй.

Баянхошуунаас нэгдүгээр хороолол руу үйлчилгээнд явж байгаа автобусыг хороолол III- IV-өөр дайруулж, замынх нь эргэлтийг богиносгох бус бүр сунгаж өгсөн нь гачлантай. Бас л зорчигчгүй давхиад л байна. Ядахад, нэгдүгээр хорооллын араар явуулахаар ч яадаг юм. “Хархорин” худалдааны төвөөс хүнсээ базаахад түүнийгээ энэ халуунаар барьж алхсаар нэгдүгээр хорооллын хойд талын замд гарч автобусанд сууна гэдэг чанга тул микро автобусанд хөл дүүжилж байна.

“Их наран-МУИС” гээд эрэлттэй чиглэл өмнө нь үйлчилгээнд явдаг байсан ч одоо бас л дашийн шоог. Түүнийг дагаад Их наран, 21 дүгээр хороолол, Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, Баруун салаа гээд нийслэлийн баруун зүгт амьдрах иргэд МУИС-руу хүрэхийн тулд 2-3 автобус сэлгэж хараалаа урсгаж явна. Ядаж л “Их наран-МУИС” чиглэлээ үлдээж болно доо. "Авто сургууль-Архустай" чиглэлийн автобус алга.  "Баянхошуу -Багшийн дээд" хүрдэг байсан автобус бүр "тэнэсээр".  Тэгсэн бол Ханын материал, Баянхошуу, Зүүн салаа, 21 дүгээр хороолол, Баруун салаа, Их наранд амьдрах иргэд “Их наран-МУИС” чиглэлийн автобусанд суугаад сургуульдаа, ажилдаа хүрэхгүй юу. Гэтэл шинэ маршрутаар явж байгаа урт, урт автобус нь хоосон шахуу давхиад л… Наана нь зорчигчид явгарч, шогшицгоогоод л…Хотын дарга нар түгжрэлгүй замаар хурдлаад л. Баянхошуу, Толгойт, Нарангийн иргэд баян гэж Бат-Үүл даргад хэн хэлчихэв ээ.

“Шар хад-Мишээл экспо” гэсэн бас нэгэн зорчигчдын мөнгөөр тоглосон маршрут байна. Явсан, ч ирсэн ч зорчигч суудаггүй. Зарим жолооч нь бүр унтуу нь хүрдэг үү, “Ард” –ын буудал дээр зогсох ч үгүй давхиад явчихаж байна билээ. Араас ирсэн автобус нь буудал дээрээ зогссон ч хаалгаа нээж зорчигчоо оруулдаггүй. Лав л хэд хоногийн өмнө нэг эмэгтэй автобусных нь хаалгыг өшиглөж харагдсан. Жолооч нь хаалгаа онгойлгож өгөхгүй байсан болохоор тэр л дээ.

Бас нэг дампуу маршрут “Толгойт-Шарга морьт” гээд гаргачихсан. Толгойт бол гэр хороолол. Гэр хорооллын иргэд гэр хороолол руу явна гэж юу байх билээ. Ядаж л “Наран туул”-руу гэсэн бол амьдралтай тусахгүй юу.

Ийм нэгэн “бантан” зуурагдсанаас хойш нэг сар болох нь, энэ хугацаанд хэчнээн иргэн ажлаасаа хоцорч, хэчнээн иргэн дамжиж сууж талхныхаа мөнгийг бараа бол. Мөн зорчигчгүй давхисан автобуснуудын алдагдлыг гаргавал том тоо гарна даа.

Одоо тэгтэл чиглэлээ оновчтой болгоогүй байж, цахим карт аваагүй иргэнд 1000 төгрөгөөр үйлчилнэ гэх нь иргэндээ хүрсэн үйлчилгээ болж чадах уу. Эхлээд маршрутаа эрэлттэй чиглэл рүү нь болгоод өөрчлөөд өгчих. Дараа нь шаардлага тавибал шинэчлэлийг дэмжих зорчигчид олширно. Түүнээс 1 сая иргэнээс 250 мянга нь цахим карт авч, 700 мянга орчмыг нь хамруулахын тулд үйлчилгээний үнээ нэмж 1000 төгрөг болгоно гэж муйхарлах нь хямралд халаасаа гөвж дуусч байгаа иргэдэд хатуу л сонсогдоно. Заргач нэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргахад л дуусаа.

Ер нь ч тэгээд энэ шинэчлэлийг эхлүүлсэн нэг сарын хугацаанд иргэдийн автобусанд зарцуулах “төсөв” өмнөхөөсөө нэмэгдэж, яая даа л гэж явна.

Ядарч яваа иргэдээ яаж "шоглох"-оороо богино эргэлттэй болгож байгаа нэрээр халааснаас нь гарч буй мөнгийг нь өсгөж байгаа юм бэ, Бат-Үүл дарга аа.  Шинэчлэлт хийхийнхээ өмнө, Баянхошуу, Шархад, Наран, Толгойт, Орбит, Нисэх чиглэлийнхээ автобусанд ядаж долоо хоног сууж үзсэн үү, Нийтийн тээврийн газрын удирдлагууд аа. Нэг ажил хийх гэж нөгөө ажлаа баллуурдах нь шинэчлэлт гэхэд хэцүүхэн юм.

Тэгэхээр иргэдээс ирүүлж байгаа санал хүсэлтийг хүлээн авч, шаардлагатай газруудад маршрутыг хуучин руу нь шилжүүлж засч өгөхийг хүсье. Дараа нь цахим картаа шаард. Мөн дамжиж суух нөхцөлд үнэгүй зорчдог байх боломжоор хангахгүй бол 2-3 дамжихаар тасалбарын үнэ нэмэгдсэнээс ялгаагүй болж хувирлаа.

Картад шилжсэнээр кондуктор орлогоосоо цавчаа хийх боломжгүй болно. Ингэснээр нийтийн тээврийн салбарт нүүрлээд байсан хулгай ч цэгцрэх эерэг талтай. Гол нь маршрут нь ойлгомжгүй, оновчгүйгээс бухимдал үүсгээд байгааг засах цаг болжээ.

Эцэст нь дарга нарт нэг зөвлөгөө өгье. Эхлээд иргэдийнхээ үгийг сонс. Үгүй ядаж л өөрөө Баянхошуу, Толгойт, Шар хадны чиглэлд өдөртөө хоёр удаа үйлчлүүлээд үз, өөрсдөө нүдээрээ хар.  Өмнөхөөсөө дээрдэж үү гэдгийг…?

Албаны машин унасан дарга нар автобусаар хөл дүүжилдэг ардын зовлонг яаж мэдэхэв дээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж