“Олонлог” бол математикийн сүнс оршсон газар

Хуучирсан мэдээ: 2015.08.27-нд нийтлэгдсэн

“Олонлог” бол математикийн сүнс оршсон газар

-Математик уур амьсгал, математик орчин бүрдүүлж чадсан нь “Олонлог” сургуулийн гол онцлог. Математикч нарын дунд “математик сүнс гүйнэ” гэж ярьдаг юм. Тэр орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан бөгөөд улам илүү болгохын төлөө бид хичээн ажиллаж байна-

“Олонлог” бол математикийн сүнс оршсон газар

“Олонлог” сургуулийн захирал А.Сугартай ярилцлаа.


-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. “Олонлог” сургууль анх яаж үүсэн байгуулагдаж байсан талаар яриагаа эхэлье?

-“Олонлог” сургууль нь математик, гадаад хэлний бүрэн дунд боловсролыг олон улсын түвшинд хүргэх зорилготойгоор 2002 онд байгуулагдсан хувийн хөрөнгө оруулалттай анхдагч сургуулийн нэг. Энэхүү сургууль нв 1993 оноос өнөөдрийг хүртэл тогтмол хэвлэгдэж буй математикийн гоо сайхныг соён гэгээрүүлэх “Олонлог” сэтгүүлийн баазад тулгуурлан байгуулагдсан.

-Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилт, ололт юу байв?

-Өнгөрсөн 13 жилийн хугацаанд манай сургуулийн багш, сурагчид Монголын Математикийн олимпиадаас 22 алт, 16 мөнгө, 30 хүрэл, дөрвөн тусгай байрын шагнал хүртсэн байна. Дэлхийн математикийн аварга шалгаруулах Олон улсын математикийн олимпиадад Монгол улсаа төлөөлөн оролцох шигшээ багийн бүрэлдэхүүнд манай сургуулийн сурагчид 2005 оноос байнга шалгаран оролцож хоёр мөнгө, есөн хүрэл, таван тусгай байрын шагнал авсан нь богино хугацаанд чамлахааргүй амжилт үзүүлсэн гэж боддог.

Мөн математикийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, сургалтынхаа бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор математикийн “Олонлог” сэтгүүлийн 40 орчим дугаар, хоёр боть, гурван цомирлог, гүнзгийрүүлсэн ба ердийн сургалтанд зориулсан 10 гаруй сурах бичиг эрхлэн гаргасан. Мөн 7-9-р ангийн “Геометр”, 1-5-р ангийн “Математик бодох урлаг”, 1-5-р ангийн “Сонгон суралцах математик” зэрэг цуврал сурах бичгийг эрхлэн гаргажээ. “Олонлог” сургуулийг 2003-2015 онд нийт 12 удаагийн төгсөлтөөр 450 гаруй хүүхэд төгсч,  дотоод гадаадын их сургуульд 100 хувь элсэн орсон байна.

-Өнөөдөр хувийн чамгүй олон сургууль ажиллаж байна. “Олонлог” сургуулийн онцлог юу вэ?

-Мэдээж хувийн сургууль болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Манайх нэг ээлжээр хичээллэдэг, анги дүүргэлт цөөн, нэг ангид 24 сурагчтай, багш нар хүүхэд бүртэй тулж ажиллах боломжоор хангагдсан гэх мэт онцлог байна л даа. Гэхдээ хамгийн гол нь математик уур амьсгал, математик орчин бүрдүүлж чадсан нь гол онцлог гэж бид боддог. Математикч нарын дунд “математик сүнс гүйнэ” гэж ярьдаг юм. Тэр орчин нөхцөлийг бүрдүүлж чадсан бөгөөд улам илүү болгохын төлөө бид хичээн ажиллаж байна.

Танай сургуулийн  сургалтын талаар дэлгэрэнгүй ярья  гэвэл?

-Манай сургуул одоогийн байдлаар сургалт хариуцсан математикийн, бага ангийн, ерөнхий эрдмийн гэсэн гурван багийн 50 орчим багш, нийт 70 орчим багш, ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Бид нийлбэр ашиг их бол нэг бүрийнх их гэсэн нэгэн уриан доор хичээн ажилладаг. Манай математикийн сургалт хариуцсан багийг  Монголын математикийн таван удаагийн аварга Б.Баяржаргал, таван удаагийн аварга багш Б.Ганбилэг, бага боловсрол хариуцсан багийг Монголын математикийн гурван удаагийн аварга багш П.Чимэг багш нар маань ахлан ажиллаж байна. Ерөнхий эрдмийн сургалт хариуцсан багт байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, зураг технологи, биеийн тамир, дуу хөгжмийн багш нар багтдаг .

Сургуулийнхаа бага боловсролын онцлог, давуу талыг тодорхойлно уу.

-Бидний үзэж байгаагаар сайн боловсрол эзэмшихийн тулд хүн шат, шатны боловсролыг уялдаа холбоотой, чанартай эзэмших нь зүйтэй гэж үздэг. Энэ ч утгаараа ерөнхий боловсролыг эзэмшихэд бага боловсрол онцгой ач холбогдолтой суурь дэвсгэр нь юм.

Эх хэлээрээ зөв ярьж, уншиж, сайн ойлгодог, бичдэг болсноор бие даан цэгцтэй ажиллах, цаашлаад математикаар хичээллэх, бусад шинжлэх ухааны ойлголтуудыг авах, гадаад хэлийг эзэмших зэрэгт зөв голдрил болдог.

Манай сургуулийн бага боловсрол олгох бодлого нь бүх сурагчдад стандарт хөтөлбөрийг тэгш эзэмшүүлэхээс гадна өөрсдийн боловсруулсан англи хэл, математикийн гүнзгийрүүлсэн хөтөлбөрөөр хичээлээ зааж байна.

Ихэнх сургуулиудад хэрэгждэг элсэгчдэдээ тавьдаг шалгуур үзүүлэлт, шалгалт, эрэмбэлэх бодлогоос татгалзаж, сурагчдад өөрсдийгөө хөгжүүлэх боломжийг нээлттэй олгодгоороо манай сургууль бусад сургуулиас ялгаатай.

Манай бага боловсрол хариуцсан баг бага ангийн математикийн гүнзгийрүүлсэн түвшинд зориулсан “Сонгон суралцах математик” 1-5 цуврал бүхий цогц сурах бичгийг эрхлэн гаргаад долоон жил болжээ. Энэ хугацаанд дийлэнх томоохон улсын болон хувийн хэвшлийн сургуулиудын сургалтын хэрэглэгдэхүүн болж чадсан нь сурах бичгийн үнэ цэнийг харуулахаас гадна маш чадварлаг баг бүрдсэний илрэл юм. Бага боловсрол олгох хөтөлбөр маань уг сурах бичгийг зохиосон бүх багш нарын бүрэлдэхүүнээр дамжин хэрэгжиж байна.

Сүүлийн жилүүдэд хүүхдийг төрөл бүрийн олимпиадад оролцуулах, гадаад хэлийг эзэмшүүлэх гэж  бага насанд нь сэтгэхүйн онцлогоос нь давсан өндөр түвшний мэдлэгийг олгох гэж дарамт учруулах, хэт ачаалал өгөх хандлага ажиглагдах боллоо. Үүнээс зайлсхийж, хүүхэд бүрийн онцлогт тохирсон, тэдний чадварыг сайжруулах, жигд хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа нь манай сургуулийн бас нэг онцлог юм.

Математикийн сургалтыг өндөр түвшинд маш амжилттай явуулдаг нууц бий юу?

-Шавийн эрдэм багшаас гэдэг дээ багшлах боловсон хүчний асуудал дээр хамгийн сайн шийдэлтэй сургууль гэж би боддог. Энэ бол нэгэнт нууц биш болсон нууц юм.

Би жаахан дэлгэрэнгүй ярья л даа. Манай сургуулийн зорилго бол математикт авьяастай хүүхдүүдийг нээн илрүүлж тэднийг дэлхийд өрсөлдөх чадвартай хүн болоход нь гүүр болох зорилготой байгаа. Одоо ч энэ зорилгоосоо ухраагүй. Харин “Математикийн авьяастай байх” гэсэн нөхцөлийг “хүн бүр гэдэг нөхцөлөөр сольсон. Өөрөөр хэлбэл, хүүхэд бүрийн математикт хандах хандлагыг  зөв төлөвшүүлж  сэтгэн бодохуйн таашаалыг төрүүлж үүгээрээ улбаалан аль ч шинжлэх ухааны чиглэлд суралцах бүрэн чадвартай болгох гэсэн цогц зорилгоор анхны зорилго маань солигдсон л доо. Иймд элсэгчдэд “математикийн авьяастай” байх гэсэн хатуу шаардлага хэрэггүй болж байгаа юм. Тодруулбал, манай сургууль элсэлтийн хатуу шалгалтын бодлого барьдаггүй.

Манай сургууль жил бүр “Математикийн баяр” тэмдэглэдэг заншилтай. Ийм заншилтай сургууль тун ховор байдаг байх. Энэ нь математик соёл, математик гоо сайханг сурагч нартаа мэдрүүлэх, сургуулийнхаа, найз нөхдийнхөө амжилтаар бахархах том хэмжээний арга хэмжээ юм.

Математикийн хоцрогдолтой хүүхэд танай сургуульд шалгалтгүй элсэнэ гэсэн үг үү?

-Тийм. Ялангуяа манай сургуульд шилжин ирж буй сурагчдаас математикийн түвшин тогтоох шалгалт авдаг ч тэр нь хэзээ ч шалгуур болж байгаагүй.

Нэг ангид олимпиадын ч аварга, бас тоондоо хоцрогдолтой ч хүүхэд хамт сурна гэсэн үг үү?

-Тийм.

Тэдэнд яг адилхан юм заах уу?

-Та нэлээд мэдэрч асуугаад байна шүү. Үнэхээр анги дүүргэлт цөөн боловч хүүхдүүдийн түвшний зөрүү их байвал багшийн ажлын ачаалал ихэсдэг л дээ. Үүнд л багшийн жинхэнэ ур чадвар, хөдөлмөрч сэтгэл тодорно доо.

-Бусад сургалтын давуу талаа сонирхуулаач.

-Манай сургууль гадаад хэлний хичээлийг гадаад багш нараар заалгах бодлого барьдаг. Учир нь, гадаад хэлийг сонсож, ярилцаж сурах нь  илүү үр  дүнтэй болохыг олон жилийн туршлагаасаа олж харсны үндсэн дээр гадаад хэлийг гадаад багш нараар заалгаж  байгаа. Манай сургуульд Япон, Филиппин, Фижи арал улсын багш нар болон “Talk Talk English” сургалтын төвийн Англи, Шинэ Зеланд улсын багш нар хичээл зааж байна. Бага ангиасаа англи хэлийг, дунд, ахлах ангидаа орос, япон хэлний сургалтыг зохион байгуулдаг. Мөн ерөнхий боловсролын гол хичээлүүд болох физик, химийн хичээлүүдийг Физик, Химийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байна. Туршилт хичээлийг хүрээлэн дээр явуулж, хүрээлэнгийн эрдэмтэн, доктор багш нар ирж хичээл заадгаараа онцлогтой.

Үндсэн сургалтаас гадна хичээлээс гадуур ямар ажил зохион байгуулж байна?

-Сурагчдыг өөртөө итгэлтэй, эрүүл чийрэг, зөв зан чанартай, тал бүрийн мэдлэг боловсролтой иргэн болгон хүмүүжүүлэх, сурч мэдэх хүсэл сонирхлыг төрүүлэх, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгоход нь тус нэмэр болгохын тулд хичээлээс гадуур олон ажил зохион явуулдаг.

Тухайлбал, байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, монгол хэлний хичээлийн сарын аяныг тогтмол зохион байгуулдаг. Эдгээр аяны хүрээнд сурагчдын дунд монгол хэл-уран зохиолын хичээлээр зохион бичлэг, зохиолын дүр бүтээх, хими, физик, газар зүй, түүх, нийгмийн ухаан, мэдээлэл зүйн хичээлээр бүтээлийн уралдаан явуулахын зэрэгцээ ангиудын дунд ангийн номын сантай болох хөдөлгөөн өрнүүлсэн. Мөн жил бүр хүүхлийн ордонд сурагчдын дунд урлагийн тайлан тоглолтыг зохион байгуулж заншсан нь сурагчдыг урлагийн болон гоо сайхны мэдрэмжтэй болох, өөртөө итгэлтэй, бусдад өөрийгөө нээн харуулахад түлхэц болдог.

Манай сургууль жил бүр “Математикийн баяр” тэмдэглэдэг заншилтай. Ийм заншилтай сургууль тун ховор байдаг байх. Энэ нь математик соёл, математик гоо сайханг сурагч нартаа мэдрүүлэх, сургуулийнхаа, найз нөхдийнхөө амжилтаар бахархах том хэмжээний арга хэмжээ юм. Өнгөрсөн хичээлийн жилээс бид Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Мөн математикч хүүхэд, багш нарыг дэмжиж “Олонлог” сургуулийн нэрэмжит математикийн олимпиадыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг.

2014-2015 оны хичээлийн жилд Улсын Математикийн Олимпиадын II давааг Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран амжилттай зохион байгуулсан. Мөн хичээлийн жилд “Олонлог” сургуулийн гаргасан амжилтыг үнэлэн Монголын Математикийн Олимпиадын Хорооноос 2015 оны Монголын математикийн 51 дүгээр олимпиад (ММО-51)-ыг зохион байгуулах хүндтэй үүргийг манай сургуульд хүлээлгэсэн ба шинэлэг, олон улсын жишигт нийцүүлэн маш амжилттай зохион байгуулсан гэж бодож байна.

Танай сургуульд хэрхэн элсэх вэ ?

-Жил бүр 1-р ангийн элсэгчдэд зориулан тэдний үйлийн болон сэтгэлзүйн бэлтгэлийг хангах зорилгоор бэлтгэл бүлгийн хичээлээ гуравдугаар сараас зохион байгуулдаг. Элсэхийг хүсэгчдийг гуравдугаар сарын 1-ээс бүртгэж эхэлдэг. Харин бусад ангиудад элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг (орон тоо байгаа бүлэгтээ) монгол хэл, математикийн хичээлийн стандарт эзэмшилтийн түвшинг тогтоож хүлээн авдаг.

-Танай сургуулийн төлбөр хэд вэ?

-2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр өмнөх хичээлийн жилийнхтэй адил 4,5 сая төгрөг. Манай сургууль энэ жил төлбөрөө нэмээгүй цөөхөн сургуулийн нэг болж байна. Бид улс орныхоо санхүү, эдийн засгийн хямрал хүндрэлтэй байдал болон эцэг, эхчүүдийнхээ санал, хүсэлтийг хүндэтгэн үзээд энэ хичээлийн жилд төлбөрөө нэмэхгүй байхаар шийдвэрлэсэн. Мөн сурагчдын гаргасан амжилт, ар гэрийн боломж зэргийг харгалзан жил бүр тодорхой цөөн тооны сурагчдыг “Олонлог” сэтгүүлээс төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлттэй суралцуулах, нэг гэр бүлийн хүүхдүүдийн хоёр дахь хүүхдээс эхлэн 30 хувийн хөнгөлөлттэй суралцуулах, төлбөрийг эцэг, эхтэй тохиролцон хэсэгчлэн төлөх боломжоор хангах зэрэг төлбөрийн уян хатан бодлого барьдаг. Манай сургуультай холбоотой лавлах зүйл байвал 99791098 утсаар холбогдож болно.

-Танд баярлалаа.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж