Эдийн засгийн өрсөлдөх чадвараараа дэлхийд тэргүүлэгч Япон улсын бизнесмэнүүд Монгол Улсад айлчилж байна.
Зургаан сарын өмнө Монгол Улс Япон улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан юм. Ингэснээр Монголын тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн Японы зах зээлд, мөн Японы тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн Монголын зах зээлд импортын гаалийн тодорхой хөнгөлөлт эдлэн борлуулагдах бололцоо нээгдсэн. Тэгвэл хэлэлцээрийг ажил хэрэг болгох, хоёр талын худалдаа, үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой Монгол, Японы бизнес форум өчигдөр Гадаад хэргийн яаманд болж өндөрлөлөө. Тус форумд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо /Кэйданрэн/-ы ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй 30 гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын уул уурхай, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулбал эрх зүйн орчин ямар байна вэ гэдгийг онцлон сонирхлоо.
Японы Засгийн газар нь Азийн дэд бүтцийг дэмжиж, ирэх 5 жилд 110 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээ мэдэгдсэн байна. Энэ хүрээнд Монгол Улс, Япон улстай дэд бүтэц, уул уурхай, боловсруулах салбарын хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх сонирхол бас байгаа юм. Чингэхдээ Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг түшиглэн Японы хөрөнгө оруулалт, “ноу-хау”-г нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн холбоонд нэгдэж, нүүрс, төмрийн хүдэр, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах замаар нүүрс шингэрүүлэх, кокс, ган, газрын тос, зэс хайлуулах зэрэг төслүүдэд тус улсын өндөр технологийг нэвтрүүлэхийг чармайж байна
Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг авч үзвэл Монгол Улс 2014 онд Японы зах зээлд 24 сая ам.доллартай тэнцэх бүтээгдэхүүнийг экспортолсон бол Японоос 520 сая ам.доллартай тэнцэх бараа, бүтээгдэхүүнийг импортолжээ. Гадаад худалдааны энэхүү газар тэнгэр шиг зөрүүг арилгахад Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ач холбогдол өгнө гэж албаныхан үзэж байгаа юм. Хэлэлцээрт тусгаснаар Монголын тал 5700 орчим төрлийн бараа, Японы тал 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг шууд чөлөөлөх буюу 10 жилийн хугацаанд үе шаттайгаар бууруулна.
Л.ПҮРЭВСҮРЭН: БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХАМТРАН АЖИЛЛАХ НЬ ЧУХАЛ
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн бизнес форумыг нээж хэлсэн үгэндээ “Хоёр улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр ирэх оны эхнээс хэрэгжиж эхэлнэ. Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дараа хэлэлцээр хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын хувьд анх удаа байгуулсан энэ хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгоход хоёр талын бизнес эрхлэгчид хамтран ажиллах нь чухал. Дэлхийн хамгийн том хоёр зах зээлтэй хиллэдэг Монгол Улстай хамтран ажилласнаар Японы бизнесмэнүүд энэ зах зээлд нэвтрэх боломжтой. Өнөөдөр манай эдийн засгийн хөгжлийн түүхэнд чухал өдөр тохиож байна. Учир нь Японы эдийн засгийн боссууд гэж хэлж болох 39 бизнес эрхлэгч Монголд ирээд байна. Кэйданрэн холбоо нь Японы эдийн засгийн гурван том холбооны нэг. Дэлхийд танигдсан, Японы 1329 компани гишүүнээр элссэн, мөн үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109 холбоо, орон нутгийн 47 холбоо энэхүү нэгдсэн холбооны дээвэр дор ажилладаг” гэдгийг тодотголоо.
“ЯПОН РУУ ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТОЛНО”
Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал А.Ариунаагаас дараах асуултад хариулт авлаа.
-Монгол Японы хооронд хийж байгаа худалдааны балансыг сонирхвол алдагдалтай, дээр нь монголчууд гол төлөв хуучин авто машин, дугуй л импортоор оруулж ирж байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дүнд энэ байдал өөрчлөгдөх үү?
-Монгол Улсын хувьд Хятадаас бусад бүхий л оронтой хийдэг худалдаа алдагдалтай байдаг. Япон улсын тухайд монголчуудын эхний байдлаар экспорт хийх хамгийн дөт бараа нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны дараа хоёр улсын Хөдөө аж ахуйн яам хамтраад 2-3 удаагийн эдийн засгийн форум зохион байгуулсан. Нэгдүгээрт, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргая. Хоёрдугаарт, гэрээ хэлэлцээрээр дамжуулаад хамтарсан аж үйлдвэр байгуулъя. Японы ноу хау технологийг бий болгоё. Энэ ч үүднээс Аж үйлдвэрийн сайдаар ахлуулсан бизнесийн 100 гаруй төлөөлөл өнгөрсөн зургадугаар сард Японд айлчилж, аж үйлдвэрийн бодлогоо танилцуулж, хамтарч үйлдвэрлье, хамтарч бүтээе гэдэг асуудлыг ярьсан.
Өнөөдрийн эдийн засгийн форумд Японы талаас томоохон компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ирсэн байна, энэ бол Монголын зах зээлийг асар ихээр сонирхож байгаагийн нотолгоо. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж байхад хоёр орны худалдааны эргэлт 500 сая ам.доллар байсан. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсанаар үр дүн нь 3-5 жилийн дараа гардаг. Энэ хугацаанд Монголын ДНБ-нд 0.3 хувийн өсөлт авчирна. Мөн худалдааны эргэлт хоёр дахин нэмэгдэнэ гэдэг ч юм уу хөндлөнгийн байгууллагын судалгаа бий.
-Монголын үндэсний компаниуд Японы зах зээлд гарахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
-Эхний ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг Японы зах зээлд гаргана гэдгийг дээр би хэлсэн. Анхаарах хоёр чухал асуудал бий. Эхнийх нь аливаа хоёр орны хооронд хөдөө аж ахуйн гаралтай бараа, ургамлын гаралтай бүтээгдэхүүн худалдаалахад эрүүл ахуй, хорио цээрийн стандартыг яаж хангах вэ, хангахын тулд хоёр талдаа юу хийх ёстой юм бэ. Хоёрдугаарт, Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргахад ямар чанар стандартын шаардлага хангасан байх вэ. Энэ бүхэнд нийцсэн байх ёстой. Эдгээр шаардлага хангагдсан нөхцөлд Монголын бараа бүтээгдэхүүн Япон руу ороход дахин шалгалтад орохгүй байх, тарифын хөнгөлөлт эдлэх зэрэг давуу эрх үүснэ. Энэ чиглэлээр хамтарсан дэд хороо ажиллана, үүн дээр бэрхшээлээ ярина.
“ЯПОНЫ КОРПОРАЦИУДЫН БОРЛУУЛАЛТ МОНГОЛЫН 55-60 ЖИЛИЙН ДНБ-НТЭЙ ТЭНЦЭНЭ”
Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болд:
-Монгол, Японы хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэнээр ямар үр дагуулна гэж харж байгаа вэ?
-Монгол Улсын хувьд дотоодын үйлдвэрлэл, экспортын өрсөлдөх чадвар, эдийн засгийн шингээх чадварыг тэлэх. Урт, дунд хугацаандаа эдийн засгийн бүтцийн төрөлжилтийг нэмэгдүүлэхээрээ чухал ач холбогдолтой. Өнөөдрийн/өчигдөр/ эдийн засгийн форумд Японы үндэстэн дамнасан томоохон корпорациудын төлөөлөл ирсэн байна. Эдгээр 40 орчим корпорацийн нэг жилд ногдох дэлхий дахинд хийж байгаа борлуулалтын хэмжээг авч үзэхэд 580-590 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Нэг жилийнх нь борлуулалт Монгол Улсын 55-60 жилийн ДНБ-тэй тэнцэнэ. Энэ бол Монголын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах таатай боломж.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руу орсон гэх мэдээлэл цацагдах болсон. Тодорхой мэдээлэл байна уу?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодитой мэдээлэл, цэвэр дүнг Монгол Улсын хэмжээнд нэгтгэж зарладаг байгууллага бол төв банк. Статистик мэдээллээс үзэхэд бодитой хийгдсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2011, 2012 оны төвшинд буюу дунджаар жилдээ 4.5 тэрбум ам.доллар байсан бол сүүлийн дунджаар ДНБ-ийн 40-45 хувь. 2013 онд энэ үзүүлэлт 17 хувь, 2014 онд 2 хувь, энэ оны эхний хагас жилд 1 хувьтай тэнцэх хэмжээнд байна.
Үндсэндээ 2015 он гарснаас хойшхи зургаан сарын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын эдийн засагт цэвэр дүнгээрээ 44 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Гэхдээ энэ үзүүлэлт тогтмол ийм төвшинд байна гэж ойлгож болохгүй. Хөрөнгө оруулалтын газрын мэдээллээр ирээдүйд Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн, хийнэ гэдгээ бүртгүүлсэн компанийн тоо өсөн нэмэгдэж байгаа юм билээ.
2016 оноос нөхцөл байдал илүү өөрчлөгдөж, одоогийн ДНБ-ийн 1 хэн хувьтай тэнцэж байгаа гадаадын хөрөнгө оруулалт дунд хугацаанд нийт эдийн засгийнхаа 10-20 хувьтай тэнцэж дунджаар жилдээ 2 тэрбум ам долларын гадаадын гшууд хөрөнгө оурулалт орж ирэх ёстой. Ийм орчин бүрдэх юм бол эдийн засгийн өсөлтийг 7-9 хувийн голчтой байлгах макро эдийн засгийн гадаад тэнцэврийн нөхцөл байдал бий болно.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ